Баянтүмэн тасгийн Замын VIII хэсгийг цахилгаан эрчим хүчинд холбох хүсэлтийг Замын даргын үзлэг бүрээр хөнддөг билээ. Орчин цагийн хөгжлөөс хол хоцроож байгаа энэхүү асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг ч Замын удирдлагаас гаргаж байсан юм. Тэгвэл энэ ажил өнгөрсөн долоо хоногт биелэлээ олжээ. Тодруулбал, Баянтүмэн тасгийн Замын VIII хэсгийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг Эрчим хүч, ус хангамжийн төвийнхөн амжилттай гүйцэтгэж өнгөрсөн долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Энэхүү үйл ажиллагаанд Их засвар, их барилга хариуцсан инженер Ө.Ууганжаргал, Их барилга, хөрөнгө оруулалтын албаны ерөнхий инженер Ш.Эрдэнэбулган тэргүүтэй удирдлагууд, Баянтүмэн тасгийн орлогч дарга бөгөөд ерөнхий инженер С.Батбадар нарын албаны хүмүүс оролцжээ. Ингэснээр тухайн хэсгийн ажилтнуудын тав тух, амьдралын нөхцөл сайжрах, ажлын байрны тогтвор суурьшил нэмэгдэх гээд олон давуу талтай юм.