Өнгөрсөн Ням гарагт Халх голын дайн, Эх орны дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон эрх чөлөө, энх тайвны төлөө халуун амиа өргөсөн Монгол, Орос дайчдын дурсгалыг хүндэтгэх, тэдний алдар гавьяаг хойч үеийнхэнд таниулах зорилго бүхий  тайван жагсаал боллоо. Жагсагчид Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл жагсаж, Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уг тайван жагсаалд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Ерөнхий инженер С.П.Старцев тэргүүтэй  мэргэжилтнүүд гэр бүлийн хамт оролцлоо. Уг жагсаалд оролцсон УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлсэн үгэндээ “Агуу их ялалтын 78 жилийн ойн босгон дээр би хамгийн түрүүнд энэхүү ялалтыг бид нарт бэлэглэхийн төлөө амь насаа үл хайрлан тулалдсан баатарлаг эрс, өвөг дээдэс маань цөөрсөөр тэдэнтэй биечлэн гар барьж, хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслох боломжгүй болоод байгааг тэмдэглэмээр байна. Өнгөрсөн зуунд Германы фашистууд дайн дэгдээхэд бидний хоорондын үндэстний, насны ялгаа үгүй болж, бид бүгд нэгдэж дайнд оролцсон. Мөн бид энэ дайныг, Агуу их ялалтын өдрийг үргэлж санан дурсаж явах ёстой гэдгийг хэлмээр байна.

Хоёр долоо хоногийн өмнө би 4-15 насны хүүхдүүдийн дайны тухай шүлгийн тэмцээнд оролцсон. Нэг талаас, дайн, үхэл зовлон, оршуулга гэх мэт аймшигт үгс хүүхдүүдийн амнаас гарсан бол нөгөө талаас, тэдгээрийн эцэг эхчүүд бидний залуу хойч үедээ өвөг дээдсээрээ бахархах, шударга ёсыг төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаад талархах сэтгэл төрсөн.

Нэмж хэлэхэд, би энэ дайны дурсамжууд ном, кино, дуунд үлдээд, харин бидний зүрх сэтгэлд өвөг дээдсийнхээ эр зориг, баатарлаг байдлын төлөөх хайр, бахархал, баяр баясгалан болж үлдээсэй гэж ерөөж байна! Ялалтын баярын мэнд хүргэе” хэмээлээ.