Төмөр замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Идэртэй цахим гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Цахим гэмт хэрэг сүүлийн үед өсөж байгаа. Ер нь цахим гэмт хэргийн нөхцөл шалтгаан юу байна вэ?
-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах гэмт хэрэг нь сүүлийн таван жилийн байдлаар их өсөлттэй байна. Улсын хэмжээнд 2025 онд цагдаагийн байгууллагад 47.480 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 16.906 буюу 35.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 2025 онд Улсын хэмжээнд 125 залилах гэмт хэрэгт 1162 иргэн хохирч, 54 тэрбум төгрөгөө алдсан байна. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар 40 залилах гэмт хэргийн улмаас 18.1 тэрбум төгрөгийг бусдад алдсан байна. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний гурван сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 31 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байсан бол 2026 оны эхний улирлын байдлаар нийт гэмт хэргийн 36.3 хувийг залилах гэмт хэрэг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна. Хохирогчийг хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж гэмт хэрэгтний үйлдэлд автуулж, төөрөгдөлд оруулсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгөх нь залилах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авах үйлдэл юм. Ковид 19 цар тахлаас хойш хүмүүс цахим орчинд бараа материал худалдан авах нь нэмэгдсэнээр залилан мэхлэх гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Ялангуяа фэйсбүүк, телеграмаар дамжуулан залилан мэхлэх гэмт хэргийг ихээр үйлдэж байна. Жишээлбэл фейсбүүкээр KFC, Pizza hut-ийн нэрийг ашиглан хуурамч захиалга авах веб сайт бэлтгэж төлбөр төлөх хэсгээр дамжин арилжааны банкны нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдаж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах залилан, хуурамч пейж хуудас ашиглан лайв бичлэгээр “Хусдаг сугалаа”, “Хаш чулуу”, “Мяньмарын үнэт чулуу”, “Алт, үнэт эдлэл”-ийн сугалаа явуулж азтан шалгаруулах халхавчаар үйлдэж байгаа залилан, телеграммаар даалгавар биелүүлэх залиланд бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар, тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар, өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар зэрэг залилах гэмт хэрэгт иргэд ихээр өртөж хохирч байна. Иймд манай төмөр замчид интернэтээр худалдан авалт хийж, цахимаар захиалга хийхдээ тухайн байгууллагын албан ёсны пэйж болон веб хуудас нь мөн үү, биш үү гэдгийг нь сайтар нягталж шалгасны үндсэн дээр мөнгө шилжүүлэх захиалга өгөх, хэн нэгнээс чатаар мөнгө зээлээч гэсэн бол заавал тэр хүнтэй утсаар ярьж баталгаажуулсны үндсэн дээр мөнгө шилжүүлэх, таны телеграмм хаягт ирсэн ажлын зар, найдвартай мөнгөө өсгөх гэх мэт залилах үйлдэлд автахгүй байхыг хүсэж байна.
Цагдаагийн байгууллагаас шалгаад үзэхэд залилах гэмт хэргийн ард нэг хүн байдаггүй, цаанаа зохион байгуулалттай бүлэг этгээдүүд байдаг. Нэг хэсэг нь тухайн хохирогчийн дансны мэдээллийг судалж, нууц код руу нь нэвтэрдэг бол нөгөө хэсэг нь хохирогчийг хууран мэхэлж, ухуулан сэнхрүүлэх ажлыг хийдэг. Мөн иргэд тухайн залилагч этгээдийн дансны эзэмшигчийг бариад авбал мөнгөө буцаагаад авчихна гэсэн буруу ойлголттой байдаг. Залилагч этгээдүүд хэзээ ч өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ дансыг ашигладаггүй, дандаа бусдын дансыг ашигласан байдаг шүү.
-Эдгээр залилан мэхлэгчид гэмт хэргээ хаана байршиж үйлдэж байна вэ?
