Нүүр Сурвалжилга Д.Намхайнямбуу: Төмөр зам минь улам л сайхан болж байна даа
Сурвалжилга

Д.Намхайнямбуу: Төмөр зам минь улам л сайхан болж байна даа

G.Press 12 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

Замын II ангийн V хэсгийн дунд засварын үеэр Замын мэргэжлийн хошой аварга замчин Доржийн Намхайнямбуутай уулзаж цөөн хором хөөрөлдөх завшаан тохиосон юм. УБТЗ-д 35 дахь жилдээ ажиллаж буй удам залгасан төмөр замчны намтар эгэл даруухан ч түүний хоёргүй сэтгэл, хичээнгүй хөдөлмөрийг бахархан хүндэтгэхээс аргагүй. Түүний хувьд Эмээлт зөрлөг, “точик”-ийн байшин, ногоон вагон сэтгэлийнх нь хамгийн амар амгалан таатай бүс гэдэг ярианаас нь илт.

Д.Намхайнямбуу “Аав минь Эмээлт зөрлөгийн дарга, ээж минь замчин, дараа нь гармын жижүүр байлаа. Би дөрвөн хүүтэй айлын отгон нь. Аав минь намайг таван настайд өөд болсон болохоор аавын тухай багын бүдэг бадагхан дурсамж сэтгэлд үлдэж дээ. Харин ээж минь дөрвөн хүүгийнхээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Ах нар минь машинч, вагон үзэгч болж, нэг ах маань л төмөр замчин биш барилгачин болсон. Би Эмээлтийнхээ цэцэрлэгт хүмүүжиж, дараа нь дунд сургуульд орсон. Хот руу галт тэргэнд суугаад хичээлдээ явна. 73 дугаар сургуулийн дотуур байранд сууна. Замчдын хүүхдүүд бүгд л тэгээд явдаг байлаа. Тэр үед ажлын зургаа хоногтой болохоор одоогийнх шиг долоо хоног бүр гэртээ ирнэ гэж байхгүй. Дотуур байрны хүүхдүүд 1-4 дүгээр ангидаа 14 хоноод нэг удаа, таваас дээш ангийнхан 21 хоноод гэртээ ирнэ. Гэртээ хоёр хонохын тулд хагас сайны хичээлээсээ чөлөө авдаг байлаа. Тийм болохоор бид багаасаа биеэ дааж, их хэрсүү болдог байж. Манайх хэдэн үхэртэй. Зуны амралтаар үхэр тугалаа харах, хариулах нэрийдлээр энэ хөндийд тоглож өссөн. Тэр үед 75-ын тохойн эндээс горхи урсдаг байлаа. Замчдын хүүхдүүдтэй энэ горхин дээр л тоглож өнжинө. Тэр үед энд айл цөөтэй, хөдөө шиг... Булаг шанд ихтэй сайхан нутаг байлаа. Хүний амьдралын хамгийн жаргалтай үе, бодох санах юмгүй хүүхэд нас л юм даа. Гэхдээ айлын бага ч эрх хүүхэд байгаагүй. Гэр орны ажил, хоол хийх, үнээгээ саах, сүүгээ хөөрүүлж, таргаа бүрэх, үхрийн өвс тэжээл тавьж өгөх гээд ажил мундахгүй. Бүгдийг нь гялалзуулна. Ээжийг жижүүртэй өдөр хоол цайг нь дөхүүлж өгнө. Арай жаахан том болоод ирэхээрээ ээжийгээ дагаж зам дээр гарч ажилд нь тусална. Тэр үед зам модон дэртэй, ногоо их ургана. Ногоо зулгаах ажилд нь тусалдаг байлаа. Ер нь ганц би ч биш замчдын хүүхдүүд бүгд л аав, ээждээ тэгж тусалдаг байсан.

Сургуулиа төгсөөд цэргийн албанд мордсон. Би анхны хоёр жилийн цэрэг. Албаа хааж ирээд ээжийнхээ хэлснээр замчин болсон. Намайг замчин болоход замын мастер Лхагвасүрэн агсан, бригадын дарга Лхагважав нар намайг угтаж авсан даа. Тавдугаар хэсгийнхээ II тасагт Лхагважав бригадын даргынхаа шавь болж байлаа. Тэд намайг хүүхэд байхаас минь мэднэ. Бүр багаасаа таньж мэдэх хүмүүсийн дунд замчин болсон болохоор хэцүү зүйл байгаагүй. Нэг л мэдэхэд 35 жил ард үлджээ. Одоо би энэ тасагтаа ахлах замчнаар ажиллаж байна даа” гэв.

