Энэ сарын 13-нд УБТЗ ХНН БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус нийгэмлэг нь Монгол Улсад 28 дахь жилдээ хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, алслагдсан хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллага юм. Энэ удаад тус нийгэмлэг УБТЗ ХНН-тэй ийнхүү холбоо тогтоон улмаар ирэх жилээс Төв эмнэлгийн Хөдөлгөөнт оношилгооны төвийн эмч ажилтнуудтай хамтран төмөр зам дагуух орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр боллоо. Энэ нийгэмлэг нь Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчнөөр өвдсөн бага насны хүүхдүүдийг эмчлэхэд түлхүү анхаардаг аж.
Санамж бичигт УБТЗ-ыг төлөөлөн Замын даргын ажлын албаны дарга Сумъяадорж, БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн тэргүүн Гу Бён Сог нар гарын үсэг зурав.
