УБТЗ ХНН-ын болон Сүхбаатар зангилааны 75 жилийн ойг тохиолдуулан ЗСБНХУ-ын ДЯЯ-ны төмөр замын барилгын 505 дугаар ангийн захирагч, хошууч генерал Федор Алексеевич Гвоздевскийн дурсгалд зориулсан хөшөөний нээлт Сүхбаатар өртөөний цэцэрлэгт хүрээлэнд аравдугаар сарын 15-ны өдөр боллоо.
Хөшөөний нээлтийн ёслолд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга А.Батболд болон бусад албаны хүмүүс, Сүхбаатар өртөөний ажилтнууд болон ахмад төмөр замчид оролцлоо.
Хөшөөний нээлтийн ёслолд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлэхдээ “Хошууч генерал Федор Алексеевич Гвоздевский бол ухамсарт бүх амьдралаа стратегийн томоохон бүтээн байгуулалт болох зам, барилгын үйл хэрэгт зориулсан домогт цэргийн дарга, удирдагч хүн юм. Тэрээр Аугаа эх орны дайны ид үед 1942 онд Саратов-Ленинградын хооронд төмөр зам барих ажлыг удирдаж байсан түүхтэй. Түүний хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь 1947-1949 онд Наушки-Улаанбаатарын хооронд тавьсан 400 гаруй км төмөр зам юм. Тэрээр Монгол нутагт ЗСБНХУ-ын ДЯЯ-ны төмөр замын барилгын 505 дугаар ангийн захирагчаар ажиллаж, 300 гаруй хүнийг удирдан богино хугацаанд энэ их бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн билээ. Энэ төмөр зам бол Монгол Оросын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг, Монголын Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц болсон түүхэн бүтээн байгуулалт билээ. Энэ их үйл хэргийг удирдсан домогт цэргийн даргын хөшөөг нээж байгаад баяртай байна” гэлээ.
Хошууч генерал Федор Алексеевич Гвоздевскийн хөшөөг барих санаачлагыг Сүхбаатар өртөөний хамт олон гаргаж, Барига орон сууцны албаны харьяа Барилга, ашиглалт үйлчилгээний 1-р ангийнхан хийж бүтээжээ.