Статистик бүртгэлийн төвийн дарга, техникийн ухаааны доктор Д.Тамиртай ярилцлаа.
- Төмөр замчдын ажлын гол үзүүлэлт бол ачаа тээвэр шүү дээ. Энэ оны өнөөгийн байдлаар УБТЗ-ын ачаа тээврийн тоон болон чанарын үзүүлэлт ямар байна вэ?
-Оны эхний найман сард 21 сая 104 мянган тонн ачаа тээсэн. Энэ нь, төлөвлөгөөг 106.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 24.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа импортын ачаа, орон нутгийн харилцааны болон транзит тээвэр маш өндөр хувьтай биелсэн. Харин экспортын хувьд энэ оны төлөвлөгөөгөө хараахан биелүүлээгүй явна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Монголоос БНХАУ руу гаргалт 152.6 хувь, Хятад руу гаргалт 154 хувь,ОХУ руу гаргалт нь 105 хувь тус тус давж биелсэн . Энэ бол төмөр замчдын маань нийлмэл хөдөлмөрийн үр дүн. Ачаа эргэлт эхний найман сард 12 сая 388 мянган тонн/км-ийн ажлыг гүйцэтгэж төлөвлөгөөг 106.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 135.3 хувиар тус тус биелүүлсэн. УБТЗ-ын ажил нэмэгдэж, үзүүлэлтүүд сайжирч буйг эндээс харж болно. Транзит тээвэрлэлт гэхэд гурван сая 330 мянган тонныг явуулаад байна. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулахад 124.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 165.3 хувийн биелэлттэй байгаа юм. Ийм өндөр тоон үзүүлэлттэй байгаа нь нэг талаас ковидын дараах ачаа урсгал өсөж хэвийн хэмжээнд хүрэн, галт тэрэгний солилцоо сайжирсных. Нөгөө талаас төмөр замчдын маань нөр их хөдөлмөрийн тоон үнэлэмж юм. Эхний найман сард төмөр замчид маань 12 сая 938 мянга 200 шилжүүлсэн тонн/км ажил хийгээд байна.
-Зорчигч тээврийн биелэлт ямар байгаа вэ?
-Эхний найман сараар авч үзэхэд зорчигчийн үзүүлэлтүүд төлөвлөгөөндөө хүрээгүй. Нэг сая 512 мянга 300 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь төлөвлөгөөг 98.8, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.4 хувиар биелсэн үзүүлэлт. Харин зорчигч эргэлт 121.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113 хувийн биелэлттэй байна. 550 мянга 200 зорчигч/км-ийн ажил хийж гүйцэтгэсэн.
-Бусад төмөр замын компаниудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Статистикийг бүрдүүлдэг төмөр замуудаас хамгийн том нэгжтэй нь УБТЗ шүү дээ. Тээврийн үндсэн үзүүлэлтүүд, вагоны гүйлт, хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой бүх мэдээллийг ууган төмөр замын хувьд бид бусад төмөр замууддаа үнэ төлбөргүй нэмэлтээр гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, яам, тамгын газар, Үндэсний статистикийн хороо, ГТХЗНТ зэрэг олон газарт статистик мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгдөг. Цаашид шинэ тутам байгуулагдсан төмөр замууд өөр өөрсдийнхөө мэдээллийг гаргадаг болох байх. Статистикийн нэгж заримд нь үүсэж, энэ чиглэлийн ажилтан авч байгаа болов уу. Харин мэдээллээ бүрэн гаргадаг болтол нь бид өөрсдийн өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сангаас тэдний хүссэн мэдээллийг нь гаргаж өгч, ах төмөр замын хувиар тусалж л байна.
-ЗТХ-ийн сайдын албан даалгавраар энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгох зорилт дэвшүүлсэн. Үүнтэй холбоотой олон ажил хийж байна уу?
-Тиймээ, энэ хүрээнд УБТЗ олон ажил хийхээр төлөвлөсөн. Манай албаны хувьд эхний ээлжинд өдөр тутмын шуурхай статистик тайлан мэдээг өдөр бүр тайлангийн цагт гарган цахим сайтаар хүртээмжлэх ажлыг хийж байна. УБТЗ бол Монгол Улсдаа хоногийн статистик гаргадаг цорын ганц байгууллага. Бид өдөр тутмын шуурхай ажлын мэдээг нэгдүгээрт шаардлагатай хүний гар утсанд нь өдөр бүр захидлаар явуулдаг. Хоёрдугаарт нь statistics.ubtz.mn сайтад байршуулж байгаа. Хэрэглэгчид ороод харахад бүх зүйл нь ойлгомжтой байдаг. Сарын, улирлын, жилийн эхнээс гэсэн гурван мөрөнд хуваасан. Биелээгүй үзүүлэлтүүдийг улаанаар тэмдэглэнэ. Тиймээс юу нь биелээгүйг хараад тэр талдаа арга хэмжээ авч ажиллана гэсэн үг. Гуравдугаарт, бусад албадын гаргасан өдөр тутмын мэдээг pdf хэлбэрээр цахим шуудангаар Замын удирдлагуудад илгээж байна. Дөрөвдүгээрт, бид цаасан хэлбэрээр мэдээллийг хүргэдэг. Харин энэ есдүгээр сарын 1-нээс Баянтүмэн тасгийн ажлын мэдээг иж бүрдэл болгон тусад нь гаргадаг болсон. Үүнээс гадна ЗТХ-ийн сайдын тавьсан зорилтот ажлын хүрээнд “Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформ” бий болгох ажилд УБТЗ манлайлж оролцлоо. Бид энэ платформд мэдээллээ автоматаар холбож байна. УБТЗ-ын өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сангаас платформд харуулах мэдээллүүд ямар бүтэцтэй байх вэ, яаж харагдуулах, юуг нь харуулах юм гээд процессын зураглалаа бүрэн тохирч систем интеграцийн бэлтгэл ажлыг 100 хувь хийж дуусгасан. Аль болох хүмүүст ойлгомжтой байх ёстой. Бид одоо платформд эхний дөрвөн том бүлэг тайланг бүрэн байршуулаад байна. ЗТХЯ болж байна гэж үзвэл энэ ажил үндсэндээ дуусаж байгаа юм.
