УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер, ШУТИС ийн харьяа Механик инженер, тээврийн сургуулийн докторант, металлургийн судлаач Ц.Золбаатартай ярилцлаа.
-Та судалгааны ажлаа төмөр замчдад энгийнээр тайлбарлавал юуг судалж байгаа вэ?
-Миний судалгааны гол санаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, өргөх механизм, гүүрэн кран, ачааны вагоны металл хийц зэрэг олон жил ачаалал авч ажилладаг эд ангиудад үүсдэг хүчдэл төвлөрсөн бүсийг эрт илрүүлэх юм. Энгийнээр хэлбэл, металл гаднаасаа бүтэн, хэвийн харагдаж байгаа ч дотроо ядрах, үлдэгдэл хүчдэл хуримтлуулах, бичил ан цав үүсэх, бүтэц нь өөрчлөгдөх процесс явагддаг. Энэ өөрчлөлт эхний үед нүдэнд харагдахгүй, энгийн гадна үзлэгээр мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ тухайн хэсэгт металл аль хэдийн “ажиллаж ядарсан”, өөрөөр хэлбэл, ирээдүйд гэмтэл үүсэх нөхцөл бүрдсэн байх боломжтой. Миний судалгааны зорилго эвдэрсний дараа шалгах биш, харин эвдрэхээс нь өмнө эрсдэлтэй хэсгийг олж тогтоох юм. Төмөр замын хувьд энэ нь маш чухал. Учир нь нэг жижиг ан цав, нэг сул зангилаа, нэг буруу оношилсон эд анги зөвхөн техникийн асуудал биш, хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг.
-“Металл хөгширдөг” гэж та ярилаа. Энэ ойлголтыг энгийнээр тайлбарлавал?
-Металл хүн шиг насжилттай. Гэхдээ металлын хөгшрөлт гэдэг нь зөвхөн олон жил ашиглагдсаныг хэлэхгүй. Ачаалал, доргилт, температурын хэлбэлзэл, чийг, зэврэлт, засварын чанар, ашиглалтын горим гээд олон хүчин зүйл металлын дотоод бүтцэд аажмаар нөлөөлдөг. Ачааны вагон гэхэд өдөр бүр олон тонн ачаа тээвэрлэнэ. Замын хэвгий, тоормослолт, огцом таталт, ачааны жингийн өөрчлөлт, улирлын халуун хүйтэн, гагнаас орчмын үлдэгдэл хүчдэл зэрэг нь арлын металл хийцэд давтагдсан ачаалал өгдөг. Энэ давтагдсан ачааллын нөлөөгөөр зарим хэсэгт хүчдэл төвлөрч, улмаар бичил гэмтэл үүсэх нөхцөл бүрдэнэ. Гаднаас нь хараад “энэ эд анги бүтэн байна” гэж бодож болно. Гэхдээ дотор нь материалын бүтэц өөрчлөгдөж, цуцалт хуримтлагдсан байж болно. Тиймээс металл хөгширнө гэдэг нь хугацаа өнгөрөхөөс гадна ачааллын түүх, ашиглалтын нөхцөл, материалын дотоод төлөвийн өөрчлөлт гэсэн илүү өргөн ойлголт юм.
-Хэмжил зүйн төвийнхөн үл эвдэх сорилт гэж их ярьдаг шүү дээ. Төмөр замд яагаад энэ нь зайлшгүй хэрэгтэй вэ?
-Үл эвдэх сорилт гэдэг нь эд ангийг тайрахгүй, эвдэхгүй, ашиглах боломжийг нь алдагдуулахгүйгээр дотор болон гадаргууд байгаа согог, ан цав, хүчдэл төвлөрөл, материалын өөрчлөлтийг илрүүлэх арга юм. Төмөр замд үл эвдэх сорилт зайлшгүй хэрэгтэй. Учир нь вагон, зүтгүүр, гүүрэн кран, өргөх механизм, даралтат сав, гагнаасан металл хийц зэрэг нь бүгд хүний амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал, тасралтгүй тээвэрлэлттэй холбоотой. Нэг жижиг ан цавыг үүссэн даруйд нь илрүүлбэл засварыг төлөвлөж болно. Харин оройтвол гэнэтийн эвдрэл, зогсолт, ноцтой ослын эрсдэл үүснэ. Үл эвдэх сорилтын гол ач холбогдол нь эвдрэл гарсан эсэхийг харахаас гадна цаашид эвдрэх магадлалтай эсэхийг урьдчилан үнэлэхэд оршдог. Энэ нь үл эвдэх сорилт бол засварын ажилд туслах арга төдий биш, харин төмөр замын аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх хамгаалалтын нэг хэлбэр. Манай Хэмжил зүйн төвийн хамт олон энэ чиглэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт, үл эвдэх сорилт, оношилгоо, эвдэх сорилт, металл судлалын ажлуудыг шат дараатай хийж байна.
