2024 оны эхнээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл УБТЗ ХНН 28822.8 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 862.5 мянган тонноор илүү байгаа бол ачилт мөн хугацаанд 20833.6 мянган тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 431.1 мянган тонноор илүү байна.

Оны эхнээс чингэлгийн нийт 2777 галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үеэс 147 галт тэргээр илүү байна.

Өнгөрсөн долоо хоногийн галт тэрэг солилцоог авч үзвэл Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар хоногт дунджаар 16 галт тэрэг буюу 754.1 вагон өгч, 15.7 галт тэрэг буюу 728.5 вагон авчээ. Харин нарийн царигаар хоногт дунджаар 6.5 галт тэрэг буюу 363.1 вагон авч, 6.4 галт тэрэг буюу 348.1 вагон өгчээ. Тэгвэл Наушки-Сүхбаатар өртөөгөөр хоногт дунджаар 6.8 галт тэрэг буюу 292.4 вагон өгч, 6.7 галт тэрэг буюу 309.1 вагон авсан байна.

УБТЗ ХНН Багануур, Шивээ овоо, Шарын гол, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн нүүрсний тээвэрт шаардлагатай вагон хангалтыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулж байна. Эдгээр уурхай, үйлдвэрийн нүүрсний тээвэрт энэ сарын 14-ний байдлаар нийт 7015 вагоны хангалтыг хийгээд байгаа нь төлөвлөснөөс 142 вагоноор илүү байна.

Үүний үр дүнд өвлийн ид ачааллын үед ДЦС-ууд нийтдээ 177 хоногийн нүүрсний  нөөцтэй болоод буйг Тээвэр зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Замын албанаас 2024 оны замын их засварын талаар мэдээлэл хийж замын удирдлагын асуултад хариуллаа. Энэ жил Туул-Цагаан хяр, Мааньт-Агуйт өртөө зөрлөгийн хооронд нийтдээ 45.03 км их засварын ажил хийж нэвтрүүлэх хүчин чадлыг өсгөсөн байна. Мөн Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийн ажлыг хийжээ. Цаашид Чулуун заводын ажлын хэмжээг нэмэх, шинээр чулуу бутлах шугамыг барьж ашиглалтад оруулах асуудлыг хөндөж ярив. Тэрчлэн жилд орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2025 онд эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд 1300 гаруй цэгт ус зүйн судалгаа хийх шаардлагатай талаар болон нийт Замын хэмжээнд гарч буй осол, зөрчлийн 22 хувь нь салбар зам дээр гарч байгаа тул осол зөрчлийн тоог бууруулахтай холбоотойгоор Замын аж ахуйн алба салбар зам хариуцсан байцаагчийн орон тоог нэмэх санал хэлэв. Замын хэмжээнд 370 гаруй аж ахуйн 170 шахам км дэлгэмэл урттай салбар зам бий. Тэдгээрийн аюулгүй байдлыг хангахын тулд Замын аж ахуйн алба салбар зам хариуцсан байцаагчийнхаа орон тоог нэмэх асуудал бий яригдаж эхэллээ.  

Нэн тэргүүнд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон дуусаагүй дутуу үлдсэн их барилгын ажлын гүйцэтгэлийн талаар Их барилга хөрөнгө оруулалтын албанаас мэдээлэл хийв. Энэ ажлын хүрээнд Цайдам, Хангай, Ногоонтолгой, 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийн ажлууд хийгдэж дуусаад байгаа талаар мэдээлсэн юм.