Ц.Бямбасүрэн:Хоол зөвхөн цатгах бус, хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг тодорхойлдог
Ц. Бямбасүрэнгийн хувьд төмөр зам бол амьдралынх нь уг сурвалж, хувь тавилан, зүрх сэтгэлийн зам нь байв.
Тэрбээр 1970 онд төмөр замчин гэр бүлд мэндэлжээ. Аав М.Цоодол нь Хонхор өртөөнд 36 жил жолоочоор, ээж П.Хажид нь Замын II ангийн IX хэсэгт бригадын дарга, ахлах замчнаар тус тус 36 жил хөдөлмөрлөсөн жинхэнэ замын хүмүүс байв. Зүтгүүрийн дуут дохио, галт тэрэгний чимээтэй хамт өсөж, эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг харж, хожим өөрөө ч мөн энэ их айлын салшгүй нэгэн хэсэг болов. Сэтгэл шингэсэн хоолны амт нь түүний 37 жилийн мэргэжлийн замналын хамгийн том бахархал юм.
Цоодолын Бямбасүрэн 1986 онд Төрхурахын найман жилийн сургууль, 1989 онд Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогоочоор төгсөж, УБТЗ-ын Нийтийн хоолны II конторт өөрийн хүсэлтээр томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ.
Тухайн үеийн Вокзалын ресторан дан давхар, өндөр таазтай, зэс хөөмөл чимэглэлтэй, галт тэрэгний уур амьсгал нэвт шингэсэн сайхан орчинтой байв. Өглөөний 06:05 цагийн галт тэрэг төв буудал дээр ирэхэд бүх хоол бэлэн, ресторан нээлтэй, ачаалал ихтэй, зөөгчийн үйлчилгээтэй үе байлаа. Зөөгч нар 10-15 таваг хоолыг нэгэн зэрэг зөөж чаддаг, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс байсныг одоо дурсахад бахархал төрдөг.
Анх ажилд ороход нь ОХУ-д төгссөн инженер-технологич, ерөнхий тогооч Дуламсүрэн, ахлах тогооч Ичинхорлоо, Хандсүрэн зэрэг олон туршлагатай тогооч нарын дунд ажиллаж, тэднээс мэргэжлийн ур ухаан, ёс зүй, ажлын хариуцлагыг сурч авчээ. Ахмад тогооч нарынхаа үнэт туршлагыг өвлөн, өөрийн ажил мэргэжлийн замналыг тэндээс эхлүүлсэн нь түүнд үнэт өв болж үлджээ.
Ц.Бямбасүрэн, “Ерээд оны зах зээлийн хэцүү цаг үед хоол хүнс хомс байхад ч манай вокзалын ресторан тасралтгүй сайхан хоолоор үйлчилдэг байсан. Өглөө бүр буцалгасан аарц, аарцтай будаа, амтлаг хоол гарна. Монгол дээлтэй “гоё” эгч нарын дулаахан үйлчилгээ сэтгэлд хоногшсон. Би сургуулиа төгсөөд махан цехэд шулагч, мах цавчигч хийж эхэлсэн. Цехээс бэлтгэсэн хоолыг тосгоны салбар, гуанзуудад хүргэдэг байв. Дараа нь вокзалын ресторанд туслах тогооч болж, ахмад тогооч нарынхаа заавраар мэргэжлээ дээшлүүлсэн. Тусгай вагонд бие даан ажиллаж, гаднын төлөөлөгчдийн хоолыг зөөгчтэйгээ хамт хариуцдаг болсон. Вокзалын ресторанаас эхэлсэн тэр амьдрал, тэр үеийн хоолны амт, хүмүүсийн сайхан сэтгэл одоо ч мартагддаггүй. Г.Энхтуяа даргын удирдлага дор төрийн өндөрлөгүүд, олон улсын төлөөлөгчдөд үйлчлэх, батлагдсан цэс, грамм хэмжээг яг барих туршлага хуримтлуулсан.
