Өнгөрсөн сард “Монгол хүлгийн шинжийг судлан дүрслэх нь” сэдвээр урлаг судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Зураг, дизайны багш Энхтайваны Гансүхтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.  

 

-Та монголчуудын өв соёлын салшгүй хэсэг болсон адууны соёлын талаар сонирхолтой сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Энэ сэдвийг яагаад сонгох болов?

 

-Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэж байхад хурдан морины уяан дээрх морьдыг сайхан зурсан харагддаг. Яг сайн ажиглавал хурдан морь биш дандаа гүү маягийн хэлбэртэй ч юм уу, эсвэл зүгээр л уналгын морины хэв шинжтэй адууг давамгайлж дүрсэлсэн байдаг. Үүнийг морь мэддэг уяачид их шоолдог. Энэ нь нэг талаас гэрэл зураг хөгжсөн, нөгөө талаас гэрэл зургаас хуулж зурахдаа нөгөө мориныхоо анатомийг сайн мэдэхгүйтэй холбоотой. Иймээс монголын хурдан хүлгийн хэв шинж ямар байна вэ гэдгийг би судалж эхэлсэн. Гэтэл энэ судалгаанд суурь болгочихмоор шинжлэх ухааны бүтээл ховор юм. Харин уламжлалт талаасаа төөрөлдчихмөөр маш их олон мэдээлэл, материал байсан. Учир нь олон уяачийн яриа хөөрөө, бас мэдэх мэдэхгүй олон судлаачдын бие биеийнхээ номноос иш татаж бичсэн нь их бага хэмжээгээр гуйвуулагдаж орсон байдаг. Тэгээд яг аль нь жинхэнэ үнэн эх баримт болох вэ гэдгээс судалгаагаа эхэлсэн. Судалгааныхаа явцад сүүлийн 300 орчим жилийн хугацаанд монгол бичгээр бичигдсэн 46 судрыг олж илрүүлсэн. Эртний үг хэллэгтэй тэдгээр судрыг  орчин цагийн монгол хэл бичигт дахин сэргээж, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан. Эдгээр сударт хурдан морийг шинжиж танихаас авахуулаад уяж сойх, хаана ямар газар уях, наадам дууссаны дараа уяагаа яаж тавих, морио яаж өвөлжүүлэх, яаж эмчилж анагаах, хэрхэн хатгаж ханах гэх мэт маш их зүйлс байна. Эдгээрээс манай дүрслэх урлагт хамаарах хурдан морины гадаад шинж, галбир төрхтэй холбоог шүүж үзэхэд хурдан хүлгийн 180 шинжийг дүрсэлсэн нэрс давхцалгүйгээр гарч ирсэн. Үүнийг нэг бүрчлэн судалж шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь миний судалгааны ажлын гол зорилго байсан.

 

-Эдгээр 180 нэршилд  урьд нь огт сонсож байгаагүй нэршлүүд байх юм уу?

 

-Байлгүй яахав. Маш олон байна. Тэр бүхнийг тайлбарлаад бичихэд бас дахиад нэг шинжлэх ухааны том судалгааны ажил болохоор байгаа. Жишээ нь, “Бор тураг”-ийн, “Тогоруу”-ны, “Бүдүүн хүлэг”-ийн гэх мэт тодорхой шинжээс гадна ”Дурт айзам”, “Саналай хар”, Хар духны”, “Харьлаг язгуур”, “Хан язгуурт”, “Бирманы язгуурт” гэх мэт өвөрмөц нэршилтэй шинжүүд олон гарч ирсэн. Эдгээрээс Нарихуа хүлгийн шинж” гэсэн нэгэн содон нэршлийг олж тайлах гэж олон судраас хайсан. Тэгэж тэгэж нэг  эх бичиг дотроос Нарийн” гэсэн утгатай үг болохыг олж мэдсэн.

