Нүүр Цаг үе Дархан өртөө ХАБЭА-н аяны хүрээнд олон ажил хийлээ
Цаг үе

Дархан өртөө ХАБЭА-н аяны хүрээнд олон ажил хийлээ

G.Press 3 долоо хоногийн өмнө 36 үзэлт 0 сэтгэгдэл

Дэлхий нийтийн хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор сарын аян зарласантай холбогдуулан Дархан хэсэглэлийн хэмжээнд Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөгөөг үндэслэн 15 зүйл бүхий төлөвлөгөө батлуулан бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. Жил бүр энэхүү сарын аяны ажлыг сурталчлах зорилгоор Дархан-1 өртөөний жижүүрийн байрны гадна хананд тухайн жилийн уриа бүхий хулдаасан хэвлэл байршуулж, бүтэн жилийн турш байлгадаг уламжлал тогтсон нь үр дүнгээ өгч байгаа билээ. Мөн Дархан-Уул аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ “Байгууллагын галын аюулгүй байдал”, JCI Mongolia academy-ийн сургагч багш Г.Бүрэн-Итгэл “Байгууллагын сэтгэл зүй”, Фитнесийн хувь хүний хөгжлийн багш О.Баттулга “Эрүүл зөв хооллолт, хөдөлгөөнөөр эрүүлжихүй” сэдвээр тус тус сургалт орлоо. Сургалтад шугам замын ажилтнуудыг цахимаар хамруулан зохих мэдлэг, мэдээлэл өгч, эерэг нөлөөллийг үзүүлэв. Харин танхимаар хамрагдсан ажилтнуудаар дасгал ажлыг хийлгэж, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгсөн юм.

Мөн өртөөний даргын баталсан удирдамжийн дагуу дөрөвдүгээр сарын 28-нд Дархан хэсэглэлийн хэмжээнд ХАБЭА-н мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд урилгаар Тээвэр зохион байгуулалтын албаны Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Отгонбат, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хойд хэсгийн байцаагч О.Анхбат нар хүрэлцэн ирж сонирхлоо. Мөн өртөөний орлогч дарга нар болон ИТА-ууд хүрэлцэн ирж баг хамт олноо дэмжин эерэг уур амьсгалыг бүрдүүлэв. Шүүгчээр өртөөний дарга Б.Ганзориг, ерөнхий инженер Г.Энхбаяр, ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбаатар нар ажиллалаа. Тэмцээнийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, гурван төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр явуулсан буюу ажилтнуудын дундаас гэрийн даалгаврын төрөлд өдөр тутмын ажилд ХАБЭА талаас хүндрэлтэй 10 асуудлыг гарган ирж, цаашид инженерчлэлийн болон орлуулах аргаар шийдвэрлэхээр ХАБЭА-н зөвлөлөөр хэлэлцүүлэхээр боллоо. Шинэ залуу ажилтнуудын хувийн ур чадвар, soft skill-ийг сайжруулахын тулд мини илтгэлийн төрлийг оруулав. Тэмцээний гол зорилго болох багийн гишүүн бүрийн мэдлэгт тулгуурласан асуултыг дэлгэц дээр гаргаж, хариултыг самбарт бичиж өргөх хэлбэрээр зохион байгуулсан нь сонирхолтой, үр дүнтэй байлаа.  

Түүнчлэн, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Европын холбоотой хамтран эхлүүлж буй “Эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь” төслийн гүйцэтгэгч байгууллагаар Дархан өртөө шалгарч, цаашид хэрэгжүүлж ажиллахаар эхний хэлэлцүүлэгтээ хамрагдлаа. Хэлэлцүүлэгт өртөөний дарга Б.Ганзориг, ХАБЭА хариуцсан инженер Б.Хэрлэнбат, ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбаатар, хүний нөөцийн мэргэжилтэн Л.Оюундулам, нягтлан бодогч С.Золзаяа нар оролцсон. Мөн ХАБЭА-н сарын аянд зориулж нөлөөллийн 12 зурагт хуудас болон видео бичлэг, подкаст тус бүр хоёрыг хийж цахимаар дамжуулан ажилтнуудад хүргэснээс гадна дөрвөн удаа сургалт зохион байгуулж, ажилтнуудын ажилдаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлын байрны хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр бодитой ажлууд санаачилж гүйцэтгэсэн нь үр өгөөжөө өгч байна.

 

Б.Хэрлэнбат

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.