“Замын аж ахуйн албаны диспетчерийн нэгдсэн систем”-ийн ажиллагсдын сургалтыг аравдугаар сарын 25-нд Замын II ангийг түшиглэн зохион байгуулав. Уг сургалтад Замын I-VI ангийн диспетчерүүд, Төмөр бетон дэрний үйлдвэр, Чулуун завод, Мод боловсруулах үйлдвэрийн ачилт буулгалт хариуцсан ажилчид, Зам засварын машинт станцын техникч, Замын аж ахуйн албаны диспетчерүүд, ангиудын орлогч дарга болон ахлах инженерүүд зэрэг нийт 43 хүн оролцлоо.
Уг сургалт нь “Замын аж ахуйн албаны диспетчерийн нэгдсэн системийн ажлыг зохион байгуулах журам”, “Анхаарамжийг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарах зөвлөмж”, “Багийн менежмент, багийн үйл ажиллагаа хөгжлийн сургалт”, “Албаны даргын 2022 оны өдрийн 18 дугаар тушаалын хэрэгжилтийн талаар салбар нэгжийн санал”, “Нэгдсэн удирдлагын төв диспетчерийн үйл ажиллагаатай танилцах” зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа. Сургалтын төгсгөлд оролцогсодын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн энэ үеэр ажил мэргэжилдээ амжилт гаргасан нэр бүхий ажилчдыг шагнаж урамшуулав. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын “Тэргүүний залуу” тэмдгээр Замын II ангийн диспетчер Э.Буянхишиг, Замын аж ахуйн албаны даргын өргөмжлөлөөр Замын аж ахуйн албаны диспетчер Н.Оюунчимэг, Замын I ангийн диспетчер Ц.Аззаяа, Замын II ангийн диспетчер Ч.Сэлэнгэ, Замын III ангийн диспетчер Б.Алтанчимэг, Замын IV ангийн диспетчер Б.Урангуа, Замын VI ангийн диспетчер Д.Лхагва-Эрдэнэ, Чулуун заводын бэлэн бүтээгдэхүүний нярав Ц.Цэвэлмаа нарыг шагналаа.