Данжуурын сударт тэмдэглэсэн “Хан хүлэг”-ийн шинжийг дүрслэлээр нь дүйцүүлээд үзэхээр монгол судрууд дахь “Тэнгэрийн орны хүлэг”-ийн шинжтэй яг тохирч байдаг.

Энэ бүх нэршлийг судлаад үзэхээр Монголчууд морь шинжихдээ нэгдүгээрт хүлгийн шинжээр, хоёрдугаарт язгуур шинжээр, гуравдугаарт орны шинжээр ялгадаг байжээ.

Орны шинжийг  тэнгэрийн, завсрын, газрын орон гэж гурав хуваасан байна. Эх сурвалжуудад тэнгэрийн орон гэдэгт адууныхаа толгойн хэв шинжийг оруулсан байна. Ийм шинжтэй адууны толгой нь алс тэнгэрийн хаяа ширтэж байгаа мэт дээшээгээ өлгөр байдаг гэнэ.

Газрын орны шинжтэй адуу нь газар үнэрлэж байгаа юм шиг бөхийж, тонгойсон хэлбэртэй байдаг бол завсрын орны шинжтэй адуу нь тэгшдүү хэлбэртэй байдаг гэнэ. Тэгээд үүнээс цаашаа нөгөө нэрлэж байгаа амьтныхаа язгуур дүрстэй нь дүйцүүлж ялгаж салгаад шинжиж, нэрлээд явсан нэршлүүд байдаг.

 

-Хүлгийн шинжийг яг зурж, дүрсэлж үлдээсэн судар хэр олон байдаг вэ?

 

- Яг зурж, дүрсэлсэн судар байхгүй. Харин дүрслэн бичсэн байна. Тэдгээрийг уншихад ер нь сайхан дүрслэл гарч ирнэ шүү. Харин зарим судар дээр ганц нэг морины зураг байдаг нь хануур хатгуурт зориулж морины хатгуурын цэгийг тэмдэглэсэн байдаг.

Харин сударт тэмдэглэснийг тайлж, дүрслэн зурсан эртний хурдан морины зураг гэвэл Насанчир гуайн зурсан Хардал бэйс жанжин, Өвгөн ноёны шандаст хурдан зургаан хүлгийн зураг байна. Энэ бол жинхэнэ хүлгийн шинжийн зураг юм.

 

-Хүлгийн шинжийг хамгийн эрт ямар сударт тэмдэглэсэн байдаг вэ?

 

-Эрдэмтэн Э.Лувсанбалдан гуай 1989 онд бичсэн Хүлгийн шинж номынхоо оршилд “Хурдан морины судрууд Данжуураас эхтэйгэж бичсэн байдаг. Би Данжуурын 219 дүгээр боть буюу Морины шастирыг уншаад монгол судруудад тэмдэглэсэн зүйлс нь яагаад ч Даанжуураас эхтэй биш. Учир нь Даанжуурын гуравны нэг хэсэг нь үлгэр туульс байдаг. Тэдгээрт морь яаж бүтсэн тухай нэг үлгэр бий. Түүний эхэнд нэгэн хаан хүний унасан морины тухай, дараа нь нэг баатар хүний унасан морины тухай хальт дурдаад дараа нь бэлгэдлийн зүсний талаар товч өгүүлээд цаашаа 50 орчим хувьд нь тэр чигээрээ адууны эмчилгээний тухай, хануур, хатгуур  төөнүүрийн тухай өгүүлсэн байдаг.

Тэгвэл монгол судруудад шал ондоо зүйлсийг өгүүлсэн байдаг. Газар орноо яаж шинждэг, ямар газар ямар хүлэг төрдөг, ямар газар морь уядаг, ямар гүүнээс ямар унага төрдөг, ямар азарга гүү хоёрыг нийлүүлэхээр ямар хүлэг төрдөг тухай өгүүлдэг. Тэгээд хүлэг морио сайн уралдуулах уяа сойлгоны талаар бичсэн байдаг. Жишээ нь, нэг дэх хоногт морийг тэгж зогсоо, хоёр дахь хоногт нь тэгэж алхуул, гурав дахь хоногт тэгэж гишгүүл, дөрөв дэх хоногоос тэгэж давхиул гээд нэг бүрчлэн яс заасан байдаг. Цаашилбал, 40-60 хоногийн уяаг нэг бүрчлэн заасан монгол судар цөөнгүй бий.

