Замын аж ахуйн албаны харьяа Чулуун заводын ажил үйлсийн талаар заводын дарга Н.Отгонбаатараас цөөн асуултаар тодрууллаа.
-Манайх оны эхний найман сарын байдлаар 90042 шоо метр шебень, 10-20-ийн хайрга 16800, 5-10-ийн хайрга 9600 шоо метрийг үйлдвэрлэсэн. Үүнээс гадна Замын даргын тушаалаар үерийн нөөцийн бүх чулууг бэлтгэн Замын ангиудад нийлүүлдэг. Өнгөрсөн саруудад үер усны аюулаас шалтгаалж, замын суваг шуудуу, гүүр хоолойн шал шанаа эвдрэхэд шаардлагатай үерийн чулууг бэлтгэн нийлүүлсэн.
Оны эхний найман сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө 104.3 хувьтай биелэгдэж байгаа. Цаашид энэ эрчээрээ явбал оны эцэст төлөвлөгөөгөө 110 орчим хувиар биелүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Олон-Овоо-2 ордыг ашиглаж эхэлсэнтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн байсан. Тэдгээр ажлууд ямар шатандаа явна вэ?
-Чулуун заводын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван жилд нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн. Давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалаад зарим ажил удааширсан, хугацаа хойшилсон хүндрэлүүд гарсан. Гэхдээ бид боломж нөөцөө ашиглаад тодорхой ажлуудыг хийсэн байгаа.
Одоогийн байдлаар, Олон-Овоо-2 ордод суурилуулах 35 кВт-ын агаарын шугамын болон Олон-Овоо-1 –Олон-Овоо-2 ордыг холбох төмөр замын зураг төслийн ажлууд бүрэн хийгдсэн.
Олон-Овоо-2 ордод суурилуулах бутлан ангилах эхний шугамын тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүлээн авсан. Угсралтын ажил хараахан эхлээгүй байна. Мөн дунд хугацааны хөтөлбөрт зарим машин механизм худалдан авахаар тусгасан байсан. Гурван жилийн хугацаанд Замын захиргаанаас авто ачигч, түлш зөөврийн машин, мөн ажилчид зөөх пургон автомашин, шуурхай үйлчилгээний “Ландкрузер 76” автомашиныг хөрөнгө оруулалтаар авч өгсөн.
-Замын их засварт шаардагдах щебенийг нийлүүлэлт хэвийн байгаа юу?
-Энэ жил Агуйт-Мааньтын хооронд хийсэн 17.7 км-ийн их засварын ажлыг щебениэр хангасан. Одоо Хонхор-Цагаанхяр хоорондын 27 км замын их засвар ид өрнөж байна. Их засварт шаардлагатай щебений нөөцийг манайх хангалттай хэмжээнд бэлтгэсэн. Үйлдвэрийн талбайд байгаа 90000 шоо метр щебень 45 км замын их засварт хүрэлцэнэ.
-Танайх бүтээгдэхүүнүүддээ тохирлын гэрчилгээ авсан гэв үү?
-Оны зорилтыг ханган биелүүлэх бүтээгдэхүүний чанар үр ашгийг дээшлүүлэх, стандартыг сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн.
Замын аж ахуйн албаны харьяа гурван үйлдвэр оны эхээр Хөтөлийн Бетон дэрний үйлдвэрийг түшиглэн оны тэргүүн зорилтыг биелүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулсан. Манай хамт олон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бүрдээ тохирлын гэрчилгээ авч, зах зээлд стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилт дэвшүүлсэн. Уг зорилтдоо тавдугаар сарын 25-нд хүрсэн. Барилгын хөгжлийн төвөөр хянуулан щебень, хайрга зэрэг бүх бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан. Ингэснээр стандартын шаардлагад бүрэн нийцсэн бетон дэрний дүүргэгч материал болох буталмал чулуун дайргыг тохирлын гэрчилгээтэй нь нийлүүлж байна. Ингэснээр УБТЗ-аас гадна зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд тохирлын гэрчилгээ маань чанарын баталгаа болж байгаа юм.
-Хүндрэлтэй асуудлууд бий юу?
-Ажиллах хүчний хувьд дутагдалтай байна. Өнөөгийн байдлаар, есөн орон тоо дутуу ажиллаж байгаа. Ялангуяа, механизатор, оператор, хүнд машин механизмын операторууд дутуу. Үүнд нөлөөлж байгаа гол зүйл нь товчхондоо цалин хангамж. Түгээмэл тархацтай чулуун ордыг ашигладаг учраас манайх бусад уул уурхайн компаниудтай дүйцэх өндөр цалин өгч чадахгүй байгаа. Ийм байдлаас шалтгаалаад ажиллах хүчний дутагдалд орж байна.
Цаашдаа хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд олон ажил зохиож байна. Энэ жил манайд Говьсүмбэр аймгийн МСҮТ-ийн найман оюутан дадлага хийж байна. Оюутнуудыг цаашид сургаж дадлагажуулан ажлын байраар хангахаар төлөвлөж байна.