-Цахимаар залилан мэхлэх гэмт хэргийг ихэвчлэн Монгол Улсад гэхээсээ илүү гадаад улсаас, хилийн хяналтгүй оффшор бүсээс хийж байна. Тэнд ямар нэгэн хууль үйлчилдэггүй учраас монголчууд гадныхантай нийлж, эх орон нэгтнүүдээ хохироож байна. Яг үүнийг дуурайгаад Монгол Улсад хэд хэдэн бүлэг хүмүүс зохион байгуулалтад орж, залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж байна.
-Заримдаа мөнгө авах гээд АТМ дээр зогсож байхад “Та надад туслаач би картаа орхичиож. Танд би бэлэн мөнгө өгье. Энэ мөнгийг тэр данс руу шилжүүлээд өгөөч гэх тохиолдол гардаг. Тэгвэл энэ залилангийн нэг хэлбэр гэсэн үг үү?
-Тийм ээ, та анзаарсан бол АТМ-ын гадна талд юүдэнтэй цамц, саравчтай малгай, нүдний шил, маск зүүчихсэн хүн хүүхэд залуус болон ахмад настай хүнийг олзолж “Би банкны картаа орхичихсон байна, надад картаа нэг ашиглуулаад өгөөч, мөнгө шилжүүлэх гэсэн юм, би шанд нь 20 мянган төгрөг өгье” гээд хууль бус мөнгөө цааш нь дамжуулах юм уу, эсвэл тухайн хүний дансны мэдээллийг олж авах, дансанд дахь мөнгийг өөр рүүгээ шилжүүлж авах тохиолдол нэлээд гардаг.
-Одоо хэрэг илрүүлэлт ер нь ямар хэд түвшинд байна вэ? Тэр гадаадад байгаа бүлэглэлийг илрүүлж, хохирлыг барагдуулах нөхцөл боломж хэр байна вэ?
-Залилан мэхлэх гэмт хэргийг бүлэг зохион байгуулалтад орж, олон удаа үйлдсэн байж болзошгүй 65 бүлгийн 385 этгээдийг цагдаагийн байгууллагаас олж, тодорхойлон, тэдгээрийн үйл ажиллагаа, хөдөлгөөнд хяналт тавин ажилласнаар энэ төрлийн гэмт гэмт хэргийг тогтмол үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон сэжиг бүхий 35 бүлгийн 127 этгээдийг баримтжуулан дайчлан баривчилж, 1026 хэргийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаад байна. Цагдаагийн байгууллагаас юуны түрүүнд гэмт этгээдүүдийг дайчлан баривчилж, тухайн этгээдийн нэр дээр байгаа эд хөрөнгийг шалгаж үзсэний үндсэн дээр битүүмжлэх ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг.
-Тэгэхээр Монгол Улсын ялын бодлогын хувьд ямар байдаг вэ?
-Ялын бодлогын хувьд Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн хүнд 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Харин энэ гэмт хэргийг дахин үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар албан тушаалын байдлаа ашиглаж, эсвэл бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Харин 3-аас дээш удаа байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, олон шатлалт маркетинг пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн буюу бидний нэрлэж заншсанаар сүлжээний залилангийн аргаар, зохион байгуулалттайгаар үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
-Манай улс Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполтой их холбоотой ажилладаг. Энэ төрлийн гэмт бүлэглэлүүдийг илрүүлэхэд хэр хамтарч ажилладаг вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн хаана байгаа газрыг олж тогтоон Интерполын үндэсний төв товчооны ажлын албаар уламжлуулан Монгол Улсад авчрах ажлыг зохион байгуулж ажилладаг.
-Манай төмөр замчид харьцангуй өндөр цалинтай. Бүгд нэг хонхорт бөөнөөрөө байдаг учраас хоорондоо сүлжээнд орох, залиланд өртөх магадлал өндөр байх шиг санагддаг?
