Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хүн бүр мэддэг. Харин бидний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолдоод байдаггүй учир бусад санамсаргүй эрсдлүүдийн даатгалын талаар мэдээлэл бага. Аливаа гэнэтийн тохиолдол эерэг, сөрөг талтай. Сөрөг талынх нь, элдэв өвчин, гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, мөн газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, аадар бороо, мөндөр, аянга, үер, хөрсний нуралт, цөмрөлт гэх мэт эрсдлүүд бий.
Сүүлийн үед байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшигт үзэгдэл ихсэж байгаагаас иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол учирч, үүссэн эрсдлийг даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамтад өртөж, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсаж байна. Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулсан гэнэтийн болон санамсаргүй, эрсдэл агуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл нь даатгал юм.
Даатгал нь даатгалын гэрээний үндсэн дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эрсдлээ даатгуулж, даатгалын хураамж төлөх, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол болсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр олгох итгэлцэл дээр суурилдаг үйл ажиллагаа юм. Даатгал сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй. Ихэнх даатгал тухайлбал, хөдөлмөрийн чадвар түр алдалтын, гэнэтийн ослын, эд хөрөнгийн, тээврийн хэрэгслийн даатгал нь иргэд, хуулийн этгээдийн сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд харин албан журмын даатгал нь тухайлсан хуулинд тусгагдан, эрсдэл, нөхцөлийн талаар нарийвчлан оруулсан тусгай журмаар зохицуулагддаг. Жишээлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг нэрлэж болох бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, зам тээврийн хөдөлгөөнд оролцогч жолооч бүр өөрийн хариуцлагаа заавал даатгуулах үүрэгтэй.
Тээврийн хэрэгслийн даатгал нь гал түймэр, аянга цахилгаан, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, мөндөр, үер зэрэг байгаль, цаг уурын үзэгдлийн улмаас учирч болзошгүй эрсдэл, цахилгаан болон сантехникийн шугамын гэмтэл болон байшин, барилга байгууламжийн нуралт, мөн гадны нөлөөлөл, хөндлөнгийн этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас бий болж болзошгүй эрсдлээс иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг даатгах, учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу барагдуулах зорилго бүхий сайн дурын даатгал юм. Мөн сайн дурын даатгалын төрөл болох эд хөрөнгийн даатгалд орон сууц, зуслангийн байшин, гэр, хашаа, тавилга, эд хогшил, цахилгаан, электрон тоног төхөөрөмж, бараа материал, мал, амьтад хамрагддаг.
Даатгуулагч, ямагт мэдвэл зохих нэг чухал зүйл бол ямар ямар эрсдлээ, хэдий хэмжээгээр үнэлэн даатгуулах гэж байгаа болон хэдэн төгрөгийн хураамж төлөх зэргээ зөв сонгох хэрэгтэй. Даатгалын тохиолдол гэж тооцох нөхцөлүүд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг заасан даатгалын гэрээний нөхцөлтэйгөө сайтар танилцах шаардлагатай юм. Ямар эрсдлүүдийг хамруулан даатгаж буйгаас хураамжийн хэмжээ хамаардгийн зэрэгцээ хэрэв эд хөрөнгө даатгуулж буй бол түүний ашиглалтын нөхцөл байдал нь эрсдэл үүсэж болзошгүй стандарт бус тоног төхөөрөмж хэрэглэдэг эсэх, технологийн бус үйл ажиллагаа явуулдаг эсэх гэх мэт нөхцөл байдлыг даатгалын байгууллагаас урьдчилан судлаад зарим шаардлагуудыг хангасан байх нөхцөлийг тавьж болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулах идэвхи төдийлөн сайн бус байгаа нь нэг талаас даатгалын агуулга, ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй, нөгөө талаас тэдний даатгуулах идэвх, хүсэл сонирхол сул, үл ойшоосон хандлагаас ихээхэн хамаарч байна.
“Өнгөрсөн саруудад болсон үерийн улмаас 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4,000 гаруй толгой мал хорогдсон тухай” Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаар хийсэн мэдээлэлд онцолсон байна. /эх сурвалж: ikon.mn 2023.08.15/
Аадар бороо, аянга, мөндөр, хүчтэй салхи, шуурга, зуд турхан тохиолдох, гэнэтийн аюул, осол байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд сайжруулах, бэлэн байдал, бэлтгэл ажлыг сайтар хангахаас гадна даатгалын хамгаалалт, үйлчилгээг авч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хариуцлагаа даатгуулж, даатгалын тохиолдол болсон үед даатгалаар дамжуулан учирсан хохирлоо нөхөх, санхүүгийн эрсдлээ бууруулах боломжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ашиглах амьдралын зайлшгүй шаардлага бий болж буй өнөө үед манай даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй даатгалын 18 компанийн үүд хаалга нээлттэй байгааг уламжилж, олон нийтийг даатгалд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
“Ган зам даатгал”компани13.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулав
Тус компаний хувьд даатгалын тохиолдлыг бүртгэх, материалыг хүлээн авч судлах, хохирлын үнэлгээг шалган тооцож нөхөн төлбөрийг олгох ажлыг компанийн зүгээс шалтгаалах хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай шийдвэрлэх, даатгуулагчдынхаа итгэлийг бэхжүүлэн ажиллахад онцгой анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байна. Тус компани зөвхөн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлд олгосон нөхөн төлбөрийг жишээ болгоход, энэ оны IV, V сард Дорноговь, Говьсүмбэр аймгийн нийт нутгаар олон удаагийн давтамжтай шороон шуурга шуурч, гамшигт үзэгдэл болж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулсан үеэр ажилласан Замын III ангийн шуурхай үйлчилгээний болон хэсгийн ес, Дохиолол холбооны III ангийн дөрөв, Замын IV ангийн долоо нийт 20 тээврийн хэрэгслийн цонх, салхины шил, гэрэл дохио, нүүр буфер, крыло гэмтсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээ, тодорхойлолт авч, баталгаажуулан 13.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулсан болно.
Даатгалд хамрагдсан иргэд, байгууллага сүүлийн үед болсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлоо хэрхэн барагдуулах, цаашид учирч болзошгүй эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг өгч байна.
-
Даатгуулсан тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд үерийн улмаас хохирол учирсан бол даатгалын гэрээний “эрсдэл” хэсэгт “Үер, усны эрсдэл” болон “Байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэл”-ийг сонгож даатгуулсан эсэхээ шалгах
-
Хэрэв даатгалын гэрээгээ үрэгдүүлсэн бол Монголын даатгалын холбооны 77668001 дугаарын утсанд болон тус холбооны фейсбүүк хуудсанд хандаж, тээврийн хэрэгслийн улсын дугаараар нь даатгалтай эсэхээ шалгуулж, зөвлөгөө, мэдээлэл авах
-
Үерт хохирсон тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа бөгөөд даатгалтай эсэхээ мэдэхгүй бол тухайн банк болон банк бус санхүүгийн байгууллагад хандаж, даатгалын гэрээ байгуулсан эсэхийг шалгуулж, даатгуулсан бол тухайн даатгалын компанид хандах
-
Цаг уур, орчны шинжилгээний газрын байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, үер ус, цас, зудны талаарх албан ёсны мэдээг тогтмол авч, энэ үндсэн дээр иргэд, байгууллага өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах, учирч болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээг авч байхыг хэвшил болгох нь зүйтэй байна.
“Ган зам даатгал” ХХК