-Соронзон санамжийн арга гэдгийг та тайлбарлаж өгвөл?
-Металлын соронзон санамжийн арга гэдэг нь гаднаас хүчээр соронздохгүйгээр, металлын өөрийнх нь соронзон орны өөрчлөлтийг хэмжиж, хүчдэл төвлөрсөн бүсийг илрүүлэх арга юм. Энгийнээр хэлбэл, металл өөр дээрээ ажилласан ачаалал, суналт, доргилт, хүчдэл, хэв гажилтын “ул мөр”-ийг соронзон орны өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд хадгалдаг гэж ойлгож болно. Бид тусгай багажаар тухайн хэсгийн соронзон орны өөрчлөлт, градиент, пик буюу огцом өсөлтийг хэмждэг. Хэрэв тодорхой хэсэгт соронзон дохио огцом өөрчлөгдвөл тэр нь дотоод хүчдэл хуримтлагдсан, хэв гажилт идэвхжсэн, эсвэл ирээдүйд ан цав үүсэх эрсдэлтэй бүс байж болно. Гэхдээ нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Металлын соронзон санамжийн арга нь ан цавын хэмжээг шууд мм-ээр заагаад өгдөг арга биш. Харин хаана эрсдэл байна, хаана хүчдэл төвлөрсөн байж болох вэ гэдгийг урьдчилан заадаг оношилгооны арга юм. Тиймээс энэ аргыг дангаар нь эцсийн шийдвэр гэж үзэхээс илүү, бусад үл эвдэх сорилын аргуудтай хослуулж хэрэглэх нь зөв. Жишээлбэл, соронзон санамжийн арга эрсдэлтэй бүсийг заана. Дараа нь тухайн бүсийг хэт авианы сорилт, соронзон бөөмийн сорил, гадна үзлэг, металл химийн, механик туршилтаар нарийвчлан баталгаажуулж болно.
-Таны судалгаа ачааны вагоны аюулгүй байдалтай яаж холбогдож байна вэ?
-Ачааны вагон бол төмөр замын өдөр тутмын тээврийн үндсэн үзэхээ мэдэхгүй бүх газрыг шалгах биш, харин эрсдэл өндөртэй хэсгээ эхэлж олж, тэндээ нарийвчилсан оношилгоо хийх тогтолцоонд нэгж. Вагон олон жил ашиглагдах үед арлын металл хийц, гагнаас, тулгуур хэсэг, ачаалал дамжуулах зангилаанууд хамгийн их ачаалал авдаг. Миний судалгаанд ачааны вагоны арлын металл хийцэд үүсэх хүчдэл төвлөрсөн бүсийг металлын соронзон санамжийн арга, суналтын туршилт, металл химийн шинжилгээтэй уялдуулан судалж байна. Судалгааны практик ач холбогдол нь тодорхой. Хэрэв бид эрсдэлтэй хэсгийг урьдчилан илрүүлж чадвал засварын ажлыг илүү оновчтой төлөвлөнө. Ашиглалтын хугацааг илүү бодит үндэслэлтэй үнэлнэ. Хамгийн гол нь гэнэтийн эвдрэлээс сэргийлэх боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бүх эд ангийг адилхан шалгахаас илүү аль хэсэг хамгийн их ачаалал авч байна, аль хэсэгт соронзон аномаль өөрчлөлт илэрч байна, аль хэсгийг эхэлж нарийвчлан оношлох ёстой вэ гэдгийг тогтоох нь чухал. Энэ нь эрсдэлд суурилсан оношилгооны нэг хэлбэр юм.
-УБТЗ-ын гүүрэн кран, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний өнөөгийн нөхцөлд юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ?
