Нүүр Дугаарын зочин Б.Түмэндэмбэрэл: Цусаа өгч хүний амь нас аварна гэдэг буян юм
Дугаарын зочин

Б.Түмэндэмбэрэл: Цусаа өгч хүний амь нас аварна гэдэг буян юм

G.Press 1 жилийн өмнө 472 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хүний алтан амь аврах ариун үйлсэд өөрийгөө зориулж өдөр, шөнийн аль ч цагт дуудахад хэзээд бэлэн, донор хүний үүргээ биелүүлж яваа УБТЗ-ын Улаанбаатар Татах хэсгийн Механик цехийн Багаж түгээх тасгийн нярав Баастын Түмэндэмбэрэл нь ховор хувь заяатай, ховор бүлгийн цустай нэгэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 

 -Та УБТЗ гэдэг их айлтай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ. Удам дамжсан төмөр замчин уу?

 

-Би Улаанбаатар төмөр замын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэргийн их сургуулийг 1992 онд төгссөн. Бэлтгэл офицер, гэр бүл, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Анх 1995 онд Улаанбаатар Татах хэсгийн сүүн цех, Сэргээн босгох тасгийн танкийн туслах болон краны машинчаар есөн жил ажиллаж улмаар Төмөр замын коллеж, бусад сургалтын төвд санхүүгийн мэргэжил эзэмшсэнээр 2002 оноос хойш Улаанбаатар татах хэсгийн Механик цехийн Багаж түгээх тасгийн нярваар ажиллаж байна. Миний аав эх баригч эмчээр ажиллаж байсан, ээж сувилагч мэргэжилтэй, одоо Багануур дүүрэгт амьдарч байгаа 90 настай сайхан буурай бий. Би хоёр өндгөн эсийн ихэр. Нөгөө ихэр маань эмэгтэй. Түүнийг Б.Түмэнжаргал гэдэг. Төмөр замын коллеж төгсөж, Багануурын Төмөр замын цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Манай ээжийн тал ихрийн удамтай.

 

 -Та II бүлгийн резус сөрөг цустай донор. Судалгаагаар энэ бүлгийн цустай хүмүүс баруун аймгуудаар илүү байдаг нь тогтоогдсон байдаг. Та хаана төрж өссөн бэ?

 

-Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрж тэндээ бага насаа өнгөрүүлсэн. Анх 2003 оноос цусаа өгч эхэлснээр II бүлгийн резус сөрөг цустай гэдгээ мэдсэн. II бүлгийн резус сөрөг цус нь Европт элбэг, Азид ховор. Ойролцоогоор манай улсын хүн амын нэг хувь нь ховор бүлгийн цустай гэж сонсож байсан. Би 46 удаа 19 орчим литр цус бэлэглэснээр 138 хүний амийг аварсан гэсэн үг. Цусны донор нэг удаа 350- 400 гр цус өгснөөр гурван хүний амь авардаг гэж ярьдаг нь тухайн хүний өгсөн цуснаас улаан болон ялтаст эс, сийвэн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой юм.

 

-Хүний амь аварсан яаралтай дуудлага хэр олон гарч байв. Ховор бүлгийн цус гэхээр ямар онцлогтой вэ?

 