-Тиймээ, төмөр замын ажилчдаас залилан үрийн аргаар олж, төөрөлдүүлдэг болоод байна. Иймд та мөнгө шилжүүлж, бараа худалдан авч байгаа бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Би ямар сайтаас, ямар онлайн дэлгүүрээс худалдаа хийж байгаа билээ гэдгээ нягталж үзсэний дараа мөнгөө шилжүүлээрэй. мэхлэх, цахим гэмт хэрэгт холбогдож, хохирсон иргэд манай цагдаагийн газарт ирж өргөдөл, гомдлоо гаргадаг. Тухайн өргөдөл, гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад төмөр замын ажилтнууд ихэвчлэн телеграмм залиланд өртөж хохирсон байдаг. Телеграмм нь таныг хүсээгүй байхад таны хаягт янз бүрийн цахим луйврын аппликейшн шууд ороод ирдэг. Тэд ажлын зар санал болгох юм уу, даалгавар биелүүлж мөнгө авах санал тавьж эхний ээлжид танд бага зэргийн мөнгө өгч тархийг угааснаар цаашид улам их мөнгө олж болох юм байна гэсэн итгэлийг төрүүлэн дараагийн ахисан шатны даалгавар биелүүлэх нэрийдлээр таны мөнгийг авч залилдаг.
-Хэрэв цахим залилан мэхлэх гэмт хэрэгт өртвөл яах вэ?
-Юуны түрүүнд яаралтай цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдсэнээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай таныг холбож тухайн мөнгө шилжүүлсэн арилжааны банкны дансанд шилжүүлсэн мөнгө чинь байгаа эсэхийг шалган түр барилт хийж таны харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдлын дагуу тухайн дансны шилжилт хөдөлгөөний хязгаарлуулах саналыг мөрдөгч прокурорт гарган прокурорын тогтоол гарснаар дансанд хязгаарлалт тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар та мөнгөө буцааж авах, хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой болно гэсэн үг. Залилагч этгээдүүд таны шилжүүлсэн мөнгийг өөр данс руу шилжүүлдэг учраас хурдан хугацаанд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Ганц таныг биш олон хүнийг залилсан байдаг тул энэ хэрээр олон хохирогчтой, хохирлын хэмжээ өндөр байдаг.
-Цахим залилангаас гадна сүүлийн үед цахим мөрийтэй тоглоом их боллоо. Одоо автобусан дотор хүмүүс дан л тоглож байгаа харагдах юм?
-Тийм ээ, залуучууд ер хашрахгүй юм. Цаад талд нь хэн байгаа, хэдэн хүн байгааг мэдэхгүй байж л тоглоод байх юм. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахимаар тоглоно гэдэг нь та хэн нэгэнд залилуулж байна гэсэн үг. Бас л хэдэн хүн бүлэг зохион байгуулалтад орж таныг тоглуулан өнөөдөр та хожоод мөнгө олсон бол маргааш, нөгөөдөр алдаж мөнгөө өгөх ажлыг зохион байгуулж байна гэсэн үг.
-За та ярилцлагын төгсгөлд төмөр замчдадаа хандаж сэрэмжлүүлж хэлэх зүйл юу байна вэ?
-Фэйсбүүкийн сугалааны лайв таарвал бүү оролцоорой. Ер нь хялбар аргаар мөнгө олох ямарч арга байдаггүй юм шүү. Сугалаанд хожил гэж байдаггүй. Тиймээс сугалаанд бүү оролцоорой. Жишээ нь: “Та 30 сая төгрөгийн азтан боллоо. Баяр хүргэе. Та энэ мөнгийг авахын тулд Монгол Улсын Татварын хуулийн дагуу 10 хувийн шимтгэлийг эхэлж шилжүүлэх ёстой” гэж танд итгүүлэн 3 сая төгрөгийг шилжүүлэн авч таныг залилдаг байна шүү. Залилан мэхлэгчдийн арга улам л нарийсаад хүний итгэл үнэмшлийг янз “Цөөхөн бараа үлдлээ. Хямдрал дууслаа. Та одоо захиалбал тэдэн хувиар хямдралтай авах боломжтой” гэх мэтээр хүмүүсийг яаруулж залилан мэхлэх болсон. Төмөр замын цагдаагийн газраас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор залилах гэмт хэргийн талаарх видео шторкуудыг байгууллагуудын фэйсбүүк группэд байршуулах, галт тэргээр зорчин яваа зорчигчдод яриа таниулга хийх, зурагт хуудас тараах, байгууллагад биечлэн очиж сургалт орох ажлыг зохион байгуулж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Г.ЭНХБААТАР