 

-Та эдгээр 46 судрыг хайж олоход их хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсан нь тодорхой?

 

-Тийм ээ. Тэр 46 судрын эхний 26 судар нь Э.Лувсанбалдан гуайн “Хүлгийн шинж” гэдэг номонд тэмдэглэгдсэн байсан. Тэр 26 судрын 16 судар нь өмнө нь Э.Лувсанбалдан гуайн бичсэн “Морины шинж” хэмээх анхны галиг номонд орсон байсан. Тэр галигласан судраас хөөгөөд хаана, хэнд, өөр ямар судар байна вэ гээд хайж сураглаж эхэлсэн. Ингэх явцад энд, тэндээс олон судар гарч ирсэн. Эдгээрийг нь очиж үзээд зургийг нь авч, хөрвүүлж эхэлсэн.

 

 

-Барагтай хүн өөрийнхөө хар авдарт байгаа үнэт судраа гаргаад дэлгэж үзүүлэхгүй дээ?

 

-Ер нь Монголчууд морины судрыг бусдад үзүүлдэггүй. Энэ нь нэгдүгээрт, морины уяа гутдаг, морь хутга суудаг гэж цээрлэдэгтэй холбоотой. Хоёрдугаарт, хурд заяахаа болино гэж үздэг. Манай Монголчууд ийм их сүсэг бишрэлтэй учраас судраа хүнд үзүүлдэггүй. Тэгэхээр би тэдэнтэй монгол хүний арга ухаанаар л ярьж эхэлнэ дээ. Сайн морины тухай дотно яриа өрнүүлж, аажуу уужуу ойртсоор байтал аандаа тэд судраа гаргаад үзүүлнэ. Учир шалтгаанаа маш сайн ойлгуулж, аман тохироо хийж, зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай тайлбарлан таниулж, хууль журмын дагуу судалгааны бүтээлдээ нэр, усыг нь дурдаж, ишлэл зүүлт хэлбэрээр  судалгаандаа ашиглана гэхээр манай мориныхон нэг их дургүйцээд байдаггүй юм.

Ихэнх судрын нүүрэн дээр “Нууцын нууц” гэж бичсэн байдаг. Энэ бол хүлгийн шинжийн судар нь ургийн урагт дамждаг, зөвхөн багш шавийн хооронд өвлөгддөгтэй холбоотой болов уу. Ахмад уяач, судлаачдын хэлж байх нь “Амнаас чихэнд” гэсэн үгс сонсогддог. Энэ бол судрийг хэзээ ч хуулж бичүүлдэггүй, зөвхөн уншиж тогтоолгодог байсных юм. Удам дамжсан судрыг өөрийн гарын шавь юм уу, удмын хүүхдүүд, эсвэл өөрийнх нь морийг уяж байгаа моринд дуртай хүүхдэд уншиж өгдөг байна. Ингэж чихээр сонссоноо толгойдоо хэр тогтоосноор л цаашдаа хэр сайн уяач болох нь мэдэгддэг. Энд л манай монгол уяач нарын эрдэм чадал, адис жанлав нь оршдог болов уу.

 

-Тэр олон судруудыг харж байхад аль зүгийн судар давамгай байх юм?

 

-Анзаараад байхад Монгол орны хээр талын бүсэд тохируулсан маягаар бичигдсэн судар олон байна. Говийн хувьд Догшин ноён хутагтын бичсэн нэг судар байдаг.  Ховдоос  нэг судар олдсон. Ерөнхийдөө Алтай, Хангайн нутагт хурдан морины соёл бага хөгжсөн юм болов уу. Харин ачлага уналгын морины соёл байгаа шүү.

