Зорчигч тээврийн төвийн дарга Д.Оюунзулаас шинэ үйлчилгээний талаар тодрууллаа.

 

-Эмэгтэй зорчигчдын аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Манай төвд эмэгтэй зорчигчдоос “Ганцаараа явж байгаа эмэгтэй хүнийг гурван эрэгтэй хүнтэй хамт явах тасалбар бичсэн байна. Би тав тухгүй аяллаа”  гэх зэрэг гомдол ганц хоёр удаа ирсэн. Бид ийм гомдлын мөрөөр судалгаа хийж үзлээ. Ганцаараа аялж буй эмэгтэй зорчигч их байдаг юм байна. Тиймээс бүх чиглэлийн галт тэрэгний тасалгаат болон люкс зэрэглэлийн вагоны гуравдугаар купейний тасалбарыг зөвхөн ганцаараа зорчиж байгаа эмэгтэй зорчигчдод бичих үйлчилгээг энэ сарын 18-наас нэвтрүүллээ. Шинэ үйлчилгээ маань эхний өдрөөсөө зорчигчдод таашаагдаж байна. Үүний тулд бид Мэдээлэл технологийн албатайгаа хамтраад программын өөрчлөлтийг хийсэн. Нэг вагоны хоёр купейг зөвхөн эмэгтэй зорчигчдод бичдэг үйлчилгээ РЖД-д байдаг юм билээ. Бид энэ үйлчилгээгээ цаашид эрэлттэй байвал купейний тоог нэмнэ гэж төлөвлөж байгаа.

Цаашдаа бид зорчигч үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд Мэдээлэл технологийн албатайгаа хамтраад нэг купейнд зөвхөн гадаад иргэд ч гэдэг юмуу эрэлт байвал шинэ шинэ үйлчилгээг нэвтрүүлээд явна гэж төлөвлөж байна.

-Мөн галт тэрэгний тасалбар худалдаалахыг сурталчилах ажлыг танайхаас эрчимтэй хийж байна. Энэ ажлын үр дүн хэр гарч байна вэ?

-Манай төвөөс тасалбарын онлайн худалдааг сурталчилах ажлыг үе шаттай хийдэг. Тухайлбал, шугам замын өртөө зөрлөгүүдээр энэ ажлыг хийж дууссан. Үүний үр дүнд орон нутгийн иргэдийн онлайн худалдаалалтын хувь нэмэгдэж байна. Хаанаас ч, хэдийд ч гар утаснаасаа тасалбар худалдан авч болно гэдгийг зорчигчид маань мэддэг, гар утасны аппликэйшн, киоск машин, мөн УБТЗ-ын лавлах үйлчилгээний 1900-1949 дугаарт хандах зэргээр тасалбар худалдан авдаг. Гэсэн хэдий ч энэ үйлчилгээг мэдээгүй сонсоогүй үйлчлүүлэгчид байгаа. Тиймээс бид энэ сарын 17-нд Дүнжингарав худалдааны төвд “Галт тэрэгний тасалбарын онлайн худалдан авалтыг сурталчилах өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус худалдааны төвөөр өдөрт дунджаар 1500-2000 хүн тогтмол үйлчлүүлдэг юм байна. Тухайн үед зорчигчдоос “Сандэй-2” худалдааны төв дээр энэ өдөрлөгөө зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ сарын 19-нд зохион байгууллаа.

-Нийт тасалбар борлуулалтын хэдэн хувь нь онлайн худалдаалалт байна вэ?

-Манай төвийн хэмжээнд авч үзвэл онлайн худалдаалалт 60 гаруй хувьд хүрсэн. Замын хэмжээнд авч үзвэл 50 гаруй хувьтай байна.   

Тасалбарын онлайн худалдаалалтын судалгааг өмнөх онуудын мөн үетэй харьцуулбал, 2017 онд 383, 2018 онд 1156, 2019 онд 101861, 2020 онд 279159, 2021 онд (Цар тахлаас шалтгаалан зорчигчийн галт тэрэгний аялал цуцлагдсан) 13777, 2022 онд 574762 тасалбар онлайнаар худалдаалсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 521386 тасалбар цахимаар борлуулагдсан.

 

Үүн дээр нэмээд бид УБТЗ тасалбар аппликэйшн дээр тасалбар буцаалтыг онлайнаар хийж эхлэх бэлтгэлийг хангаж байна. Уг үйлчилгээг ирэх сарын 1-нээс нэвтрүүлмэгц ард иргэд, зорчигчдод шинэ үйлчилгээг сурталчилах ажлыг шугам замд болон нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд зохион байгуулна гэж төлөвлөж байна.