-УБТЗ-ын хэмжээнд олон төрлийн тоног төхөөрөмж, металл хийц удаан хугацаанд ашиглаж байна. Гүүрэн кран, өргөх механизм, даралтат сав, хөдлөх бүрэлдэхүүний зангилаа, вагон, зүтгүүрийн металл хийцүүд бүгд давтагдах ачаалалтай орчинд ажилладаг. Иймд эдгээрийг зөвхөн гадна үзлэгээр үнэлэх нь хангалтгүй. Нэгдүгээрт, насжилттай тоног төхөөрөмжийг эрсдэлд суурилсан оношилгоо руу шилжүүлэх хэрэгтэй. Аль объект өндөр ачаалалтай, аль нь олон жил ажилласан, аль хэсэгт өмнө нь засвар хийсэн, аль хэсэгт гагнаас болон геометрийн огцом шилжилт байна гэдгийг харгалзан үзлэгийн давтамж, оношилгооны аргыг сонгох нь зөв. Хоёрдугаарт, үл эвдэх сорилтын аргуудыг дангаар нь бус, хослуулан хэрэглэх шаардлагатай. Гадна үзлэгээр ерөнхий төлөвийг харна. Соронзон бөөмийн сорилтоор гадаргуугийн ан цавыг илрүүлнэ. Хэт авианы сорилтоор дотоод согогийг шалгана. Соронзон санамжийн аргаар хүчдэл төвлөрсөн байж болох бүсийг урьдчилан заана. Ингэж шаталсан оношилгоо хийвэл дүгнэлт илүү бодитой болно. Гуравдугаарт, хэмжилтийн үр дүнг хадгалж, өмнөх жилүүдтэй харьцуулдаг тогтолцоо хэрэгтэй. Нэг удаагийн хэмжилтээс илүү олон жилийн өгөгдөл дээр үндэслэсэн оношилгоо найдвартай. Өнөөдөр хэвийн байсан хэсэг дараа жил хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг харж чадвал эвдрэлийн эрсдэлийг илүү эрт мэднэ.
-Хэмжил зүйн төвийн хамт олон энэ чиглэлд ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Хэмжил зүйн төвийг зөвхөн “багаж шалгадаг нэгж” гэж ойлговол өрөөсгөл. Манай төвийн ажил төмөр замын хэмжилтийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт хийх, үл эвдэх сорилтын багаж хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, металл эд анги, сорьцод сорилт туршилт хийх, оношилгооны арга зүйг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй. Хэмжилт үнэн зөв байхгүй бол оношилгооны дүгнэлт буруу гарна. Оношилгооны дүгнэлт буруу бол засварын шийдвэр буруу төлөвлөгдөнө. Тиймээс хэмжил зүй бол төмөр замын аюулгүй ажиллагааны далд боловч маш чухал суурь юм. Манай төвийн хамт олон хэмжих хэрэгсэл, үл эвдэх сорилтын багаж төхөөрөмжийн шалгалт тохируулга, баталгаажуулалт, сорилт оношилгоо, сургалт, арга зүйн чиглэлээр ажиллаж байна. Мөн үл эвдэх сорилт, оношилгоо, хяналтын лаборатори MNS ISO17020 стандартаар итгэмжлэгдсэн хяналтын байгууллага болсон нь чанарын тогтолцоог бэхжүүлэх чухал алхам гэж харж байна.
-Үл эвдэх сорилтын багаж сайтай байхад л оношилгоог асуудалгүй хийх юм байна гэж ойлгож болох уу?
-Үл эвдэх сорилтод багаж сайн байх нь хангалтгүй. Багажийг зөв тохируулах, байрлуулах, дохиог зөв унших, стандартын дагуу үнэлэх, инженерийн зөв дүгнэлт гаргах нь мэргэжилтний ур чадвараас шууд хамаарна. Нэг ан цавыг туршлагагүй хүн энгийн зураас гэж хараад өнгөрч болно. Харин мэргэжлийн хүн тухайн дохионы хэлбэр, байрлал, чиглэл, давтамж, материалын төрх байдалтай уялдуулж, энэ нь гадаргуугийн бохирдол уу, гагнуурын согог уу, цуцалтын ан цавын эхлэл үү гэдгийг ялгана. Тиймээс үл эвдэх сорил нь зөвхөн багажийн ажил биш. Энэ бол инженерийн сэтгэлгээ, стандартын мэдлэг, туршлага, хариуцлагын нийлбэр юм. Бид багаж төхөөрөмжийг шинэчлэхээс гадна хүний ур чадварыг тогтмол хөгжүүлэх ёстой.
-Таны судалгааны үр дүн үйлдвэрлэлд шууд хэрэгжих боломжтой вэ?
