УБТЗ-ын хэмжээнд Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр / ГМДОУӨ/-ийг 2011 оноос тэмдэглэж эхэлсэн. Өдөрлөгийн хүрээнд төмөр замын гармын тоноглолыг сайжруулан жишиг гарам болгон тохижуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй юм. Тиймээс энэхүү өдөрлөгийг угтан хэрхэн ажил зохион байгуулж буй талаар Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдоржоос цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ жилийн ГМДОУӨ-ийг УБТЗ хэзээ зохион байгуулах гэж байна вэ?
-16 дахь удаагийн ГМДОУӨ-ийн олон улсын хурал энэ сарын 06-ны өдөр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болно. Энэ оны ГМДОУӨ нь зорилтот бүлэг “Vulnerable users” буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн уриатайгаар зохион байгуулагдаж байгаа. Манай хувьд УБТЗ-ын түүхт 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уг өдөрлөгийг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ онд УБТЗ, Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газартай хамтран “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг үргэлжлүүлэн зохион байгуулна.
-Өдөрлөгийг угтаж гармын эрсдэл бууруулах чиглэлээр ямар ажил хийв?
-2023 онд гармын нэгдсэн тооллого хийж, 376 гарамд эрсдлийн үнэлгээг хийснээр гол болон салаа салбар замуудад байрлах “Гарам ашиглах журам”-ын шаардлагад нийцээгүй эрсдэл өндөр 16 гармыг хаасан. Мөн хоёр түвшний огтлолцол бүхий хонгилон гарц барих ажлыг Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн захиргаатай хамтран гүйцэтгэлээ. Энэ хүрээнд эрсдэл өндөртэй гурван цэгт авто замыг төмөр замтай хоёр өөр түвшинд огтлолцуулсан хонгилон гарц барьсан. Тодруулбал, Сүхбаатар-Дулаан хоорондын 25 дугаар км-т, Шарын голын 42 дугаар км-т, Эмээлт-Толгойт хоорондын 379 дүгээр км-т хонгилон гарц барилаа. Гурван хонгилон гарц барих ажилд нийт хоёр тэрбум 131 сая төгрөг зарцуулсан. Энэ нь тухайн хэсэгт төмөр зам хөндлөн гарах жолооч, ард иргэдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан чухал хөрөнгө оруулалт болсон.
ГМДОУӨ-ийг угтан УБТЗ жил бүр гармын техникийн байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Энэ онд таван гармын техникийн байдлыг сайжруулахаар төлөвлөсөн. Үүнд, Дархан-1-Дархан-2 өртөө хоорондын 127, Хангай-Багахангай хоорондын 508, Айраг-Алтганы гол хоорондын 753, Түшлэг-Өргөн хоорондын 937, Эрдэнэт-Улаантолгой хоорондын 157 дугаар км-ийн гармыг тус тус жишиг болгон тоноглох ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Эдгээрээс гадна Улаанбаатар хотод байрлах 396 дугаар км-т байрлах гармаар өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо их, ачаалалтай эрсдэл өндөр байдаг. Энэ гармыг нийслэл, Авто замын хөгжлийн газартай хамтран хоёр түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг ашиглалтад оруулахад хамтран ажиллаж байгаа. Цаашид ийм төрлийн хонгилон гарцыг 398, 401, 407 дүгээр км-үүдэд барихаар төлөвлөж, 398, 401 дүгээр км-ийн ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн төмөр замын гарам дээр гарч буй эрсдлийг бууруулах талд анхааран ажиллаж байна. Түүнчлэн, нийслэл хот төдийгүй Багахангай-Мааньт хоорондын 518 дугаар км-т байрлах гармыг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хоёр өөр түвшинд огтлолцуулах ажлыг хийсэн.