Нүүр Нийгэм Булагтайн “Ганзам”-ыг ая тухтай дэлгүүрийн стандартад нийцүүлнэ
Нийгэм

Булагтайн “Ганзам”-ыг ая тухтай дэлгүүрийн стандартад нийцүүлнэ

G.Press 2 жилийн өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ

 

            УБТЗ-ын Худалдааны албаны харьяа гурван худалдааны төв төмөр замчдад эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр нийлүүлэх үүрэг хүлээн ажилладаг. Шугам замын “Ган зам” сүлжээ дэлгүүрүүд зарим нь үйлчлүүлэгч цөөн, ашиг орлого муу байсан ч Замын захиргаанаас “Тухайн өртөө, зөрлөгт хэдэн төмөр замчин байх нь хамаагүй. Өдөр тутмын бараа материал, хоол хүнсийг хямдралтай үнээр Худалдааны алба нийлүүл” гэсэн чиглэлийг өгдөг аж. Тиймээс энэ үүргээ олон жилийн турш гүйцэтгэж буйд төмөр замчид талархалтай байдаг юм билээ. Энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгыг Улаанбаатар худалдааны төвөөс бэлтгэлээ. Тус төвийн дарга Г.Энхмаа энэ оны эхээр ажлаа хүлээн авсан байна. Тэрбээр, “Манай худалдааны төв Шатангаас Шивээговь хүртэл шугам замын 13 “Ган зам” дэлгүүрээр төмөр замчдадаа өдөр тутмын өргөн хэрэглээний шинэ бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн хямд үнээр нийлүүлж байна. Ингэхдээ бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан байхад нь анхаардаг. Өдөр бүр шинэ талх, нарийн боов, сүүг галт тэрэгний тээш, автомашинаар хүргэж байна” гэв. Тус худалдааны төв төмөр замчдадаа зүгээр нэг энгийн дэлгүүрээр үйлчлэх биш, үйлчлүүлэгчид илүү ая тухтай байдлыг бий болгох зорилтыг тавин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Чойр зангилаанд ая тухтай дэлгүүрийн стандартыг хангасан анхны жишиг дэлгүүр хэдхэн жилийн өмнө байгуулсныг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь төмөр замчид тухлан суугаад түргэн хоол, кофегоор үйлчлүүлэх хэсэгтэйгээс гадна Wi-Fi орчин бүрдүүлсэн байдаг. УБТЗ-ын 75 жилийн ойг угтаад Булагтайн “Ган зам” дэлгүүрийг мөн олон улсын ая тухтай конвиниенс дэлгүүрийн стандартад нийцсэн жишигт хүргэхээр төлөвлөсөн байна. Худалдааны төвийн даргын хэлснээр дэлгүүрийн барилгад гэмтлийн акт тогтоолгон зураг төслийг нь хийлгэсэн, тавдугаар сард засварын ажлаа эхлүүлэх гэнэ. Тус дэлгүүрийн хувьд дулааны улиралд үйлчлүүлэгч ихтэй байдаг тул Улаанбаатар худалдааны төвийн хамгийн өндөр борлуулалттай дэлгүүр аж. Түүнчлэн, өмнө нь Мандал, Багахангайн “Ган зам”-д Wi-Fi орчинтой, ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг тодорхой хэмжээнд нэвтрүүлсэн байна.

             Г.Энхмаа дарга “Ая тухтай дэлгүүрээр үйлчлүүлсэн төмөр замчдын сэтгэл ханамж өндөр байгаа. Шугам замын залуучуудын эрэлт хэрэгцээ нь интернэт орчин болчихоод байна шүү дээ. Тиймээс цаашид бүх дэлгүүрээ Wi-Fi орчинтой болгох зорилт тавьсан. Мөн шугам замынхан төв суурин газраас алслагдмал орчинд ажиллаж амьдардаг болохоор тавилга, цахилгаан бараа худалдан авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс бид бүх дэлгүүртээ тавилга, цахилгаан барааны захиалга авч, үйлдвэрийн үнээр нь хүргэж ажилладаг. Энэ хүрээнд “Бест Буйдан” компанитай гэрээ байгуулан үйлчилж байна. Цахилгаан барааны компаниудтай ч гэрээтэй. Төмөр замчдадаа гэр ахуйн тавилга, цахилгаан бараагаа захиалж, хүү шимтгэлгүй зээлээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэ үйлчилгээнд төмөр замчид маань талархаж байгаа. Тухайн орон нутгийн иргэд ч захиалж авдаг болсон. Харин тэдэнд бид зээл өгдөггүй” хэмээн танилцуулав.

