Нүүр УБТЗ ХНН Эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамын ТЭЗҮ-ийг энэ онд багтаан боловср...
УБТЗ ХНН

Эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамын ТЭЗҮ-ийг энэ онд багтаан боловсруулна

G.Press 2 жилийн өмнө 102 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх, техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсгийн III хуралдаан энэ сарын 02-нд Улаанбаатар хотноо боллоо. Монголын төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Хятадын төлөөлөгчдийг БНХАУ-ын Төмөр замын газрын орлогч дарга Ань Лушэн, Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверев нар тэргүүлэн ажиллав. Тус хуралд Монгол Улсын ЗТХЯ, ЭЗХЯ, УБТЗ ХНН, БНХАУ-ын ГХЯ, Хөгжил, шинэтгэлийн улсын хороо, Улсын төмөр замын газар, “Хятадын төмөр замын зураг, төслийн групп” компани (CRDC), “China Gezhouba Group” компани, “Хятадын төмөр зам” НХН, ОХУ-ын Тээврийн яам, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Мосгипротранс” хувьцаат нийгэмлэг, “ИЭРТ” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид оролцсон юм.

Хуралдааныг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Москва хотноо зохион байгуулагдсан. Дараа нь Тяньжин хотод болсон II хуралдаанаар төмөр замын төв шугамаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн төлөв байдлын хэмжээг хэлэлцэж тохиролцсон бол одоо цаашдын зорилтыг бодитоор тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний хийж гүйцэтгэсэн ТЭЗҮ боловсруулах ажлын үр дүнг хамтарсан ажлын хэсгийн ахлагч нар баталгаажуулж, улмаар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах, гурван улсын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалт амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд өмнөх хуралдаанаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хариуцах төмөр замын байгууллагууд болон гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн төлөв байдлын хэмжээг тодорхойлж, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөө, техникийн ерөнхий даалгаврыг хэлэлцээд энэхүү хуралдаанаас гарах протоколоор баталгаажуулъя” гэв. Мөн гурван улсын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг энэ ондоо багтаан дуусгах, ингэснээр төмөр замуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн баяжуулж, бодитоор, бүтээлчээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ эзэмшдэг. УБТЗ-ын хувьд улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон хамгийн дөт төмөр зам гэдгээрээ онцлогтой. Энэ онд 32.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж, эхний улиралд 8.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа юм. ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид ч хамгийн дөт энэ коридорыг богино хугацаанд хамтран хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлцгээж байв. Ийнхүү хамтарсан хуралдаанаар талууд дараах асуудлаар тохиролцлоо. Тухайлбал, гурван улс төв шугамаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлж, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөөг дэмжиж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төслийн ТЭЗҮ боловсруулах техникийн ерөнхий даалгавар”-ыг баталгаажуулж, тус бүр өөрийн газар нутагт хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг ирэх наймдугаар сарын 15-ны дотор бие даан боловсруулах, холбогдох зардлыг тус тусдаа хариуцахаар боллоо. Мөн баримт бичгийн технологийн шийдлийг нэгтгэх, харилцан уялдуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор IV улиралд багтаан шинжээчдийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн, ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотой мэдээллийг сар бүр шуурхай солилцож байхаар боллоо.

ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверев “Бид Эдийн засгийн коридорын ТЭЗҮ-ийг энэ онд багтаан дуусгах нь хамгийн чухал. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр баталгаажуулсан “Хамтарсан ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлуудаа заасан хугацаанд нь хамтран хэрэгжүүлэхэд мэдээллийг тухай бүр нь солилцох, шинжээчийн түвшинд ажил хэргийн уулзалтыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй” гэв. Мөн төрийн болон төмөр замын мэргэжлийн байгууллагын түвшинд харилцан уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа маш чухал гэдгийг талууд онцоллоо.

Энэ үеэр ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг ОХУ, БНХАУ-ын төмөр замтай хамтран судалж боловсруулах болсон явдлыг бид баяртайгаар хүлээн авч байгаа. Энэ нь Монгол Улсын төмөр замын, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хөгжилд томоохон түлхэц өгөх юм. Энэ хурлаар бид өмнө нь ярьсан зүйлүүдээ баталгаажуулаад тохирлоо. Ирэх наймдугаар сарын 15 гэхэд ОХУ-ын өөрийн нутагт Улаан-Үд-Наушки, Монгол Улс Сүхбаатар-Замын-Үүд, БНХАУ Эрээн-Жининь чиглэлийн тууш төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар болсон. Тэгээд аравдугаар сард дахин Улаанбаатарт цугларан ТЭЗҮ-ээ нягталж, хооронд нь уялдуулаад арванхоёрдугаар сард Москвад IV хуралдаанаа хийж баталгаажуулж, 2025 оноос бүтээн байгуулалтын ажилдаа орохоор санал нэгдлээ. Одоо УБТЗ ХНН жилд 32 сая орчим тонн ачаа тээвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй ярилцахад манай улсын экспорт, импортын дотоодын ачаа, транзит тээвэр ороод 2050 он гэхэд 90 гаруй сая тоннд хүрнэ гэсэн дүр зураг гарч ирж байна. Үндсэндээ ачаа тээврийн хэмжээ гурав дахин өсөхөөр байгаа. Тиймээс тээх, нэвтрүүлэх чадвараа бид хамгийн багадаа 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

 

М.Наранболд 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.