Багахангай-Булагтай хоорондын замд. Замын II ангийн Ч.Цоггэрэл мастертай XVII хэсгийн замчдын хариуцдаг энэхүү хэсгийн 10 дугаар км-ийн нэгдүгээр зуутаас 20 дугаар км-ийн тавдугаар зуут хүртэл 10.5 км-т өглөөнөөс үдшийн бүрий хүртэл моторын дуу нүргэлж, хадаас хадах лантууны чимээ тасралтгүй үргэлжилнэ. Тус ангийн ерөнхий инженер Б.Ганбаяр “Энэ хэсэгт их засвар хийлгүй бараг 40 шахам жил болсон учир замын дэр мод их муудсан. Энэ хэсэгт 410 замчны хүчээр урсгал засвар хийж байгаа юм” гэлээ.Тухайн зам нь 1982 онд ашиглалтад орсон, модон дэр хадаасан бэхэлгээтэй, элс хайрган чигжээстэй. Өнгөрсөн хаврын паспортын үзлэгээр тэнцэхгүй дэрийн эзлэх хэмжээ 25-аас дээш хувьтай гарчээ. Мөн замын балл төлөвлөгөөнөөс давж, хурц гэмтэлтэй зам төмрийн тоо ч өсжээ. Түүнчлэн, Замын даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн А-920 тоот тушаалын дагуу Багахангай-Багануур хоорондын замд 2ТЭ116УМ, 2ТЭ25КМхүнд даацын зүтгүүр аялж, ачааны хэмжээ 4200-4700 тонн болж нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор зам байгууламжийн эрсдлийн үнэлгээгээр“Маш их эрсдэлтэй” гэж гарсан тул ийнхүү Замын II ангийнхан засварын ажил төлөвлөн гүйцэтгэж буй нь энэ.
Үнэхээр ч тус хэсгийн дэр мод нэлээд мууджээ. Суулт өгсөн замыг замчид 5-10 см орчим өргөхөд л хамаг дэр нь хадааснаасаа сугараад үлдэх юм. Өмхөрч муудсан модон дэрийг суга татаж гаргах аргагүй бололтой. Замчид хүрздэж замын хажуу руу шидэхэд шороо шиг бутарч харагдлаа. Мастерууд бүгд л “Бид энэ удаад өгсөн дэр модыг солиод ч цаана нь зайлшгүй солих шаардлагатай олон дэр үлдэж байна” гэцгээнэ. Замын ангийн орлогч дарга О.Батхүү “Энэ сарын 18-ны өдөр ангийн даргын А-24 тоот тушаал гарснаар засварын ажлыг зохион байгуулах комисс томилогдсон. Комиссоос гэмтлийн акт тогтоож, хийх ажилтай уялдуулан ажлын технологи, шаардлагатай материал, хүн хүчний иж бүрэн тооцооллыг боловсруулан төлөвлөгөө гаргасан.Нийт 21 хэсэг тус бүр 500 метр замд засварын ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд 10.5 км замд 800 модон дэр сольж, замыг тууш цахилгаанаар чигжиж, чиг татлаа. Суулт, түвшингийн гэмтлүүдийг засаж, хөндийг нь арилган мөрийн өргөнийг нэмэгдүүлж, замыг тогтворжууллаа. Шулуун хэсэгт 26 мянган хадаас нэмж хадсан. Эдгээр ажлыг зүгээр нэг хийх биш, хэсэг бүрийн ажлыг хоёр шатлалаар шалгаж, дүгнэн байр эзлүүлнэ. Өөрөөр хэлбэл, засварын ажил дуусахад комисс явж үзнэ. Дараа нь зургадугаар сарын 8-нд зам хэмжигч вагон шалгана. Тэгж байж аль хэсгийнхэн илүү сайн засварласан нь тодорхой болно. Мөн нөөц зам төмрийн сууриудыг засаж сэргээх, дугаарлах, үеийн дугаар сэргээх, шинээр тавих, зуутын шонгийн үзэмж сайжруулах, торон доторх хог цэвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх ёстой. Ажлын үр бүтээл, бүтээмж, гүйцэтгэлийн чанар зэргийг дүгнэж, хэсгүүдийг шагнаж урамшуулна. Энэхүү засварын ажлыг хийснээр тухайн км-ийн замын тэнцэхгүй дэрийн эзлэх хувь 21 хувьд хүрч, техникийн байдал сайжран замын балл буурна. Энэ засварыг хийхэд замын дээд бүтцийн материалаар хангасан Замын аж ахуйн албаныхандаа баярлаж байна. Замчид биднийг материалаар хангавал нэгдсэн зохион байгуулалтад орж, замын техникийн байдлыг сайжруулах боломж нөөц их байгаа нь энэ удаагийн ажлаас харагдлаа” гэв.
