ЦХОБА-ны харьяа Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын анги, Төв эмнэлэг, УБТЗ дахь Цагдаагийн газар хамтран галын тактикийн сургуулилалтыг Улаанбаатар татах хэсэгт зохион байгууллаа. Тус анги үзүүлэх, тархалтын, тактикийн гэсэн гурван үе шаттай сургуулилалтыг зохион байгуулдаг аж. Энэ удаагийн тактикийн сургуулилалт нь Улаанбаатар Татах хэсгийн шатах тослох материал ихтэй, эрсдэл өндөртэй орчинд хийж буйгаараа онцлог байлаа. Сургуулилалтыг Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн Гал унтраах ажлын удирдагч У.Ууганбаатар удирдав. Тэрбээр, “Манай албаны баталсан төлөвлөгөөний дагуу энэ сургуулилалтыг хийж байна. Цагийн байдал нь Татах хэсгийн түлшний агуулахад шатах тослох материал ил задгай асгарснаас галын эх үүсвэр гарч, байгууллагын туслах бүлгэм унтраах боломжгүй болсон гэж өгөгдсөн. Энэ сургалт нь гал унтраах бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Мөн болзошгүй осол, гал түймрийн үед тухайн байгууллагын галын сайн дурын бүлгэм хэрхэн ажиллах юм гэдэг уялдаа холбоог таниулах, галыг хохирол багатай унтраах мэдлэгийг олгох зорилготой юм” хэмээн тайлбарлав. Ингээд бэлтгэсэн цэгт Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийнхан гал тавьснаар сургуулилалт эхэллээ. Гарсан галыг эхлээд татах хэсгийн туслах бүлгэм унтраасан ч гал улам ихсэж, дэлбэрэлтийн улмаас нэг нь нэрвэгдлээ. Энэ үед дуудлагаар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн гал унтраах хоёр машин бүхий гал сөнөөгчид ирснээр галыг газар авхуулалгүй шуурхай унтраалаа. Үүний зэрэгцээ нэрвэгдсэн хүнд Төв эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлэн авч явлаа. Харин гал бүрэн унтарсны дараа цагдаагийн бие бүрэлдэхүүн буюу шинжээчийн баг гал юунаас болж гарсан тухай дүн шинжилгээг хийж ажиллав. Ийнхүү галын тактикийн сургалт олон хүнийг хамруулж, хурдан шуурхай болж өндөрлөлөө. Сургалтыг хөндлөнгөөс Татах хэсгийн ажилчид үзэж сонирхсон бөгөөд тэднээс гурван ажилтныг сонгон галын хор хэрхэн ашиглахыг зааж, гал унтраах туршилтыг хийлгэв. Энэ үеэр ЦХОБА-ны галын ахлах байцаагч Ц.Батбаатар “Тактикийн сургуулилалтыг ингэж бүрэн бүрэлдэхүүнээр хийж буй нь хэн ямар дарааллаар яаж ажиллах вэ гэдгийг та бүхэнд таниулах зорилготой. Гал гарахад анхан шатны арга хэмжээнд тухайн байгууллагын галын бүлгэм оролцоно. Бүлгэмийн ажилчид эхлээд цагийн байдлыг үнэлэх ёстой. Тэгээд зарлан мэдээлнэ, галаа унтраана, гал унтраах ангийг дуудна. Онцгой байдлын ангийнхан ирээд цагийн байдлаа тодорхойлж нэмэлт хүч, хэрэгслээ дуудна. Мөн эмнэлэг, цагдаа, бусад хүчний байгууллагууд ч ирнэ. Тактикийн сургуулийг ингэж өргөн хүрээнд хийснээр томоохон гамшиг ослын үед цагийн байдалд бодитой үнэлгээ, дүгнэлт өгдөг болно. Гал түймрийг тархан дэлгэрүүлэлгүйгээр хурдан хугацаанд унтраана. Ийм олон талын ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн сургалт маш амжилттай боллоо. Улаанбаатар татах хэсгийнхэнд болон хамтран оролцсон байгууллага, хамт олонд талархал илэрхийлье” гэв.
М.Наранболд
