УБТЗ ХНН-ийн өнөр хамт олон сар шинийн босгон дээр мэргэжлийн аваргууд, хөдөлмөрийн уралдааны манлайлагчдаа тодруулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр хөдөлмөрийн сайчуудаа тодруулан шагнаж урамшуулсан билээ. Уг баярын хурлын үеэр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн жил дэлхийн улс төр, эдийн засаг тогтворгүй, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлийн үнэ ханш унасан хүндхэн жил байсан ч замын удирдлагын зүгээс зөв, оновчтой шийдвэрийг шуурхай авч хэрэгжүүлж, төмөр замчид маань шургуу ажилласны үр дүнд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн шинэ дээд амжилтаа тогтоолоо. Мөн Ази, Европийн хооронд 3850 дамжин өнгөрөх чингэлэгийн гал тэрэг аялуулсан нь өмнөх оноос 700 галт тэргээр илүү байлаа. Түүнчлэн нийгэмлэгийн тээврийн орлого өмнөх оныхоос 16.5 хувь өсөж тээврийн үр ашиг улам бүр нэмэгдэж байгаа нь тээврийн тарифын индесжүүлэлтийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм. Нийгэмлэг зөвхөн тарифын индесжүүлэлтээс 2025 онд 39.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Ингэснээр тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөх, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний чанараа улам сайжруулах, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх санхүүгийн боломж дээшилж, дээрх чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүллээ. 16 мянган төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, сарын үр дүнгийн шагналын таван хувийг үндсэн цалинд шилжүүлснээр ажилтнуудын дундаж цалин 12.3 хувиар нэмэгдсэн. Мөн 2025 оны жилийн үр дүнгээр олгох шагналт цалинг 200 хувиар тооцож олголоо. Үүнээс гадна говийн нөхцөлд ажиллаж байгаа 4246 ажилтанд 5 тэрбум 215 сая төгрөгийн говийн нэмэгдэл, 1900 замчинд 6 тэрбум 605 сая төгрөгийн зам арчлалтын нэмэгдэл, хүүхэд асрах чөлөө авсан 2622 төмөр замчин ээжид нэг тэрбум 423 сая төгрөгийн тэтгэмж, зээлээр анх удаа орон сууц худалдан авч байгаа 70 ажилтанд тус бүрт 6 сая төгрөгийн дэмжлэг олголоо. Мөн УБТЗ-д тогтвортой ажилласны төлөө 2341 ажилтанд таван тэрбум 224 сая төгрөгийн шагнал олголоо. Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Багахангайд баригдаж байгаа орон сууцанд төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр хамруулах ажлыг зохион байгуулж байна” гэв.
Дараа нь Замын I орлогч дарга О.А.Казаков, МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг, Замын даргын зөвлөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлын үеэр “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр, засгийн болон нийгэмлэгийн шагналаар шагнагдсан төмөр замчдад Замын удирдлага шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Г.Энхбаатар

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.