Цайдам зөрлөгийн өргөтгөлийг хийж дуусжээ. Уг ажлын хүрээнд өнгөрсөн онд ул шороо, хориг хашаа шилжүүлэн барих ажлыг Замын I ангийн замчид гүйцэтгэсэн юм. Харин ЗЗМС-ынхан ус зайлуулах гурван хоолойг тус бүр зургаан метрээр сунгасан байна. Харин энэ оны наймдугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 19-ний хооронд зам, сум угсрах ажлыг гүйцэтгэжээ. Тус зөрлөг өмнө нь хүлээн авах, явуулах хоёр зам, нэг мухар замтай байжээ. Өргөтгөлийн хүрээнд хоёрдугаар замыг 150 погон метрээр сунгаж, 1525 погон метрийн урттай гуравдугаар, 1400 погон метрийн урттай дөрөвдүгээр зам, 125 метрийн урттай мухар замыг шинээр барьж, хуучин хоёр суман шилжүүлгийг хуулж, шинээр зургаан суман шилжүүлэг угсарчээ. Тус зөрлөг нь өргөтгөл хийснээр 100 вагонтой гурван галт тэрэг зэрэг зөрүүлэх боломжтой болжээ. Өмнө нь, дээд тал нь 89 вагонтой хоёр галт тэрэг зөрүүлэх боломжтой байсан аж.

Түүнчлэн, Замын I ангийн замчид зам хоорондын дүүргэлтийг 1800 шоо метр щебуриэр хийж, 1.6 км шуудууг татаж, 3.6 км хориг хашааг шилжүүлэн барьсан байна. Мөн өргөтгөлийн ажилд ЗЗМС, Дохиолол холбооны I анги, БАҮ-ний I анги, ЭХУХ-ийн I анги, Дархан Татах хэсгийн зүтгүүрийн бригад хамтран ажиллалаа хэмээн Замын I ангиас манайд мэдээллээ.