Тэнд л тогооны таг нээгдэж, хутга модон тавцанг товшино. Ус даргилан буцалж, тос шаржигнан, хүний дуу хоолой завсар зайгүй солигдоно. Энэ бүх чимээ надад хэзээнээсээ л энгийн, бүр танил дотно сонсогддог юм. Хоолны амт тогоочийн гарын хөдөлгөөнөөс эхэлдэг. Гар ядарсан үед хоолны амт суларч, харин гар яарсан үед амт нь чангарч, гар ууртай үед хоолны амт гашуун болчих шиг санагдана. Харин гар тайван, сэтгэл төвлөрсөн үед хоол өөрөө зөөлөрдөг. Тогооч хүн гараа хайрлах ёстой. Гараа хайрлана гэдэг өөрийгөө хайрлана гэсэн үг. Хэт их ядрааж, хайхрамжгүй хандвал гар өвдөж, мэдрэмж алдагдана. Харин гарын мэдрэмж алдагдвал тогоочийн сэтгэлийн хэл хаагддаг. Хүлээн авалтын хоол хийх үед миний гар илүү чимээгүй, илүү хянуур болдог. Тэнд алдаа гаргах эрх байхгүй. Нэг таваг хоолны ард олон хүний хөдөлмөр, байгууллагын нэр хүнд, улсын соёл явж байдгийг би гартаа сануулж зогсдог. Тэр үед гар минь миний оронд бодож, хэмжиж, шийдэж өгдөг байв” хэмээн дурсаж байсан.
Тэрбээр Вокзалын ресторанд ажилласны дараа 1994 оноос байгуулагдсан “Ган зам” зочид буудал, зоогийн газарт шилжин ажиллаж, ерөнхий тогооч Дуламсүрэнгийн удирдлагад тогоочоос цехийн мастер хүртэл дэвшин ажилласан.
1997 оноос Нийтийн хоолны төвд тогоочоор ажиллахын зэрэгцээ өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, 1997-2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежер мэргэжлээр суралцан бакалаврын зэрэгтэй төгссөн байна.
1999 оноос Б.Эрдэнэчимэг даргын удирдлагад 23 жил ажиллахдаа ахлах тогооч, инженер-технологич, Хоол бэлдэцийн үйлдвэрийн эрхлэгч хүртэл дэвшиж, зөвхөн хоол хийх бус, систем бүтээх хэмжээнд хүрчээ. Шинэ нэр төрлийн хоол, орц норм, технологийн карт, үйлдвэрлэл үйлчилгээний зохион байгуулалт энэ бүхэн түүний өдөр тутмын ажил байв. 2004-2016 онд Нийтийн хоолны төвийн бүх цэг салбаруудад ахлах тогоочоор ажиллаж, Зорчигчийн вагон депо, Удирдах газрын цайны газар, Вокзалын ресторан зэрэг хамгийн их ачаалалтай салбаруудын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байжээ.
Түүний хашиж байсан хамгийн хариуцлагатай албан тушаалын нэг бол Нийтийн хоолны инженерийн ажил байжээ. Энэ хугацаанд төмөр замын нэгж байгууллагын харьяанд байсан цайны газруудыг Нийтийн хоолны төвийн харьяанд нэгтгэх, шинэ цайны газрууд байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг жигдлэх зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулжээ. Мөн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтууд, “Өглөөний цайны хөтөлбөр”-ийг төмөр замын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан байна.
Шавь нараа мэргэжлийн уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулж, улсын болон олон улсын тэмцээнээс олон медаль, шагнал хүртсэн нь түүний ажил мэргэжлийн хамгийн том бахархал нь. Ц.Бямбасүрэнгийн баримталдаг нэг л зарчим бий. “Хоол зөвхөн цатгах бус, хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг тодорхойлдог үнэт зүйл” гэж тэр үздэг. Тиймээс анхан шатны боловсруулалтаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх шат дамжлага бүрийг хянаж, чин сэтгэлээсээ ажиллахыг тогооч нартаа үргэлж захидаг. Түүний амжилт зөвхөн өөрийнх нь хөдөлмөрт суурилсангүй. Шавь нар нь түүний мэдлэг, ур чадварыг дамжуулан өсөж, одоо мастер тогооч болон салбартаа нэр хүндтэй ажиллаж байна. “Наранцэцэг, Оюундэлгэр, Одмаа нар миний гурван гол шавь юм. Тэднийгээ хараад бахархахгүй байхын аргагүй” гэж тэр хэлсэн нь багшийн бахархлыг тод томруун харуулна.
