Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны харьяанд Экологийн хэлтэс байгуулаад удаагүй байна. Харин тус хэлтэс цаашид хэрхэн ажиллах талаар Экологийн хэлтсийн дарга Ц.Болдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ хэлтсийг байгуулах болсон шалтгаан юу байв?
-Улс орны хөгжил, бүтээн байгуулалт, үйлдвэржилт тэлснээр эх дэлхийд учруулах хор хөнөөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор хортой аюултай, бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэмжээг багасгах нь УБТЗ ХНН-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээх гол зорилт болж байна. Байгаль дэлхийгээс бид байнга авч ашиглах биш унаган төрхийг нь хадгалах, хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэг ар араасаа урган гарч байна. Иймдээ ч НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилгод байгаль орчны заалтуудыг түлхүү оруулсан байдаг. Сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт байнга тохиолдох болсон. УБТЗ ХНН-ийн хувьд байгаль дэлхийдээ ээлтэй байхыг зорин 2019 оноос “Байгаль орчны менежментийн тогтолцоо”-ны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор уг стандартын шаардлагыг Зорчигчийн вагон депо ханган гэрчилгээгээ авсан байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо, Замын удирдлагын шийдвэрээр тус хэлтэс байгуулагдсан шалтгаан бол Байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтөд ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж, илэрсэн нөлөөллийг бодитоор тодорхойлох, хариу арга хэмжээ боловсруулахад оршиж байгаа юм.
-Та бүхэн ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Бид шугаман зам дагуух эрсдэлтэй аюултай хог хаягдал гаргаж байгаа болон байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөллийн үнэлгээ хийх, эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор суурь судалгаануудыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжид дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтийг хийнэ. Түүнчлэн, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” уриатай ХАБЭА-н сарын аяны хүрээнд голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх болон “Хог хаягдлын менежмент”-ийн талаар Цаг уур орчны шинжилгээний газрын хүрээлэн буй орчны хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулах ажлуудыг эхлүүлсэн. Тиймээс бидний ажлыг дэмжиж ажиллаасай хэмээн уншигч та бүхнээсээ хүсье.
-Улсын хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тиймээс та бүхнийг төмөр замын хэмжээнд мод тарилт, байгаль экологийн тэнцвэржүүлэлт зэрэг ажлыг хариуцна гэж ойлгосон. Энэ талд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо “Манай улс 2030 он гэхэд тэрбум мод ургуулахаар төлөвлөсөн” гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа уул уурхай болон томоохон аж үйлдвэрийн газруудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу энэ хөтөлбөрт нэгдэх ёстойг уриалсан. Уг ажлын хүрээнд манай байгууллага ч үе шаттай ажлуудыг зохион байгуулж ирсэн. Дурдвал, 2022, 2023 онд уралдаан хүртэл зарлаж байсан. Мод тарилтын хувьд ганц хэлтэс тарьж, арчлан ургуулаад явдаг зүйл биш, маш олон хүний хүч хөдөлмөр байдаг. Цаашид Экологийн хэлтэс нь “Тэр бум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж бодлого, арга зүйгээр ханган ажиллана. Бид дэр модны тоогоор мод тарьж, байгаль дэлхийд амьдрал бэлэглэнэ.