2024 оны нэгдүгээр сарын 02-нд батлагдсан Замын даргын А/02 тоот тушаалын талаар Тээврийн хяналтын албаны байцаагч-диспетчир Э.Өнөрбаяраас тодрууллаа.
-Энэ онд Тээврийн хяналтын албанаас “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх арга хэмжээний тухай” Замын даргын А/02 тоот тушаалыг боловсруулж батлуулсан. Замын хэмжээнд хөдөлгөөнтэй холбоотой алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх замаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хангуулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд энэхүү тушаалын гол зорилго нь оршиж байгаа юм. Уг тушаал батлагдсанаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үнэн зөв гүйцэтгэж, эрсдэлийг бодитоор үнэлж хариу арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх үндэс суурь бүрдэнэ.“Е-норматив”-ын гүйцэтгэл, үр дүн, чанаржина. “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлууд илүү бодитой үр дүнгээ өгнө. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан шинэ санал, санаачилгууд, шинээр зохион байгуулсан ажлууд бодит ажил хэрэг болно. Үзлэг шалгалтаар илэрсэн үл тохирлуудыг арилгасан байдал, давтан гаргахгүй байхад чиглэсэн хариу арга хэмжээний үр дүн өснө. Техникийн сургалтын чанар, үр дүн, ажилтнуудын техникийн мэдлэгийн түвшин ахина. Замын даргын улирлын үзлэгийн дүн сайжирна. Замын мэргэжлийн ур чадвар сорих “Онц хөдөлгөөнчин” тэмцээний амжилтаар ажилтнуудын ур чадвар, мэдлэгийн түвшин дээшилнэ.Шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах ажил чанаржина. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтвортой хангаж гологдол, дутагдлын хэмжээг бууруулна гээд маш олон эерэг соёлууд бий болох юм.
-Тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд ямар ажлыг төлөвлөв?
-Нэн тэргүүнд 2023 нэгдүгээр сарын 2-ны А/02 тушаалын гуравдугаар хавсралт “УТБЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого”-ыг хүчингүй болголоо. Улмаар нэгдүгээр хавсралтаар “Аюулгүй байдлын соёлын ерөнхий ойлголт”, хоёрдугаар хавсралтаар “Аюулгүй байдлын соёлын өдрийг зохион байгуулах журам”, гуравдугаар хавсралтаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлын үлгэр жишээ байгууллага, хамт олныг шалгаруулах болзолт уралдааны удирдамж” тус тус батласан. Мөн өнөөдөр(нэгдүгээр сарын 9) бид Улаанбаатар зангилааны хэмжээнд А/02 тоот тушаалынхаа хүрээнд “Аюулгүй байдлын соёлын өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Цаашид бусад тулгуур өртөөдөд шат дараатайгаар зохион байгуулна.
-Аюулгүй байдлын өдөрлөгийн хүрээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулав ?
-Аюулгүй байдлын соёлын өдрөөр байгууллага бүрт илэрсэн үл тохирол, тэр дундаа хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа, дутагдлуудыг дүгнэн хэлэлцлээ. Мөн ажилтан байгууллагын удирдлага хооронд аюулгүй байдлын нээлттэй мэдээлэл солилцоо хэрхэн дамжуулагдаж, үл тохирлын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдал, хүрсэн үр дүнг хамтдаа дүгнэхийг зорьсон. Мөн УБТЗ-ын нийт ажилтнуудад аюулгүй байдлын соёлыг ойлгуулан таниулах, төлөвшүүлэх, сургалт, зааварчилгааны ажил зохион байгууллаа. Байгууллагын соёл нь байгууллагын дарга, удирдлагуудаас шууд хамааралтай байдаг учир “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” эхний алхам болох удирдлагын манлайллыг та бүхэн “Ган зам” сонины 2024 оны эхний дугаарт хэвлэгдсэн Замын даргын “Тэргүүн үг”-ээс харж болно. Түүнчлэн, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэнгийн удирдсан 2023 оны Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын селекторын зөвлөгөөнөөс Тээврийн хяналтын алба А/02 тушаалаар сургалт зохион байгуулах үүргийг өгсөн. Иймд бид хойд, төв, урд хэсэгт А/02 тушаалаар тэр дундаа Аюулгүй байдлын соёлын өдрийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах сургалт, зааварчилгаануудыг боловсруулж байна. Аюулгүй байдлын соёлын түвшинг үнэлж, дүгнэж эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажлуудыг төлөвлөн зохион байгуулснаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдал, үл тохирлууд буурна гэж үзэж байгаа.
-А/02 тоот тушаалын хүрээнд Замын хэмжээнд болзолт уралдаан зарладаг. Энэ жилийн болзолт уралдааны онцлог нь юу вэ?
-Хөдөлгөөний аюулгүй байдлын эерэг соёлыг түгээн дэлгэрүүлэх, сайжруулан төлөвшүүлэх, нийт ажилтнуудыг сэдэлжүүлэн урам зориг өгөх замаар Замын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдмэл соёлыг бий болгох зорилтын хүрээнд 2024 онд УБТЗ-ын галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой алба, хэлтэс, төв, тасаг тэдгээрийн харьяа салбар нэгжүүдийн хэмжээнд дараах 10 шалгуур үзүүлэлтээр болзолт уралдаан зарлалаа.2024 оны болзолт уралдаан нийт 12 сая төгрөгийн шагналын сантай. Уралдаан бүтэн жилийн хугацаанд үргэлжилж 2024 онд арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгох юм. Бүтэн жилийн турш уралдааны болзолыг хангаж ажилласан үзүүлэлтээрээ Тэргүүн байрт шалгарсан хамт олныг 4 сая төгрөг, дэд байрт шалгарсан хамт олныг 3 сая төгрөг, гутгаар байрт шалгарсан хамт олныг 2 сая төгрөгөөр, тусгай байрт шалгарсан хамт олныг 1 нэг сая төгрөгөөр тус тус урамшуулна. Мөн “Шилдэг алба, төв, хэлтэс, тасаг”-ийн хамт олон, “Аюулгүй байдлын соёлын манлайлагч ажилтан”-ыг тодруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагнах юм. Иймд нийт хөдөлгөөнчдөө болзолт уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Б.Дэлгэрхишиг