Замын I орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. 17 дугаар долоо гологдолгүй ажиллажээ. Дутагдлын хувьд илчит тэрэг эвдэрч тусламж авсан зэрэг Зүтгүүрийн аж ахуйн албанд бүртгэгдсэн хоёр, Зорчигчийн вагон депогийн хашаан доторх гармаар сэлгээ хийх үед автомашин урдуур дайрч гарснаас яаралтай тоормос хийснээр Зорчигч тээврийн албанд бүртгэгдсэн нэг, зам дээр эд анги унах, чирэгдэх нөхцөл бүрдсэнээр Вагоны аж ахуйн албанд бүртгэгдсэн нэг, мөн зам дээр эд анги унах, чирэгдэх нөхцөл бүрдсэн, замын гэтэл гарсан зэрэг Замын аж ахуйн албанд бүртгэгдсэн хоёр, СИРДП-Е хэлтэст БАБС ажилласан нэг, зам дээр буга болон хүн байснаас яаралтай тоормос хийж бусдаар тооцогдсон хоёр, нийт есөн дутагдал гарчээ.
Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэг нэгжээр өсөж 17, дутагдал таван нэгжээр буурч 186 болсон байна. Гадны шалтгаантай буюу зам дээр хүн байснаас яаралтай тоормос хийлгэсэн тохиолдлыг бууруулах, хяналт тавих үүргийг холбогдох албадад өгсөн ч буурахгүй байгааг Замын ерөнхий инженер онцоллоо. Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 22 тохиолдол болоод байгаа аж. Тиймээс энэ талд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 23-ныг дуустал 11179.9 мянган тонн ачаа тээвэрлэж, 106 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 632.9, өмнөх оны мөн үеэс 975.8 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм.
Мөн хугацаанд 7880.4 мянган тонн ачаа ачиж, 103.5 хувиар биелүүлжээ. Харин долоо хоногийн төлөвлөгөөнөөс 22.2 мянган тонноор дутуу ачиж, 98.5 хувиар биелсэн байна.
Түүнчлэн, тайлант долоо хоногт 5476 вагон буулгаж, хоногт дунджаар 20 вагон дутуу буулгажээ. Энэ нь төлөвлөгөөг 97.5 хувиар биелүүлсэн үзүүлэлт аж.
Орон нутгийн 202300, транзит 111400, экспорт 240300, импорт 77500 тонн буюу нийт 631500 тонн ачаа тээвэрлэжээ.
“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 201вагон илүү буюу 4203, “Эрдэнэт” үйлдвэр 39 вагон илүү буюу 589 вагон тус тус ачсан бол “Шивээ-Овоо” ХК 24 вагон дутуу буюу 1912, “Шарын гол” ХК 932 вагон дутуу буюу 508 вагон ачжээ.
Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.78 байгаа нь төлөвлөгөөнөөс 0.48 км/цагаар, өмнөх долоо хоногоос 0.97 км/цагаар тус тус хурдсаж, 102.4 хувиар биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 19 галт тэрэг 1656 минут зогссон байна.
Галт тэрэгний дундаж жин Сайншанд өртөөний их засварын цонхны ажил, замын байдал хүндэрсэнтэй холбогдуулан Чойр-Айраг-Сайншанд чиглэлд дутуу жинтэй 38 галт тэрэг аялуулснаар буурч, тайлант долоо хоногт 3216.9 тонн буюу 95 хувиар биелжээ.
Зүтгүүрийн бүтээмж ч ачаа өнгөрүүлэлтээр зүтгүүрийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зурмагийн тасалдал /14 галт тэрэг 1566 минут зогссон/-аас шалтгаалан 1425.53 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 44.47, өмнөх долоо хоногоос 109.6 мянган бохир тонн/км-ээр буурсан байна.
Вагон эргэлтийг 4.7 хоногоор биелүүлж, төлөвлөгөөнөөс 0.2 хоногоор нэмэгдсэн байна.
Галт тэрэг солилцоо бүх талдаа өмнөх долоо хоногоос буурав. Тодруулбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 113 галт тэрэг /714 вагон/ хүлээн авч, 113 галт тэрэг /718.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.1 галт тэрэг болжээ.
Нарийн царигаар 51 галт тэрэг /398.1 вагон/ хүлээн авч, 51 галт тэрэг /396.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.2 галт тэрэг болов.
Сүхбаатар-Наушкиар 59 галт тэрэг /347.2 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /333 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.7-8.4 галт тэрэг солилцсон үзүүлэлттэй байна.
Тайлант долоо хоногт чингэлгийн 72 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос долоогоор дутуу, оны эхнээс нийт 1206 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 140 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.
Харин Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2254, импортын 756 чингэлэг шилжүүлэн ачиж, өмнөх долоо хоногоос транзитыг 42, импортыг 78 чингэлгээр нэмэгдүүлсэн байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 572 чингэлэг, 2716 вагон ачаа байгаа аж. Цаашид Эрээн өртөөнд долоо хоногийн гурван өдөрт нь тогтмол 17 галт тэрэг өгч байхаар тохиролцсоныг Тээвэр зохион байгуулалтын
Түүнчлэн, Замын аж ахуйн болон Дохиолол холбооны албаны дарга нар ажлаа танилцууллаа. Энэ оны зам шинэчлэлтийн ажил Сайншанд өртөөний гол замаас 22-нд эхэлсэн бол 29, 30-нд Замын-Үүд-1, 2 өртөөний замд үргэлжлэх ажээ. Дөрөвдүгээр сард нийт 76 цонхны ажил хийх бол өнөөгийн байдлаар 72 цонхны ажлыг хийсэн байна. Хаврын паспортын үзлэг албаны хэмжээнд 77 хувьтай үргэлжилж буйг З.Отгонтөр дарга танилцуулав. Харин паспортын үзлэгээс олон зүйл шалтгаалдаг учир чанартай хийхийг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга анхаарууллаа. Зам төмөр л цаг алдахгүй ирвэл Төмөр бетон дэрний үйлдвэр, Чулуун завод, Мод боловсруулах үйлдвэрийн ажил хэвийг явж байгаа аж. Тиймээс их засвартай холбоотой зам төмрийн худалдан авалт, нийлүүлэлтэд Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба өндөр анхаарал хандуулж, тулгарсан асуудал, аливаа нөхцөл байдлыг цаг тухай бүрт нь мэдэгдэж байхыг Замын I орлогч дарга үүрэг болгов. Мөн Олон-Овоо-Багахангай хооронд буталмал чулууг шуурхай тээвэрлэх үүргийг Замын аж ахуйн алба болон Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нарт өглөө.
Түүнчлэн, ачааны хагас вагон худалдан авах, эсвэл түрээслэх гэх мэт олон хувилбараар судлан үзэж, саналаа танилцуулах үүргийг холбогдох албадын дарга нарт өгсөн юм.
М.Наранболд