-Миний судалгааны үр дүнг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх хамгийн боломжит чиглэл бол эрсдэлтэй хэсгийг урьдчилан ангилах юм. Өөрөөр хэлбэл, бүх эд ангийг адил түвшинд үзэх биш, хамгийн их ачаалал авдаг, хамгийн их соронзон аномаль өөрчлөлт илэрдэг, хамгийн их хүчдэл төвлөрөх магадлалтай хэсгийг эхэлж оношлох боломжтой. Жишээлбэл, ачааны вагоны арлын металл хийцэд металлын соронзон санамжийн хэмжилт хийхэд тодорхой цэгүүд дээр соронзон градиент өндөр гарч байвал тухайн хэсгийг илүү нарийвчилсан хяналтад оруулна. Дараа нь шаардлагатай бол хэт авианы сорилт, соронзон бөөмийн сорилт, металл химийн шинжилгээгээр баталгаажуулна. Ингэж шаталсан байдлаар оношилбол цаг хугацаа, хөдөлмөр, засварын төлөвлөлт илүү оновчтой болно. Энгийнээр хэлбэл, бид хаана үзэхээ мэдэхгүй бүх газрыг шалгах биш, харин эрсдэл өндөртэй хэсгээ эхэлж олж, тэндээ нарийвчилсан оношилгоо хийх тогтолцоонд шилжих хэрэгтэй.
-Цаашид ямар чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна даа?
-Цаашид бид оношилгоог зөвхөн “үзлэг хийсэн эсэх” гэдэг байдлаар биш, өгөгдөлд суурилсан техникийн төлөвийн үнэлгээ болгон хөгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хөдлөх бүрэлдэхүүн, гүүрэн кран, өргөх механизм, даралтат сав зэрэг өндөр эрсдэлтэй объект бүрийн оношилгооны түүхийг цахимжуулах шаардлагатай. Өмнөх жилийн хэмжилт, энэ жилийн хэмжилт, аномаль өөрчлөлт, засварын түүхийг нэгтгэж харвал тухайн эд ангийн “эрүүл мэндийн түүх” бий болно. Хоёрдугаарт, оношилгооны аргуудыг нэгтгэсэн стандарт аргачлалтай болгох хэрэгтэй. Нэг объект дээр гадна үзлэг, геометр хэмжилт, металлын соронзон санамж, хэт авианы сорилт, соронзон бөөмийн сорилт, шаардлагатай тохиолдолд эвдэх сорилт хийх дарааллыг тодорхой болгох нь чухал. Гуравдугаарт, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй шууд холбох шаардлагатай. Лабораторид гарсан үр дүн бодит вагон, кран, тоног төхөөрөмж дээр батлагдаж байж үнэ цэнтэй болно. Тиймээс Хэмжил зүйн төвийн цаашдын чиглэл нь зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна судалгаа-оношилгоо-стандарт үйлдвэрлэл гэсэн гинжин холбоог хөгжүүлэхэд чиглэх ёстой.
-Ярилцлагын төгсгөлд төмөр замчдад хандаж юу хэлэх вэ?
-Металл эд анги гаднаасаа бүтэн харагдаж байлаа гээд дотроо аюулгүй гэсэн үг биш. Тиймээс оношилгоо, хэмжилт, үл эвдэх сорилт бол цаасан дээрх шаардлага биш, харин хөдөлгөөний аюулгүй байдлын бодит хамгаалалт юм. Металл ярьдаггүй. Гэхдээ зөв багажаар, зөв аргачлалаар, мэргэшсэн мэргэжилтэн хэмжвэл металл бидэнд өөрийнхөө төлөв байдлыг хэлж өгдөг. Бид тэр дохиог сонсож, ойлгож, цаг тухайд нь арга хэмжээ авах ёстой. Бидний хийж буй ажил бол эвдрэл гарсны дараа буруутан хайх биш, эвдрэл гарахаас өмнө эрсдэлийг илрүүлэх ажил гэдгийг дахин хэлье. Хэмжил зүйн төвийн хамт олон энэ үүргээ төмөр замын аюулгүй байдал, инженерийн хариуцлага, судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Миний хувьд байгууллагын ерөнхий инженер, докторант, металлургийн судлаачийн хувиар энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцсэн, ирээдүйд урьдчилан сэргийлэх оношилгооны тогтолцоо болгон хөгжүүлэхийг зорьж байна.
-Төмөр замын үл эвдэх сорилт, оношилгооны ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд
