Тээврийн цагдаагийн албаны харьяа, төмөр зам дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Өнөртөгстэй ярилцлаа.
- Нэг үе, галт тэргэнд хулгай их гардаг байсан. Одоо байдал ямар байгаа вэ?
-Төмөр замын Цагдаагийн газар 2022 онд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас 482 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүний 118 буюу 24.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 364 буюу 75.6 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байсан. Нийт 30 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос хоёр дахин өссөн. Ихэвчлэн хөрөнгө завших, хулгайлах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн 23 хувь нь Даваа, Мягмар гарагт, 35 хувь нь олон нийтийн газарт, 33 хувь нь 06-14, 22-06 цагт, зөрчлийн 18 хувь нь Лхагва гарагт, 45.2 хувь нь 06-12 цагийн хооронд гарсан байна. Газрын хэмжээнд нийт 27261 зөрчил шалгаж, 27251 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 10841 нэгжээр буюу 66.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гарсан зөрчил өмнөх онтой харьцуулахад 105 нэгжээр буюу 93.7 хувиар өссөн харагдаж байна.Үүнээс үзэхэд галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан 196 зөрчил буюу 40.6 хувь нь зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гомдол мэдээлэл эзэлж байна. Мөн галт тэргийг явган хүн саатуулсан 75, хариулгагүй мал зам дээр байсан 37 тохиолдол байлаа.Төмөр замын Цагдаагийн газрын алба хаагчид нийт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг 100 хувь шийдвэрлэсэн.
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
- 2022 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор багагүй ажил хийлээ. Цагдаагийн Ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан нэгдсэн 12, мөн УБТЗ-ын гэм хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хэсэгчилсэн арга хэмжээнайм, аян гурав, уулзалт зөвлөгөөн хоёрыг тус тус зохион байгуулж ажилласан.Тухайлбал, “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аян, “Иргэн таны төлөө” өдөрлөг, “Аюултай бүс ба хариулгагүй мал”, “Гарам” хэсэгчилсэн арга хэм хэмжээзэрэг олон ажил зохиосон. Мөн Д.Алтангэрэл даргатай Замын II ангитай хамтарч төмөр замын аюултай бүсийн ойр орчимд оршин суудаг мал бүхий иргэдэд аюултай бүсийн талаар мэдээ, мэдээлэл, холбогдох хууль тогтоомж сурталчлах ажлы тогтмол зохион байгуулж байна.
УБТЗ-аар үйлчлүүлж байгаа иргэд болон зорчигчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийн хүрээнд бэлтгэсэн зорилтот нэвтрүүлэг болон 59 төрлийн видео шторкийг өдөрт 30 минутын давтамжтайгаар Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын арын лед дэлгэц, Замын-үүд, Сайншанд, Дархан, Салхит, Баруунхараа, Зүүнхараа, Эрдэнэт, Сүхбаатар зангилаадын зорчигч үйлчилгээний төв буудлын хүлээлгийн танхимын дэлгэцээр сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол гарган иргэд олон нийтэд гарч болзошгүй гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг.Удахгүй сар шинэ болох гэж байгаатай холбоотой Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 03-27-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Цагаан сарын үеэр баяраар согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд зөв зохистой тааруулан хэрэглэх, хэтрүүлснээр ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой, холбогдох хууль тогтоомжийг баримтлан, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг зөвлөж байна.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн а/297, 360 дугаар тушаалын дагуу “Иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байдаг. Үүний дагуу иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл хүлээн авна. Хэрэв ийм мэдээлэл байдаг бол манай цагдаагийн 244050 болон 80003102 дугаарын утсаар холбогдож өгч болно.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!