Нүүр Дугаарын сурвалжилга Эцгийн хүсэл, хүүгийн сэтгэл
Дугаарын сурвалжилга

Эцгийн хүсэл, хүүгийн сэтгэл

G.Press 9 сарын өмнө 47 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Улаанбаатар Татах хэсгийн ашиглалтын VIII цувааны машинч Дарамын Чойбаатар 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарч байна. Тэрбээр 1985 онд Төмөр замын техник мэргэжлийн сургуулийн туслах машинчийн ангид элсэн ороод завсарт нь хугацаат цэргийн алба хааж, 1990 онд сургуулиа төгсөөд тус депод сумчнаар ажлын гараагаа эхэлжээ. Ингэж төмөр замчин болох эх суурийг түүний аав тавьсан гэнэ. Зам засварын машинт станцад замын мастер, ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан түүний аав Т.Дарам нь анх өөрөө машинч болох мөрөөдөлтэй байсан ч яагаад ч юм боломж гарахгүй байсаар замчин болсон байжээ. Иймд “Миний хүсэл мөрөөдлийг хүү маань биелүүлэх ёстой” гээд хүүгээ машинч болохыг хүсчээ. Эцэг хүү хоёрын хүсэл нийлж, Д.Чойбаатар туслах машинчийн ангид суралцахаар болсонд түүний аав хязгааргүй их баярласан гэдэг.  

Д.Чойбаатар сургуулиа төгсөөд Улаанбаатар Татах хэсэгт бүтэн хоёр жил сумчнаар ажилласны эцэст сая нэг юм туслах машинч болжээ. Түүнийг гардаж авсан анхны багш нь Долгорсүрэнгийн Өлзийжаргал гэдэг машинч байв. Тэрбээр Д.Чойбаатарт техник үйлчилгээний бүх зүйлийг нэгд нэгэнгүй зааж өгсөн гэнэ. Анхны томилолт Сүхбаатараас Замын-Үүд хүртэл турны галт тэрэгний тээвэр байжээ. Тухайн үед тасралтгүй үргэлжлэх энэ тээвэрт явахад ар талын вагондоо ээлжилж амраад явдаг байжээ.  

Ингэж Д.Чойбаатар их аяны замд гарчээ. Нэг сард таван мянган км зам туулж, олон зуун зорчигч, олон мянган тонн ачаа бараа тээвэрлэх энэ хариуцлагатай ажилд тасралтгүй 33 жил зүтгэсэн гээд бодоход түүний гаргасан амжилтыг тоогоор илэрхийлэхийн аргагүй болжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр УБТЗ-д ашиглагдаж байсан 15 серийн илчит тэргийг жолоодсон нь бас нэгэн бахархал юм. Тэрэгнээс тэрэгний хооронд хүчин чадал нь улам сайжирч иржээ. ТЭ-2 илчит тэрэг 1800 тонн ачаа татдаг бол 2М62 илчит тэрэг 2600 тонныг, 2ТЭ116УМ илчит тэрэг 4500 тонныг, 2ТЭ25Км-257 илчит тэрэг 5000 тонныг татдаг.  

Илчит тэргийг жолоодохдоо урт бүрэлдэхүүн, жингээсээ шалтгаалаад замын аясыг тааруулж, нарийн тооцож явах ёстой. Байгал цаг агаар, салхи шуургаас хамаарч хурдаа тохируулж галт тэргээ жолоодон цаг хугацаанд нь ачаа тээврээ хүргэх нь машинчийн гол үүрэг юм. Ялангуяа, зорчигчийн галт тэрэг хатуу цагийн хувиараар явдаг учраас тухайн өдрийн цаг агаар, техникийн нөхцөл, түлш шатахуунаа сайн тооцох явах ёстой. Илчит тэргээ депогоос хүлээж авахдаа бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаж, тээврийн аюулгүй байдлыг хангаж, ачаа бараагаа зорьсон газар нь бүрэн бүтэн аваачиж өгөх нь машинчийн гол зорилго юм.

Машинч зурмагийн дагуу илчит тэргээ хүлээж аваад бүрэлдэхүүнд хэчнээн тонн ачаа байгааг тооцож, ямар хүчин чадлаар хөдлөх талаар туслах машинчтайгаа зөвлөж, амь нэгтэй хамтран ажиллах ёстой. Хүнд жинтэй галт тэргийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж хөдөлгөөнөө эхэлж, Хоолтын даваа ч юмуу, Шар хөвийн дөрөлжөөр давсны дараа л “За энэ удаагийн явалт ч гарцаагүй биднийх боллоо доо гэсэн итгэл төрдөг” гэж тэр хэллээ. Эмээлтийн даваа гэхэд л 17 мянганы өгсүүрт  их урт зам туулдаг. Хоолтын давааг давахад 75 км өгсүүр замыг гурван цаг туулж гардаг. Энэ хоёр давааг давчихсан байхад цаашаа зорих газраа очино гээд жигд хурдаар давхина даа. Техник бол техник юм чинь гэмтэл, доголдол гарахгүй, байнга хэвийн ажиллана гэж байхгүй шүү дээ. Дээр үед бол дизель эргүүлээд, гараараа барьж, нүдээрээ харж, чихээрээ сонсож байж л гэмтлийг илрүүлдэг байсан бол одоо компьютероор оношлоод,засаж болохыг нь засаад, болохгүй бол дараагийн техникийн тусламж дуудаж, замаа чөлөөлөөд засварт өгдөг гэж тэр хэллээ.

Д.Чойбаатар зорчигчийн вагон жолоодох нэгдүгээр зэрэгтэй машинч юм. Тэрбээр сүүлийн 20 жилд зорчигчийн галт тэрэг жолоодож байна. Энэ хугацаанд гэмтэл саатал бараг гаргаж байсангүй. Харин явган зорчигч аюултай бүсээс гарахгүй байх, зам хааж зогсох зэргээс болж яаралтай тормоз хийх тохиолдол гарч тав, зургаан хүний амь насыг аварсан байна.  Ер нь тээвэрт явахад гэмтэл саатал гарвал аль болохоор өөрөө аргалаад очих газартаа цагийн хуваарийн дагуу хүрэхийг л боддог гэнэ. Тэрбээр машинчаар ажилласан 33 жилийн хугацаанд 13 туслах машинчтай ажиллажээ. Тэднийг хоёр жилийн хугацаанд сургаж, дадлага туршлагатай болгоод жолоодох эрхийн шалгалт өгүүлж, дараагийн тэргэнд машинчаар шилжүүлдэг байна.

Машинч Д.Чойбаатар олон удаа байгууллагын аварга болж, “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар” тэмдгүүдээр шагнуулж, улмаар төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн эрхэм хүндтэй төмөр замчин болжээ.

Түүний эхнэрийг  Хүрлээгийн Алтанцэцэг гэдэг. УБТЗ-ын Төв эмнэлэгт бага эмчээр ажилладаг ажээ. Тэд гэр бүл болоод 30 гаруй жил болжээ. Нэг хүүтэй, гэрэл зурагчнаар ажилладаг юм байна. “Уг нь хүүгээ төмөр замчин болгох юмсан гэж боддог, даанч түүний хүсэл мөрөөдөл нь өөр юм даа” гэж Д.Чойбаатар сүүрс алдлаа.

Гэвч эцгийнхээ хүсэл, захиа даалгаврыг нэр төртэй биелүүлж, машинч мэргэжлийн бахархам сайхныг бие сэтгэлээрээ мэдэрч, нэгэн насны жаргал эдэлж яваа Д.Чойбаатарын цаашдын амьдрал дардан байна.

 

Г.Энхбаатар

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.