Говийн бүс нутгаар нэвтрэн өнгөрөх төмөр зам байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртөх, элсний нүүдэл, шороон шуурга, үерээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүд галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах цаашлаад техникт элэгдэл үүсгэх тохиолдол гардаг. Эдгээр гэнэтийн хүчин зүйлсээс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулахын тулд төмөр зам, дэд бүтцийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой технологийн шийдэл нэн чухал шаардлагатай байна. Төмөр зам туулан өнгөрөх байгалийн бүсүүдэд тохирох, түүхэн хөгжлийн явцад дасан зохицсон нутгийн уугуул ургамлуудыг сонгож хамгаалалтын зурвас үүсгэхэд ашиглах нь экосистемийг хамгаалаад зогсохгүй, эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай шийдэл болох юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорил судалгааны үр дүнд суурилсан эдийн засгийн хэмнэлттэй тохиромжит технологийн шийдлийг орон нутгийн иргэдийн оролцоотой хослуулснаар байгаль орчинд ээлтэй оновчтой ногоон шийдлийг практикт нэвтрүүлэх боломж үүснэ. Эдгээр асуудлыг хөндөж Шинжлэх ухааны академийн харьяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболдтой ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай оронд говь, цөлийн бүсээр дайран өнгөрч буй төмөр замд байгалийн олон хүчин зүйлс, сорилтууд тулгардаг. Эдгээрээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Монгол орны хувьд уур амьсгалын эрс тэс нөхцөл, газар зүйн тогтоц, хотгор гүдгэрийн хэлбэр ихээхэн ялгаатай оршдог онцлогтой. Ялангуяа, говь цөлийн бүсээр дайран өнгөрч буй төмөр замын хувьд элсний нүүдэл, шороон шуурга, үер, цас зэрэг байгалийн хүчтэй үзэгдлүүд байнга давтагдаж, төмөр замын хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Ийм нөхцөлд хамгаалалтын ногоон зурвас байгуулах, байгуулахын өмнө тухайн бүс нутгийн байгаль орчны онцлог, хотгор гүдгэрийн хэлбэр, хөрс, экологийн нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, түүнд тулгуурлан н ь төлөвлөх ч у х а л юм. Зөв төлөвлөлтгүй тарилт нь урт хугацаанд үр дүн багатай байх эрсдэлтэй. Газрын элэгдэл, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй хөрсний эвдрэл үүсэх, хөрсний бүтэц өөрчлөгдөх нь экосистемийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. Үүний улмаас хөрс үерийн усыг өөртөө шингээх, ямар ч ургамалгүй газрын гадарга элсийг тогтоон барих чадваргүй болсноор элсний нүүдэл эрчимжих нөхцөл бүрддэг. Энэ нь төмөр замын аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлж байна.
-Элсний нүүдэл үүсэх шалтгаан нь юу юм бол. Үүнийг хэрхэн бууруулах боломжтой вэ?
-Элсний нүүдэл нь салхи, усны элэгдлээс үүдэлтэй хөрсний эвдрэлээс үүсдэг. Энэ үйл явц нь заримдаа төмөр замаас алс зайд орших уулсад эхэлж, элс хуримтлагдсаар төмөр замд нөлөөлдөг. Иймд элсний нүүдлийн эх үүсвэр, хуримтлалын бүсийг тодорхойлж, тухайн хэсэгт газрын элэгдэл, хөрсний эвдрэлийг саармагжуулах зорилгоор мод тарих, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. Элсний нүүдэл нь зөвхөн зам дарж хуримтлагдахаас гадна галт тэрэгний техник, хөдөлгүүр, тоног төхөөрөмжийн элэгдлийг нэмэгдүүлнэ. Мөн замын ашиглалтын зардлыг өсгөж, засвар үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд элсний нүүдлийг байгалийн аргаар сааруулах хамгаалалтын арга хэмжээ чухал юм.
-Байгалийн ургамал, ялангуяа нутгийн ургамлыг ашиглах нь ямар давуу талтай вэ?