 

-Таны судалгааны явцад урьд нь огт мэдэгдээгүй, цоо шинээр гарч ирсэн судар байсан уу?

 

-Байгаа. Миний судалгаанд урьд өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гурван судар байгаа. Нэгийг нь Өвөр Монголоос олсон. Тэр судар монгол бичгээр найман боть бичигдсэн байна лээ. Харамсалтай нь нүүрэн талын хуудас нь байгаагүй. Нөгөөх нь Ханд вангийн өргөөний судар байна. Гурав дахь нь Заяын хүрээнээс олдсон судар. Эдгээр гурван судрыг бүрэн эхээр нь кирилл бичигт буулгасан. Дээр нь Данжуурын 219 дүгээр боть буюу морины шастирыг кирилл бичигт шинээр буулгаж, нийтдээ дөрвөн судрыг шинээр шинжлэх ухааны эргэлтэд оруулж байна.

Сүүлд босоо цаасан дээр монгол бичгээр бичигдсэн хоёр судар олсон. Ийм босоо судар нь нэг талдаа уяач хүнд авч явахад хялбар, нөгөө талдаа номын толгой дээш хардаг нь сайн.  Морины соёл бол монголчуудын эрхмийн дээд эрхэм соёл учраас айл болгоны бурханы дэргэд эмээл, хазаар байдаг. Тэгэхээр эртний эх сурвалж, судрууд шинээр олдох магадлал өндөр бий. Дөнгөж саяхан хүлгийн шинжийн 47 дахь судар олдлоо. Германы монголч эрдэмтэн утасдаж, өөрт олдсон хүлгийн шинжийн судраа кирилл бичигт хөрвүүлээд латинаар галиглаад өгөөч гэж хүссэн.

 

-Ингэж хөрвүүлэхэд төвөгтэй зүйл юу байх вэ?

 

-Байлгүй яахав. Хуучны хэллэгийг орчин цагийн монгол хэл рүү буулгах маш хэцүү. Жишээ нь, би “Алимад гэдэг үгийн утгыг тайлах маш их төөрсөн. Нөгөө судруудаа олон дахин уншаад байхад гэнэт өнөөх үгийн тайлал гараад ирсэн. Тэгтэл энэ үг бол орчин цагийн монгол хэлэнд “Аль, аливаа” гэсэн утгатай байсан.

 

-Хурдан хүлгийн гадна шинж ингээд тодорхой болсон юм байна. Бусад шинжийн хувьд юу байх вэ?

 

-Тийм ээ, хурдан хүлгийн 180 гадна шинжээс гадна дотоод шинж, нууцын шинж гэж бас бий. Эдгээр шинж нь дотоод эд эрхтэнээс өгсүүлээд шүд ам руугаа ороод явчихсан байдаг.

 

-Дүрсэлж бичсэнийг бодит зураг болгоход өөрийн гэсэн өвөрмөц арга хэрэгтэй биз?

 

-Судар номд дүрсэлж өгүүлснийг цаасан дээр зургаар буулгана гэдэг бол яг шинээр зурж байгаатай адилхан байдаг. Ингэж зурахын тулд эхлээд судраасаа дүрсэлсэн үгийг давхцалаар нь түүвэрлэж эх өгүүлбэрээ зохионо. Тэгээд зохиосон эх өгүүлбэрээсээ хурдан морины ерөнхий дундаж тодорхойлолтыг гаргаж ирээд тодорхойлолтынхоо дагуу зурж эхэлдэг. Ингэж зурахдаа эхлээд Хүннүгийн үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдэд дүрслэгдсэн хурдан морь болоод хүлгийн зураг дүрслэл дээр өнөөх гаргаж ирсэн тодорхойлолтын хэв шинж таарч байна уу, үгүй гэдгийг харьцуулж үзсэн. Дараа нь 1924 оноос хойших өнгөрсөн 100 жилийн хугацаанд авагдсан Улсын баяр наадамд болон бүсийн наадамд түрүүлж, айрагдсан дээд гурван насны морьдын 10 гаруй мянган гэрэл зурагт судалгаа хийж, харьцуулж үзсэн. Энэ бүх судалгаагаа сегментээр нь хуваагаад үзэхэд монголын хурдан морины ерөнхий есөн хэлбэр төрх гарч ирсэн. Энэ есөн хэлбэр төрх нь цаашаа сегментлэгдэж хуваагддаг болохыг тодорхойлсон. Энэ тодорхойлолт дээр үндэслэж есөн хэв шинжийн мориныхоо хэлбэрийг гаргаж цацлын есөн нүд шиг байрлуулж зураад яг голд нь дээрх есөн шинжийн морины шинжийг хураангуйлаад тэгш буюу тэгшдүү хэв шинжтэй хүлэг морины дүрсийг оруулж зурсан. Ингэж дүрсэлж зурснаар бусад хэв шинжүүд үүнээс задарч хөгждөг юм байна гэдгийг харуулахыг зорьсон.

