Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” /"CRRC"/ компанийн орлогч дарга Юи Жихон тэргүүтэй төлөөлөгчдийг УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан Замын орлогч дарга Б.Гантөмөр хүлээн авч уулзлаа.

Бээжин хотод төвтэй, "CRRC" компани нь өндөр хурдны галт тэрэг, трамвай, метро, зүтгүүр, вагон үйлдвэрлэхээс гадна эдгээр хөдлөх бүрэлдэхүүний сэлбэг эд ангиудыг дэлхийн 110 гаруй улсад нийлүүлдэг дэлхийн тэргүүлэгч том компаниудын нэг юм.

Уулзалтын үеэр Замын орлогч дарга Б.Гантөмөр “УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр 2013 онд “БТЕГ” ХХК-ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 3002 ачааны вагоныг тээвэрт оролцуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар таван компаний 2695 вагон тээвэрт оролцож байна. Эдгээр вагонууд нь чанар стандартын шаардлага хангаж, төмөр замын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгааг” дурдаад тус компанитай цаашид бүх төрлийн ачааны болон суудлын вагоны сэлбэг материал худалдан авах, энэ чиглэлийн үйлдвэрийг хамтран байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

"CRRC" компанийн орлогч дарга Юи Жихон хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Талууд эхний удаад холбогдох техникийн мэдээллээ харилцан солилцохоор тохиров.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн есдүгээр сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.