-Эдификатор буюу экосистемийг бүрдүүлэгч модлог ургамал нь урт хугацаанд буюу түүхэн хөгжлийн явцад тухайн орчиндоо дасан зохицсон ургамлууд юм. Эдгээр ургамал нь ган, зуд зэрэг эрс тэс нөхцөлийг даван туулах чадвартай тул хамгаалалтын ногоон зурвас байгуулахад илүү тохиромжтой, оновчтой сонголт болдог. Мөн цаашид ногоон байгууламжийг тогтвортой хөгжүүлэхэд ч давуу талтай.-Тодорхой жишээ дурдвал, говийн бүсэд хамгаалалтын ногоон зурвас үүсгэхэд ямар ургамлууд тохиромжтой гэж та үзэж байна. Биологийн олон янз байдалд хэрхэн нөлөөлөх вэ?-Манай орны цөл, цөлийн хээрийн бүсэд элбэг, зонхилон тархдаг нийт 50-100 орчим зүйл модлог, сөөг ургамлыг ашиглах боломж бий. Жишээлбэл, хайлаас мод нь гандуу бүсэд ургах чадвартай, тэсвэр өндөртэй ургамал. Үндэс нь газрын гадаргаар тархаж хөрсийг тогтоон барих үүрэгтэй. Харин хотир зэрэг сөөг ургамлын үндэс 3–4 метрийн гүнд нэвтэрч, хөрсний элэгдэл, эвдрэлийг сааруулах ач холбогдолтой. Эдгээр ургамлыг газар зүйн онцлог, хотгор гүдгэрийг харгалзан хамгаалалтын зурвас байгуулахад ашиглах боломжтойг бусад судлаачдын болон бидний хийсэн судалгааны үр дүн харуулсан. Зөв төлөвлөсөн ногоон зурвас нь биологийн олон янз байдалд эерэг нөлөөтэй. Байгалийн зонхилогч буюу нутгийн уугуул ургамлыг ашигласнаар тухайн бүс нутгийн амьтан, бичил биетний амьдрах орчин нөхцөл сайжирч, экосистемийн тогтвортой байдал дээшилнэ гэсэн үг.
-Гадны орнуудын туршлагаас Монголд нутагшуулах боломжтой жишээ бий юу?
-Манай оронтой ижил төстэй БНХАУ, Казахстан, Туркменистан зэрэг хуурай уур амьсгалтай, хөрсний доройтолд өртсөн бүс нутагт төмөр зам дагуу ногоон зурвас байгуулах, элсний нүүдлийг сааруулах туршлага амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ эдгээр туршлагыг шууд хуулбарлах бус, Монгол орны байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн нутагшуулах шаардлагатай.
-Төмөр замын дагуух ногоон байгууламжийг арчлах, хамгаалах асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?
-Ногоон зурвасыг байгуулахтай адил арчилгаа хамгаалалт ч чухал. Усалгааны зохистой систем, хамгаалалтын арга хэмжээ, тогтмол хяналт, мониторингийг хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр зам дагуух хамгаалалтын ногоон зурвас байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай. Зөвхөн мод тарих бус, тухайн бүс нутгийн байгаль, хөрс, экологийн онцлогт тохирсон ургамлыг сонгон хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх нь илүү үр дүнтэй.
-Говийн төмөр замын дагуу хамгаалалтын ногоон зурвас байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулах нь оновчтой вэ?
-Чойроос Замын-Үүд хүртэлх цөл хээрийн бүсээр дамжин өнгөрөх төмөр замын дагуу байнгын болон түр хугацааны мод үржүүлгийн газрууд байгуулах шаардлагатай. Эдгээрийг түшиглэн экологийн эрсдэлтэй бүс, элэгдлийн голомтуудад үе шаттайгаар хамгаалалтын ногоон зурвас байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй. Жишээ дурдвал, Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Өргөний өртөө орчимд тохиолддог үерийн усны эрсдэлийг сааруулахын тулд элэгдлийн голомт бүсэд нутгийн модлог ургамлыг хашаалан тарьж ургуулах хэлбэрээр шийдвэрлэж болох юм. Төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах, мод тарих ажил нь зөвхөн тарилтаар хязгаарлагдахгүй. Технологийн оновчтой шийдэл, усалгааны зөв систем, ургамлын сонголт, хөрсний нөхцөл, тооцооллыг нарийн хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологид суурилсан зөв төлөвлөлт урт хугацааны үр дүнг тодорхойлно.
-Ирээдүйд Монголын төмөр замын салбарт “ногоон хамгаалалт”-ын бодлого хэр чухал байр суурь эзлэх бол?
-Цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед төмөр замын салбарт байгальд суурилсан “ногоон хамгаалалт”-ын бодлого зайлшгүй шаардлагатай. Байгалийн зонхилогч ургамлыг түшиглэсэн хамгаалалтын зурвас нь экологийн төдийгүй эдийн засгийн хувьд тогтвортой, урт хугацааны ач холбогдолтой шийдэл юм. Ташрамд дурдахад, УБТЗ ХНН-ийн Ц.Болдоо даргатай Экологийн хэлтсийн хамт олон идэвх санаачилгатай ажиллаж байна.
-Баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Болд
