Жил бүрийн тавдугаар сарын 27-нд Дэлхийн хэмжил зүйн өдөр тохиодог. Энэхүү тэмдэглэлт өдрийг УБТЗ-ын хамт олон хоёр дахь жилдээ тэмдэглэлээ. 2022 онд анх удаа зохион байгуулахдаа цар тахлын хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор цахим хэлбэрээр зөвлөгөөн зохион байгуулж, 70 гаруй хүн оролцон УБТЗ-ын хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаатай танилцсан юм.  Өнөө жил УБТЗ-ын салбар нэгжийн хэмжил зүйл үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор танхимаар зохион байгуулж буйгаа УБТЗ-ын хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяр “Энэ удаагийн зөвлөгөөнд  хэмжил зүйн ажилтан, тэднийг шууд удирдах чиг үүрэг бүхий алба, салбар нэгжийн 60 гаруй хүн оролцлоо. Ихэвчлэн Худалдан авалт борлуулалтын албанаас нийлүүлэгдэж байгаа хэмжих хэрэгслийн чанарын асуудлыг хөндөн тавьж байна. Тухайлбал, энэ төрлийн худалдан авалт, нийлүүлэлтийг нэгдсэн журамд оруулах. Мөн Хэмжил зүйн төв чухал үүрэгтэй ажиллах ёстой талаар дурдаж байна. Голчлон Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуй, Зорчигч тээврийн албанаас энэ асуудлыг хөндөж байна. Энэ чиглэлд манай хамт олон хамтран ажиллахад татгалзах зүйлгүй. Хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, дагалдах бичиг баримт нь дутуу, үйлдвэрлэлийн шалгалт тохируулгад хамрагдаагүй  зэрэг маш олон төрлийн хэмжигч төхөөрөмж нийлүүлж байгааг манай төвийнхөн нэгдсэн журамд оруулах боломжтой гэж үзэж байна. Түүнээс гадна манай төвд үл эвдэх сорилын нэгдүгээр түвшний эрх олгох, сунгах сургалт явагддаг. Үүнтэй холбоотойгоор үл эвдэх сорилоос гадна бусад хэмжил зүйн тоног төхөөрөмж дээр ажилладаг хүмүүсийг мөн сургах санал зөвлөгөөний үеэр хөндөгдлөө” гэв.