Амьдралынхаа 36 жилийг Улаанбаатар төмөр зам хэмээх нэгэн их айлд зориулан хөдөлмөрлөсөндөө тэрбээр чин сэтгэлээсээ бахархдаг. Ц.Бямбасүрэнгийн ажил амьдрал, мэргэжлийн замнал, үнэт туршлага бүхэн энэ байгууллагаас эхтэй. Төмөр зам надад мэргэжил, хамт олон, итгэл үнэмшил, амьдралын утга учрыг олгосон билээ.
Нийтийн хоолны инженер байх хугацаандаа төмөр замын нэгж байгууллагуудын ажилчдын цайны газруудыг нийтийн хоолны төвийн харьяанд нэгтгэх ажлыг хийсэн. Сэлэнгэ, Дархан-2, Багануур, Чойр өртөө, МСҮТ-д цайны газар, ресторан байгуулах, өөрчлөн сайжруулах гэх мэт энэ олон цэг салбарын хоол үйлдвэрлэлийг жигдлэх, орц норм гаргах, хүн хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Цэг, салбарын тогооч нарын мэргэжил, ур чадварыг дээшүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтыг хэд хэдэн удаа удирдан зохион байгуулсан. Үүнд нэг амт, орц, эрүүл зөв зохистой хооллолт, орц норм, технологи ажиллагаа мөрдөлт, онол практикийн сургалтуудыг зохион байгуулж байв. Мөн “Өглөөний цай” хөтөлбөрийг бүх төмөр замын цайны газарт амжилттай хэрэгжүүлж, төмөр замын ажилчдын эрүүл мэндийг хамгаалсан энэ ажил нь төмөр замын удирдлагуудаас өндөр үнэлэлт авчээ.
2016 онд хэрэгжсэн “Сентрал китчен” төсөл бол түүний олон жилийн туршлага, хөдөлмөрийн оргилын нэг байв. Нэг стандарт, технологи, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн үйлдвэрлэлийг бий болгоход гар бие оролцож, төмөр замын 16 мянга гаруй ажилчдын хоолны чанарыг шинэ түвшинд гаргах суурийг тавьсан юм. Харин энэ амьдралыг ганцаараа туулсангүй. Үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, залуу хамт олон, мэргэжил нэгт нөхөд та бүхний дэмжлэг, итгэл түүнд үргэлж хүч өгч ирсэн.
Ц.Бямбасүрэн 2010 онд Замын мэргэжлийн аварга болсон. Тэрбээр олон мянган төмөр замчдын дундаас үр бүтээлтэй ажилласан хүнээр шалгарч, өндөр хүндтэй цолыг хүртсэндээ үргэлж бахархаж явдаг. Энэ шагнал түүнийг улам урамшуулж, шинэ санаа гаргах, үйлдвэрлэлийн цехүүдээ жигдрүүлэх, орц нормоо нарийн баталгаажуулахад түлхэц болсон гэж дүгнэдэг. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх”, “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар”, “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан”, “Тогоочийн алдар”, “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагнасан байдаг. Гавьяа, шагнал, алтан гарааны дурсамж нь түүний амьдралын үнэт зүйл, бахархал, хамт олондоо хүндэтгэл үзүүлэх, шавь нартаа зааж сургах хүсэлтэй шууд холбогддог. Тэр зөвхөн тогооч биш, багш, удирдагч, туршлагатай мэргэжилтэн гэдгээрээ өнөөдөр Монголын төмөр замын салбарт үнэлэгдсэн.
Энэ олон жилийн хугацаанд хамтран зүтгэсэн үе үеийн удирдлагууд, ахмад үе, залуу үеийн хамт олон, мэргэжил нэгт нөхөд, найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, нэг зорилго, сэтгэлээр хамтран ажиллаж, надад итгэл хүлээлгэн, дэмжиж тусалж ирсэн та бүхнийхээ ачийг үргэлж санаж, хүндэтгэлийн ерөөл дэвшүүлэв.
П.Түмэндэмбэрэл