 

-Манай зураачид хэзээний л хурдан морь зурдаг улс. Тэр олон зургаас яг хурдан морины бодит энэ хэв шинжид ойртуулсан зураг гэж байх юм уу?

 

-Манай зураачид эр, эмгүй морь зурдаг улс. Бүгд л морины баримал барьж, сийлбэр хийдэг. Харин тэдгээрийг нэг форматад оруулж, судалгаа хийгээд үзэхээр хэв шинж, хэлбэр дүрсүүд нь ялгарч харагддаг. Гэхдээ тэд яг өөрийнхөө сайн мэддэг унаган адуунаас юм уу, эсвэл нутгийнхаа хурдан хүлгүүдээс сонгож зурж, дүрсэлсэн байдаг.

Нөгөө талаас судар дээр ч гэсэн тухайн орон нутгийн онцлогтой уялдаад хэв шинжийн нэршлийн ялгаа гарч  ирдэг. Жишээ нь, нэг судар дээр тэмээн шинжтэй хүлэг гээд бичсэн байхад, нөгөө судар дээр хандгай шинжтэй морь гээд бичсэн байдаг. Ингэж нэршлээрээ хоёр өөр морины тухай өгүүлсэн хэрнээ яг дүрслэн бичсэн агуулга нь нэг л морины шинжийн тухай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл хангайд тэмээ байхгүй, тэгэхээр аварга том морийг хандгай шинжтэй гэж дүрсэлсэн бол говьд хандгай байхгүй болохоор тэмээн шинжтэй гэж тодорхойлох жишээтэй. Алдарт Буган халиун, Хандгай хүрэн гээд хүлгүүд бол хангай газрын алдартай хурд шүү дээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд алдарт уяач М.Данзанням гуайн хээр морийг таван ханатай гэрт багтаж эргэмгүй том биетэй гэж эх сурвалжид бичсэн байдаг. Тэгэхээр тэр морь ямар хэмжээний том биетэй адуу байсан бэ гэдэг нь бараг нүдэнд харагдаж байгаа биз. Ер нь дээхэн үед Монголд их өндөр, дориун том биетэй адуу их байсан юм билээ. Дэлхийн II дайны үед том биетэй адуугаа сорчилж Орос руу олноор нь гаргаснаас болж давжаарсан гэж зарим судлаач үздэг. Ер нь адууг байнга селекцид оруулахад буруудах зүйлгүй гэж би хувьдаа боддог. Сүүлийн үед монгол адууны бие эргээд томорч байгаа шүү.  

 

-Та эрдмийн ажлын судалгааныхаа хүрээнд сүүлийн 10 гаруй жилд олон морь шинжээч, судлаач, уяачидтай уулзсан нь тодорхой. Мэдээж маш сонин содон түүх их л сонссон байж таарна. Заh зухаас нь хуучлаач?

 

-Миний эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл бол Монголын сайхан хүмүүсийн, олон сайхан хөх уяачдын үг сургаалиас бүтсэн судалгааны ажил шүү дээ. Энэ бол Монголын эртний өв соёлыг орчин үеийн шинжлэх ухааны үг хэллэг, хэлбэр рүү шилжүүлж байгаа нэг арга, аргачлал юм.

