ОХУ-ын Москва хотноо "Оросын төмөр замууд" НХН, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулсан Ази Номхон далайн бүс нутгийн төмөр замын тээврийн дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх талаарх дугуй ширээний уулзалтад “УБТЗ” ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан замын орлогч дарга К.В. Асланов, Гаалийн хэлтсийн дарга С.Саяран, Мэдээллийн технологийн албаны орлогч дарга Г.Гандуулга нар оролцлоо. Энэхүү уулзалтанд 20 гаруй орны зам тээврийн яамны болон төмөр замын байгууллагын удирдлагууд оролцов.
Уулзалтын үеэр "Оросын төмөр замууд" НХН, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын боловсруулж буй төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийг цахимжуулах чиг хандлага, туршлагын талаар танилцуулж хэлэлцүүллээ.
“УБТЗ” ХНН-ийн зүгээс цахимжуулалтын түвшин болон гаалийн бичиг баримтыг цаасгүй технологит шилжүүлэх талаар саналаа дэвшүүлж, төмөр замаар тээвэрлэж буй ачааны тээврийн бичиг баримтыг цахимаар солилцож буй EDIFACT систем болон гаалийн бичиг баримтын цахим мэдээлэл солилцооны чанарыг дээшлүүлэх, хурдасгах ажлын талаар болон бусад асуудлаар санал, туршлагаа хуваалцав.