Хүний амьдралын 35 жил гэдэг эргээд болоход нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагддаг ч жаргалтай өдрүүд гялсхийх шиг хурдан одож, хүндхэн өдрүүд урт үргэлжилдэг шиг санагддаг. Таны амьдралд тийм үе хэр байв гэхэд “Сэтгэлээс гарахгүй олон дурсамж байлгүй яах вэ. Яг одоо ярих гэхээр тулгамдаад байх юм. Замчид бид халуунд халлаа гэж, хүйтэнд даарлаа гэж ажлаа хойш тавих эрхгүй хариуцлагатай ажил хийдэг. Нэг л өдөр санаанаас гардаггүй юм. Замчин болоод арав гаруй жил болчихсон байж билээ. Намар юм. Тэр өдөр эхлээд бороо орж байснаа сүүлд нь цас болоод хүйтэрч эхэлсэн. Тэгэхэд норох, даарахыг ясандаа тултал мэдэрсэн шүү. Тэглээ гээд замчид эхэлсэн ажлаа орхино гэж байхгүй. Тэр өдрийнхөө хийх ёстой ажлыг хийж байж л ажлаас бууна шүү дээ. Ер нь, замчны ажил амаргүй үедээ амаргүй. Гэхдээ сайхан ажил. Хүний хийж сурсан ажил хэцүү байдаггүй юм. Замчны ажлыг бяраар биш, эвээр, арга техникээр хийдэг. Одоо юм хөгжөөд улам л ахуй хангамж сайжраад сайхан болоод байна шүү дээ. Намайг анх замчин болж байхад ажлын хувцас ч өгдөггүй байлаа. Бидний үеийнхний хөвөнтэй дээл, хүрэм, орос бакаль гээд аль таарснаа л өмсдөг байлаа. Энэ сайхан ажлын гутал хувцас, шар хантааз чинь хожуу өгч эхэлсэн юм шүү дээ. Станц, гар утас гэж байсангүй. Өглөө зааварчилгаагаа аваад ажилдаа гарахдаа галт тэрэгний хуваариа сайн цээжилнэ. Хэзээ, хаанаас галт тэрэг ирэх вэ гэдгийг яг таг мэднэ. Их сонор, соргог ажиллана. Хариуцлага, сахилгаа сайн ухамсарлана. Одоо бүх зүйл хөгжиж байна. Төмөр зам минь улам л сайхан болж байгаа” гэж сэтгэл дүүрэн өгүүлэв.

Таныг шинэхэн замчин байх үеийн сэтгэлээс гардаггүй хөгжилтэй үйл явдал байдаг уу гэхэд инээгээд “Би 1988 он цэрэгт мордсон. 1990 онд халагдаад ирэхэд төр эргэчихсэн байлаа. Удалгүй картын бараанд орсон. Замчид бид завгүй өдөр бүр картын талханд дугаарлаж чадахгүй. Талхаа нэг авахдаа шуудайгаар нь авна. Тэр үед хөргөгч хөлдөөгч гэж байхгүй. Урин цагт шуудай талхаа яаж ийгээд л аргалаад иддэг байлаа даа. Тэр хэсэгхэн зуурын тарчигхан үеийг давахад амаргүй л байсан. Ээж минь шинэ хуулиар 45 настай тэтгэвэрт гарсан. Миний ээж Р.Памжав гэдэг хүн байлаа. 1955 онд төмөр замд илгээлт өвөртлөн ирсэн Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Ээж минь “Би утаат паравозтой үеийн төмөр замчин. Мандал өртөөнд анх сумчнаар ажлын гараагаа эхэлсэн” гэж ярьдаг байлаа гэж ээжийгээ дурслаа. Түүний хань Гэлэгнамхайн Цолмон бас л төмөр замчин. Өртөөний жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Хадмууд нь бас л төмөр замчид байж. Тэднийх нэг хүүтэй. Хүү нь уул уурхайн мэргэжил сонгожээ. Одоо 5-6 ачтай өнөр өтгөн өвөө, эмээ болсон гэнэ.

Тэрбээр, 2006 онд анх Замын мэргэжлийн аварга болж байжээ. 2025 оны ажлаараа дахин хошой аваргаар шалгарч, Замын мэргэжлийн аваргуудтай Вьетнам руу аялаад ирсэн нь амьдралынх нь нэгэн дурсгалтай мөч болжээ. Танд аялал ямар санагдав гэхэд инээгээд “Төмөр замынхаа буянд хилийн дээс алхаж, юм үзэж, нүд хужирлаад сайхан байлгүй яах вэ. Би өмнө нь ганц удаа л Эрээн орж үзсэн хүн шүү дээ. Гэхдээ мань мэтэд халуун орны цаг агаар нь таарахгүй юм билээ” гэж гүдэсхэн хариуллаа. Тэр эцэст нь “Замын V хэсгийн II тасгийн залуус минь бүгд л миний шавь нар даа. Шижигнэсэн сайхан залуустай ажиллаж байна. Залуустаа чаддаг мэддэг зүйлсээ хэлж ярьж өгч байна. Энэ жил тэтгэвэртээ гарах санаатай гэв. Түүнийг анх Замын мэргэжлийн аваргаар шалгарч, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялаахад ээж нь тун чиг их баярласан гэнэ. Харин тэрбээр УБТЗ-ын дээд шагнал “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгийг коронагийн үед хүртжээ. Аав, ээжийнхээ үйлсийг нэр төртэй үргэлжлүүлж яваа хүүгийн сэтгэл баяр бахархлаар дүүрэн байхаас яах вэ. 

 

Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.