Улаанбаатар худалдааны төв 200 орчим үндэсний үйлдвэрлэгч, импортлогч компанитай гэрээтэй ажилладаг аж. Тэдгээрээс хамгийн хямд нөхцөлтэй үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч төмөр замчдадаа нийлүүлж байгааг нярвууд нь хэлж байлаа.

 

Ажлын ачаалал өндөр, цалин хэтэрхий бага байна

             

            Шугам замын зарим өртөө, зөрлөгт үйлчлүүлэгч цөөнтэй учир “Ган зам” дэлгүүр алдагдалтайгаас гадна худалдагч олдохгүй байгаа тухай Замын даргын үзлэг бүрээр л яригддаг. Учир нь, худалдагч ээлжгүй ажиллаж, борлуулалтаараа цалинждаг нь ажиллах хүн олдохгүй байх гол шалтгаан байжээ. Гэвч тус төв нэг ч дэлгүүрээ хаагаагүй гэнэ. Чойр хэсэглэлд л гэхэд Чойр, Шивээ-Овоо, Шивээговьд дэлгүүр ажиллуулахын зэрэгцээ сард хоёр удаа 16, 18 дугаар зөрлөгт явуулын худалдаагаар үйлчилдэг аж. Өөрөөр  хэлбэл, тэнд ажиллаж буй төмөр замчид болон ахмадуудаас захиалга авч, хүргэлт хийдэг гэсэн үг. Мөн 22 дугаар зөрлөг, Шивээговь, Шатанд цөөхөн төмөр замчин ажиллан амьдардаг. Энэ талаар худалдааны төвийн дарга “Шатанд есөн төмөр замчин л гэр бүлийн хамт бий. Гэсэн хэдий ч бид төмөр замчдаа бараа, бүтээгдэхүүнээр хангах үүргийнхээ дагуу дэлгүүрээ ажиллуулж байгаа. Хүн цөөнтэй, ганц худалдагчтай долоон дэлгүүрийг технологийнх болгож, худалдагч нарыг Замын даргын тушаалаар үндсэн цалинтай болгосноор худалдагч ажлаас гарах нь харьцангуй гайгүй болсон. Ер нь, худалдагч бараагаа тээшнээс хүлээн авч зөөнө, ачигч болно, лангуун дээр өрнө, цэвэрлэгээгээ хийнэ, галлана, худалдана... гээд ажил нь хэтэрхий их. Энэ жил дөрвөн дэлгүүрийг цахилгаанаар халдаг болголоо. Одоо галлагаатай дэлгүүр хоёр л үлдсэн. Манай худалдагч, нярвуудын цалин маш бага. Үүнээс шалтгаалж ажилтнууд тогтохгүй байна. Ялангуяа, нярваар ажиллах хүн олдохгүй үнэхээр хэцүү байгаа. Цалин нь 1.3 сая төгрөг хэр нь хэчнээн зуун сая төгрөгийн бараа, эд хөрөнгө хариуцан ажилладаг. Төмөр зам дотроо болон гадагшаа маш олон харилцагчтай. Ажлын ачаалал их. Бараа хүлээж авахын тулд өвөл, зунгүй л гадаа ажиллах шаардлага гардаг. Ийм бага цалинтай, хүнд нөхцөлд хүн тогтохгүй байна. Одоо хоёр нярав дутуу. Зар тавихаар хүмүүс цалин асуугаад л ирэхгүй юм. Ирсэн ч ажиллах бодит нөхцөл байдалтай танилцангуутаа явчихдаг” хэмээн учирлав. Энэ үеэр түүнээс дараах цөөн асуултад нэмж хариулт авсан юм.

 

            Г.Энхмаа: Кассын шинэ программ нэвтрүүлснээр худалдагч, нярвуудын ажил хөнгөрч байна

 

-Танайх хэдэн няравтай байхаас хоёр дутуу байгаа вэ?