-Замын хэмжээний бүх тоон болон чанарын үзүүлэлтийг цөөн хэдэн мэдээлэгч гаргадаг шүү дээ. Харин таны хувьд мэдээлэгч биш статистикч гэж нэршлийг нь өөрчлүүлэх талаар өмнөх зөвлөгөөн дээр ярьж байсан. Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга ч дэмжсэн санагдана. Энэ нэршил өөрчлөх асуудал юу болсон бэ?
-Тиймээ, мэдээлэгч гэдэг нэр томьёо нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр өөрөө зохимжгүй, хоцрогдсон нэр томьео юм. Мэргэжлийн нэрээ хэлээд бахархах байтал зарим үед санаа нь зовдог юм билээ. Учир нь, мэдээлэгч гэхээр хэн нэгэнд хов дамжуулагч, эсвэл тагнуулч ч юм шиг байгаа биз. УБТЗ-аас өөр газар мэдээлэгч гэсэн нэршил байхгүй. Тиймээс Замын хэмжээний хоногийн ажлын шуурхай мэдээг гаргаж буй мэдээлэгчдийнхээ албан тушаалын нэршлийг Монгол Улсын албан тушаалын нэршлийн индексийг үндэслэн шинэчлэх, цалинг нь улсын хэмжээний статистикч нарын үндсэн цалинтай дүйцүүлэн авч үзэх нь зүйтэй гэж үзэн асуудлыг дэвшүүлсэн. Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга үүнийг дэмжихэд та хамт байсан шүү дээ. Мөн бид Замын I орлогч дарга О.А.Казаковт “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил”-ийн ажлын хүрээнд хийсэн удирдлагын түвшний хурал дээр танилцуулахад “Дэмжиж байна, цаг үетэйгээ нийлж алхах нь зүйтэй” гэсэн. Замын дарга, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга, Эдийн засаг санхүү хариуцсан орлогч дарга, Төлөвлөгөө эдийн засгийн алба зэрэгт хүсэлтээ хүргүүлсэн. Замын дарга Төлөвлөгөө эдийн засгийн албыг судалж шийдвэрлэх чиглэл өгсөн. Гэтэл тус албанаас мэргэжлийн код нь уялдахгүй байна гэсэн хариу ирсэн.
-Тодруулбал, яг юу гэсэн хариу ирэв?
-Энэ оны удирдах газрын орон тоонд шуурхай мэдээний диспетчер техникч гэсэн албан тушаалууд батлагдсан. Энэ албан тушаал мэдээллээр хангах ёстой гэсэн ажлын байрны үндсэн чиг үүрэгтэйгээ уялдаж байна гэсэн утга бүхий хариу ирсэн. Мөн манай ахлах мэдээлэгч диспетчерийн цалинг нэмэгдүүлснээ дурдсан байна билээ. Энэ албан тушаалын цалинг нэмсэн нь үнэн л дээ. Харин бусад мэдээлэгчдийн цалинг гүйцэтгэж буй ажилтайгаа уялдаж байгаа. Зарим нэг албан тушаалын цалинг онцгойлон авч нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байна.
-Танайд болон Замын хэмжээнд хэчнээн мэдээлэгч байдаг юм бэ. Албан тушаалын нэршил өөрчилбөл цалингийн зөрүү тийм их гарах юм уу?
-Манай төвийн нэг ахлах диспетчер мэдээлэгч, дөрвөн диспетчер мэдээлэгчээс гадна найман өртөөний 12 мэдээлэгч бий. Дээр нь хавсран ажилладаг зургаан мэдээлэгч байдаг. Үндсэндээ 23 хүний асуудал яригдаж байгаа юм. Ийм цөөн хүн Замын хэмжээний бүхий л тоон мэдээллийг үнэн зөв гаргаж 24 цагаар ажилладаг юм шүү дээ. Цалингийн хувьд статистикч нэршилтэй болговол сард 10 сая, жилд 127 сая төгрөг нэмэгдэхээр байгаа. Намайг зарим нь “Та Тээвэр зохион байгуулалтын албаны ажилтны асуудлыг яриад байна” гэдэг. Тэд чинь манай төвд мэдээллийг нэгтгэдэг статистикчид шүү дээ. Дандаа л эмэгтэйчүүд байдаг. Би бол албан тушаалын нэршлээ ажилтайгаа уялдуулж өөрчлөөд, цалинг нь нэмэх нь зүйтэй гэж үздэг. Замын удирдлагууд ч дэмжсэн. Бүр болохгүй бол үндсэн 17 мэдээлэгчийн асуудлыг шийдээд өгвөл сайн байна. Шийдүүлтлээ явна даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!