Багахангайн салбар замаар зөвхөн нүүрс тээвэрлэдэг тул галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт бага. Хааяахан мастер, бригадын дарга нарын богино холбоогоор “Галт тэрэг төдөн минутын дараа явна. Замчид замаас гараарай” хэмээн анхааруулах нь сонсогдоно. Түүнээс бусад цагт амсхийх ч завгүй ажиллацгаана. Замын II ангийн хойд буюу гол замдаа төмөр бетонон дэртэй хэсгээс ирсэн замчин залуус нь “Ийм хүнд нөхцөлтэй хэсэг гэж бас байдаг аа” хэмээн шогширцгоож байхад 20, 30 жил ажиллаж буй ахмадууд нь “Хуучны үеийг санагдуулж байна шүү” гэцгээнэ. “Дуугарвал дуу, дугтарвал хүч нэг”-тэй хөдөлмөрийн талбарт замчид ийнхүү XVII хэсгийнхээ нөхдөд тусалж буй нь энэ. Засварын үеэр Замын II ангийн Д.Мөнхсүх даргатай Засварын газрын гагнуурын баг 17 дугаар зургийн гэмтэлтэй зам төмрүүдийг шавж сэргээсэн аж. Тэд хоёр өдрийн турш нийт 63 гэмтлийг хагас автомат гагнуурын аппаратаар гагнаж сэргээсэн байна.
Засварын ажлын төсгөлд, хамтын хүчээр ажиллаж буй замчдаа Замын анги, ҮЭ-ийн хорооноос талархал илэрхийлж, зарим замчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр XVIII хэсгийн замчин Г.Цогийг шагнав. Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн хорооны “Хүндэт үнэмлэх”-ээр ангийн ХАБЭА-н инженер Ж.Оюунсайхан, XIX хэсгийн замчин Д.Энхтүвшин, “Баярын бичиг”-ээр XII хэсгийн замчин Т.Нямсүрэн, XVI хэсгийн замчин Д.Энхтүвшин, мөнгөн шагналаар III хэсгийн замчин Б.Доржпаламнарыг шагналаа.
Ч.Мөнхбаяр: 500 метрт 30 дэр сольсон ч нэмээд 100-г солихоор байна
VIII хэсгийн мастер
-Манай хэсэг энэ замын 15 дугаар км-ийн 5-10 дугаар зуутад ажиллаж байна. Их засварын хугацаа дууссан замын техникийн байдлыг сайжруулах ажилд оролцохоор 18-уулаа оролцсон. Манайх гэхэд л ногдсон 500 метртээ 30 дэр мод солилоо. Мөн замын өргөлт, чиг таталт, хадаас бэхэлгээ нэмэх, нөөц зам төмрүүдийг тэгшлэх, тэмдэг тэмдэглэгээ сэргээх, торон хашаа засах... гээд олон ажил хийлээ. Багануурын зам дэр модны аж ахуй муутай. Жилийн жилд дэр модны хүрэлцээ хангалтаас шалтгаалаад энэ хэсэгт дэр солих нь багассан. Энэ удаад миний хариуцсан 500 метрт нэмээд 100 дэр мод зайлшгүй солихоор л байна.
Д.Чинбаатар: Бетонон дэрээр хүчжүүлмээр байна
IV хэсгийн замчин
-Би 16 настайдаа төмөр замын Техник мэргэжлийн дунд сургуульд сураад 1987 оноос ажилласан. Төмөр замд 32 дахь жилдээ ажиллаж байна. Аав маань Д.Дашдаваа гэж машинч хүн байсан. Ээжийг минь Б.Буриад гэдэг. Замчнаас бригадын дарга хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. Одоо миний охин Ч.Гэрэлсүрэн, хүргэн Ц.Баасанжаргал хоёр маань XII хэсэгт замчнаар ажилладаг. Эхнэр Н.Бат-Өлзий маань гармын жижүүр ажилтай. Гурван үеийн төмөр замчин гэдгээрээ бахархдаг. Энэ удаад XVII хэсгийн энэхүү их засварын хугацаа дуусаж дэр мод нь муудсан хэсэгт ажиллаж байна. Манайх бол Аршаант дахь хэсэг. Уулзваргүй зам хариуцдаг. Олон жил ийм хүнд нөхцөлтэй замд ажилласангүй. Хуучны үеийг санагдуулж байна. Ингэж урсгалаар цөөн хэдэн модон дэр солих биш бетонон дэрээр хүчжүүлмээр санагдлаа. 4-5 дараалсан муудсан дэртэй байна. Хадаас нэмж хадлаа ч барихгүй юм.
А.Цэнгүүн: Замчны ажил тийм ч хүнд биш санагдаж байна
XI хэсгийн туслах замчин
-Миний хувьд зарын дагуу Замын II ангид ирээд тавдугаар сарын 17-ны өдөр XI хэсэгт замчин болсон. Хэсгийн хамт олон маань их нийтэч юм билээ. Хүмүүс “Замчны ажил хүнд” гэхийг их сонсож байсан. Гэвч тийм ч их хүнд биш санагдлаа. Залуу хүмүүс энэ зэргийн ажлыг хүнд гэвэлөөр ямар амархан ажил олдох вэ дээ.Би өмнө нь барилга дээр ажиллаж үзсэн. Мөн борлуулагч, түгээгч зэрэг олон ажил хийж байлаа. Одоо харин тогтвортой ажиллахыг хүсэж байна. Манай мастер, бригадын дарга нар “Шантрав, залуус шантраад явдаг шүү” гэдэг юм. Гэхдээ шантрахаар асуудал алга. Тэгээд ч ганцаараа биш, олуулаа хийж байна шүү дээ. Би цэргийн алба хамт хаасан найз Т.Мөнхдөлтэйгөө нэг хэсэгт орсондоо баяртай байгаа. Ажлын хувьд Л.Лхагвабат гэж ахыг дагалдаж байна. Надад сурах зүйл их байна.
М.Наранболд