 

-Дөрвөн нярвын орон тоотой. Нэг хүн дагалдаж байгаа ч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдчихээд байгаа. Дээр нь, тооцооны нягтлан бодогч нарын ажлын ачаалал үнэхээр их. Ер нь, манайх төмөр замын хөдөлгөөний байгууллагуудын нягтлан бодогчдыг бэлтгэдэг дамжин өнгөрүүлэх газар шиг боллоо. Манайд санхүүгийн программ дээр ажиллаж сурангуутаа явчихдаг. Хөдөлгөөний байгууллагуудын сарын үр дүнгийн шагнал 35 хувь шүү дээ. Тэгээд ажлын ачаалал нь манайхаас бага. Гэтэл манай ажилчдын шагналт цалин 25 хувь. Энэ зөрүү нь 250 орчим мянган төгрөг болдог. Тиймээс явахаас ч аргагүй байгаа биз. Гуравдугаар сард манай тооцооны гурван нягтлан ажлаас зэрэг гарсан. Бид ажил хөнгөвчлөх талд нэлээд анхаардаг. Худалдагч нарын кассанд шинэ программ нэвтрүүлж дууслаа. Ингэснээр худалдагч, нярвуудын ажил бага ч гэсэн хөнгөрч байгаа.

 

-Ажилтан тогтоохын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авбал зүгээр гэж та харж байна вэ?

 

-Тогтвортой, чадварлаг ажилтантай болохын тулд хамгийн эхлээд цалинг нь нэмэх шаардлагатай. Цалин бол хамгийн том хөшүүрэг. Гадуур бол танхимд суун ресефшн ч юм уу, хэдэн утсанд хариу өгөөд л 1.5 сая төгрөгийн цалин авч байхад манай ийм их ачаалалтай ажилд хэн дуртай байх вэ дээ.

 

-Төмөр замынхаа талх нарийн боов, хоол хүнсний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг болох талаар өмнө нь ярьж байсан. Энэ ажил биеллээ олсон уу?

 

-Манайх Баянбуурал амралтын талхыг тэндхийн дэлгүүртээ худалддаг. Мөн Сайншанд Худалдааны төвийн талхан цехийн талхыг Чойрын хэсэглэлийн дэлгүүрүүддээ худалдаж байна. Кейтеринг-зочлох үйлчилгээний төвийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. Тухайлбал, Чойрын ая тухтай дэлгүүртээ мантуун бууз, бургер, hot dog гэх мэт. Цаашид бууз, банш худалдаалах гэрээ хийж байна. Үүнээс гадна бид төмөр замын Улаанбаатар дахь 30 гаруй аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний өдөр тутмын ахуйн бараа, бичиг хэргийн материалыг нийлүүлж, хүргэлтээр үйлчилдэг.

 

-Ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуй хамгийн чухал шүү дээ. ХАБЭА-н сарын хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

-Энэ сарын аяны хүрээнд өдөр тутмын зааварчилгааг чанартай өгөх, гурван шатны хяналтаа чанартай хийх зэрэгт анхаарч байна. Мөн ХАБЭА-н ээлжит үзлэг шалгалтуудаа хийж байгаа. Түүнчлэн, ачигч, жолооч, худалдагч нараа ТЗДС-ийн ХАБЭА-н сургалтад хамруулсан. Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх сургалтыг хийсэн гээд ажил удирдагч нар багагүй ажил зохион байгуулж байгаа.

 

-Мөн Замын хэмжээнд “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-г нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд та бүхэн хүнсний аюулгүй байдлын стандартаас авхуулаад нэвтрүүлж байгаа болов уу?

 

            -Үүний хүрээнд тайлан мэдээллээ гаргаж, дүн шинжилгээ хийгээд явж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, мөн байгаль орчны зэрэг стандартыг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Анхан шатнаас нь бичиг баримт бүрдүүлэн, судалгаа хийж байна. Манай дэлгүүрт үйлчлүүлэгч ороход хаана юу байх, хаанаас нь эхлэн тойрох гэх мэт зохицуулалтыг хийсэн. Мөн дэлгүүрийнхээ хаяг, өнгө үзэмжийг нэг болгон жигдэлсэн. Хэн ч, хаана ч харсан “Ган зам” сүлжээ дэлгүүр ижилхэн харагдах ёстой. Түүнчлэн, ажилчдын хувцсыг ч жигдрүүлсэн гэв.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.