Манай нагац талын эрчүүд бүгд морь уядаг, сайн уяач нар байдаг. Авгын талд ч гэсэн дээд талдаа Дундговь аймгийн Дэрэнгийн Лайцаг гэж уяач байсан. Энэ бүхнээс удамшаад надад морь таних чадвар бага зэрэг залгасан болов уу. Уяач ах нар, тэдний найз нар болон бусад морины багш нартай танилцаж явсаар олон хүнтэй уулзаж нөхөрлөжээ. Монгол адуу нийгэмлэгийн Дамдинжавын Даваа, Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү гээд л нэрлэвэл олон ах нар байна. Сүүлийн  үе рүү бол Батчулуун,  Батлзий ах нараас их зүйл сонсож, туршлага судалсан.  Тэднийхээ буянаар ингэж эрдэм номын судалгааны ажлыг хийж чадлаа.

Би эрдмийн ажлынхаа чанарын судалгааг тод манлай уяач Д.Даваахүү, тод манлай уяач Онон ах нарын  морьд дээр түшиглэж хийсэн. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүнд гарсан хүлгийн шинжүүдийг алдартай хурдан хүлэг морьтой дүйцэж, тэнцэж байна уу, үгүй юу гэдгийг харьцуулж судалсан гэсэн үг.

 

-Тэгэхээр таны хувьд хурдан хүлгийн хэв шинжийг төгс агуулсан ямар морь байна вэ?

 

-Миний хувьд хамгийн дөхөж очсон адуу бол М.Данзанням гуайн хээр морийг л нэрлэнэ дээ. Дараа нь Доржсүрэнгийн хүрэн морийг нэрлэнэ. Эдгээр морьд аварга хийцтэй, аргагүй хурдан морины шинжийг төгс агуулсан хурд даа.  

 

-Таны энэ судалгаа зөвхөн уламжлалт өв соёл дэлгэрүүлэхэд төдийгүй  орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан хөгжүүлэхэд шинэ алхам болсон мэт санагдана?

 

- Баярлалаа. Товчхон базаад дүгнэхэд би судалгааны бүтээлээрээ сүүлийн 300 орчим жилд хамаарах монгол бичгээр бичигдсэн 46 гаруй судрыг эх хэрэглэгдэхүүн болгон авч, монгол хүлгийн шинжийн дундаж төрхийг тодорхойлохын тулд “Өртөөлөн дүрслэх аргачлал” хэмээх судалгааны арга зүйг боловсруулсан. “Өртөөлөн дүрслэх аргачлал”–аар монгол хүлгийн дундаж есөн силуэт төрхийг тодорхойлсон юм. Энэ дундаж есөн төрхөөс тэгшдүү, тэгш “Луу шинжит” хүлгийн силуэт дүрслэлийг сонгон авч “Хэмжээст их хайрцаглах аргачлал”-ын формат дээр тодорхойлсон хэмжил зүйн 14 цэгт тулгуулан араг яс, булчин, төрх галбирыг дүрслэн зурсан.

Улмаар “Хүлгийн шинж”-ийн төрхийг 3D модель болгосноор “Дүрслэх урлаг”, тоглоомын “Метаверс”-д, “Кино урлаг”-т ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм. Монгол хүлгийн шинжийн дундаж төрхийн дүр төрхийг амжилттай бүтээсэн нь монгол онцлогтой архетип тодорхойлох суурь судалгаа болсон. Энэ маань Монголын нүүдлийн соёлын нэг гол бүрдэл болох адууны соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийтэд танилцуулсан, цаашид олон төрлийн судалгаанд ашиглах суурь бүтээл болсонд баяртай байна.

 

-Сайхан яриа боллоо. Маш их баярлалаа.

 

 

Ярилцсан: Сэтгүүлч Г.Энхбаатар