Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутгаар 16-18, зарим үед 24 метр секунд хүртэл шороон шуурга шуурлаа. Энэ үеэр Чойр өртөөний тэгш, сондгой талын зам сум, Шивээ-Овоо өртөөний уурхайн салбар зам болон 31 дүгээр зөрлөгийн А, Б паркийн зам элсэнд дарагджээ. Мөн 19-ний 12.00 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас тэгш чиглэлийн хоёр, сондгой чиглэлийн нэг галт тэрэгний машинч нар зогсох арга хэмжээ авсан байна. Энэ үед машинчид 50 хүртэл, замчдад 25 метрийн цаадах харагдахгүй болсон тухай Замын III ангийн орлогч дарга О.Бямбасүх ярьсан юм. Галт тэрэг 31 дүгээр зөрлөгт зогссон үед вагоны тэргэнцэр хооронд зам төмрийн толгойноос дээш дээд тал нь 120 см хүртэл элс хунгарласан байна. Тиймээс 18-ны 00.00 цагаас Замын III ангийн Г.Гансүх мастертай X хэсгийн 10, дунд засварын бригадын 12, нийт гурван ажил удирдагчтай замчид ГТХАБ-ыг хангахаар элс цэвэрлэсэн байна. Мөн гол замын 800, 803, 805 дугаар км-үүдийн 1-5 дугаар зуут элсэнд дарагдсаныг тус ангийн IX, XII хэсгээс 16 замчин мөн гурван ажил удирдагчтай ажиллаж хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Энэ мэтчилэн замчид Бямба гарагийн шөнө хүртэл 20 гаруй цаг ажиллан элс цэвэрлэж, замыг галт тэрэгний хөдөлгөөнд шуурхай нээсэн байна. Өнөөгийн байдлаар ус зайлуулах дөрвөн хоолой элсэнд битүү дарагдсан учир хоёр талын шанааг нь мал орохооргүй болгож хаагаад байгаа аж. Түүнчлэн, Замын IV ангийн элсний машиныг зам дээр ажиллуулж байгаа бол энэ сарын 24-26-нд Айраг-Бор-Өндөр хоорондын 1-8 дугаар км-т элс шуурсныг цэвэрлэхээр төлөвлөж буйгаа ангийн орлогч дарга мэдээллээ.