Энэ жилийн төлөвлөгөөт зам шинэчлэлийн ажил аравдугаар сарын 4-нд Дулаан-Ерөө хоорондын замд эхэллээ. ЗЗМС-ын хамт олон тус хэсгийн 12.6 км-т зам шинэчлэлийн ажлыг 11 цонхонд багтаан хийж, энэ сарын 28-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өдрөөс өдөрт хүйтний ам наашилж буй тул замчид долоо хоногийн Даваа, Лхагва, Бямба гарагт цонх авч, цаг нартай уралдан хөдөлмөрлөж байна.
Дээрх хэсэг нь 22 тахиртай, тахирын радиус нь 270-350 метр бөгөөд засвар хийх нийт замын 9.2 км нь замын дэвсгэр зургийн хувьд нэлээд хүнд хэсэгт тооцогддог юм байна. Өмнө нь Дулаан-Ерөө хоорондын замд 2001 онд их засвар хийж байжээ. Үүний дараа Агуйт-Мааньт хоорондын замд зам шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөөд байна.
