Монгол наадмын тухай “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээс үзвэл монголчууд баяр наадмыг “хуран сар”-д (долоодугаар сар) тэмдэглэдэг байсан аж. Мөн Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн байдаг.
Долоон хошуу даншиг наадам
Наадам жил бүр тогтмол зохиогдох болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхлэлтэй гэж үздэг байна. Ширээт цагаан нуурын энэ наадамд бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Арван засгийн наадам
1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болсныг түүхэнд “Арван засгийн наадам” гэж тэмдэглэн үлдээжээ. Алдаг оног хийдэг байсан “Арван засгийн наадам” 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам болжээ. VIII Богд хаан насан өөд болох хүртэл буюу 1925 он хүртэл “Арван засгийн наадам” төрийн наадам болов. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ.
Ардын төрийн наадам
1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн чадвар урлагийн үзүүлбэртэй тэр наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба "Ардын" засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан байжээ. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоёуланд нь Вандан аварга түрүүлсэн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс тогтсоны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны тавдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг долдугаар сарын 11 гэж заажээ. Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш "Ардын хувьсгал ялсны ой" гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувьсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байсан.
Үндэсний их баяр наадам
1990 оноос хойш Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам хоёр гол улс төрийн намууд наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой” болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг албан ёсоор “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам” гэдэг урт нэртэй тэмдэглэх болсон байна.