"УБТЗ" ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий төмөр замчид төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт буюу долдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шагналаа гардан авсан юм. Үүнд Зорчигч тээврийн албаны дарга Д.Пүрэвсүрэн Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “УБТЗ” ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, “УБТЗ” ХНН-ийн Гаалийн хэлтсийн дарга С.Саяран,“ Замын I ангийн замчин Ж.Ганцэцэг нар шагнууллаа. Мөн “Алтан гадас одон”-гоор Төлөвлөлт эдийн засгийн албаны орлогч дарга П.Мөнхзул, Эрдэнэт өртөөний дарга Г.Амарсайхан, Дулаан, сантехникийн инженер Л.Батсайхан, Чулуун заводын дарга Н.Отгонбаатар, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Б.Ганчимэг нар энгэрээ мялаалгав. Түүнчлэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Замын II ангийн замчин Г.Ялалтбаяр, Толгойт ТҮГ-ын вагон үзэгч Н.Билэгсайхан, Улаанбаатар татах хэсгийн засварчин Э.Мөнхцоож шагнуулж, Монгол төрийнхөө хайр ивээлийг хүртлээ.

            Энэ үеэр шинэхэн Гавьяат тээвэрчин Д.Пүрэвсүрэн “Миний бие УБТЗ-д вагоны засварчнаас ажлын гараагаа эхлүүлж,  галт тэрэгний үйлчлэгч, дарга, зааварлагч, албаны орлогоч дарга гээд мэргэжлийнхээ бүх шатлалд тасралтгүй 36 жил ажилласныхаа үр шимийг хүртэж энэхүү өндөр шагналыг авсандаа туйлын баяртай байна. Олон түмнийхээ хайр хүндэтгэл, талархлыг үргэлж хүртэж байдаг буянтай байгууллагад намайг анх ээж минь хөтөлж оруулсан. Тийм ч учраас энэ сайхан шагналыг би олон сайхан мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн авсандаа их баяртай байна. Энэ бол Зорчигч тээврийн хамт олны минь хайр хишиг, Монгол төрийн минь агуу их итгэл, хүндэтгэл юм. Манай хамт олон амжилтаа жилээс жилд ахиулж, олон улсын зэрэглэлд үйлчилгээгээ үзүүлж, дэлхийн жишигт хүрэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэ ташрамд УБТЗ-аар овоглодог нийт төмөр замчид болон манайхаар үйлчлүүлдэг иргэддээ  УБТЗ-ын 75 жилийн ойн баярыг мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.