-Энэ орчлонд осол аваар, төрөлтийн хүндрэл, гэмтэл, хавдар гээд хэлж ирэхгүй зовлон их шүү дээ. Хэрэгтэй үед нь цусаа өгч хүний амь нас аварна гэдэг буян юм. “Та үргэлж ирж хэрэггүй. Бид шаардлагатай болсон тохиолдолд өөрсдөө ирж авна” гэдэг. Тэр бүр таарах цустай хүн олдохгүй, эрсдэлтэй үед хэрэгтэй учраас донорын нөөцөд байлгадаг. Тун яаралтай таны цус хэрэг боллоо гээд цусны баг ажил дээр ирж цус авах тохиолдол олон гарч байсан. Мөн цус хэрэгтэй байна гээд дуудвал өөрөө гүйж очоод өгөх ч үе бий. Тэр бүрт хамт олон маань ойлгож дэмждэг. Танихгүй олон хүний судсаар миний цус гүйж байгаа гэсэн сонин мэдрэмж төрж, би чинь хүний алтан амь аварч байгаа шүү дээ хэмээн өөрөөрөө бахархдаг. Байнгын доноруудын 44 хувь нь I, 32 хувь нь III, 21 хувь нь II, долоон хувь нь IV бүлгийнх байдаг бол резус сөрөг нь мянгад нэг байдгаараа илүү үнэ цэнэтэй гэж болно. Гурван сая 500 мянга гаруй хүн амтай, эрсдэл ихтэй өнөө үед цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж донорын эгнээг өргөжүүлэх шаардлага тулгарсаар байгаа. Шинжлэх ухаан, техник технологи хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч дэлхий нийтэд цусыг орлуулах, зохиомлоор гаргах боломжгүй учраас цусны донор гэдэг маш чухал.

 

-Цусны донорын хувьд байнгын бэлэн байдалд байх нь танд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

-Сүүлийн үед цус, цусан бүтээгдэхүүний захиалга хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь хүн амын дунд цус цусан бүтээгдэхүүн эмчилгээнд шаардлагатай өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой байх. Донорууд цус өгөхдөө өөрийгөө бэлтгэж очдог. Нойр, хоолны дэглэм, хувийн ариун цэвэр, сэтгэлзүйн бэлтгэл чухал. Мөн зургаан цагаас дээш амарсан байх, шингэн зүйл ердийнхөөс их уух, өөх тостой хоол идээгүй, өнгөтэй ундаа жүүс, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн, эм тариа 10-14 хоног, согтууруулах ундаа гурван хоног хэрэглээгүй байх хэрэгтэй. Энэ бүхэн яваандаа дадал болдог учраас яаралтай дуудлагын үед ямагт бэлэн байдаг. Бас архи, тамхинаас хол байх гээд зөв дадал зуршлыг суулгаж өгдөг дөө. Харин цусаа өгсний дараа архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөрт гарч ажиллах, хүнд машин механизм жолоодох, ачаалалтай ажиллах, дасгал хийх, саунд суух, бүгчим газар удаан ажиллахыг хориглодог.

 

-Цусаа тогтмол өгөхөд өөрт юу мэдрэгддэг вэ. Хэдэн нас хүртэл цусаа өгөх ёстой вэ?

 

 -Цусаа өгөхөд сэтгэл нэг л сайхан, бие хөнгөрөөд ирдэг. Тогтмол өгдөг болохоор цус шингэрээд, толгой сэргээд ирэх шиг болдог. Бас даралт хэвийн, биеийн жин нэг янзандаа, эрүүл амьдрах хэв маяг тогтчихдог юм. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 17-60 насны бүх хүмүүс донор болж болно. Би 60 нас хүртлээ цусаа өгнө.

 

-"Хүндэт донор"-ын болзлыг хэдэн онд биелүүлж байсан бэ?

 

 -Миний хувьд 2018 онд "Хүндэт донор" болсон. Ердийн донорууд 35-аас дээш, ховор бүлгийн цустай хүмүүс 20 удаа цусаа өгснөөр "Хүндэт донор"-ын болзлыг хангадаг. 200 түүнээс дээш удаа цусаа өгсөн нь "Топ донор", 150-иас дээш бол "Алтан донор", 70-100 удаа цусаа өгвөл "Хүрэл донор", "Мөнгөн донор" гэж алдаршуулдаг. Тэгэхээр би ховор бүлгийн цустай учраас болзол биелүүлэх боломж бага байдаг.

 

-Танай гэр бүлийнхнээс цусны донор байдаг уу?

 

-Манай дунд охин II бүлгийн резус сөрөг цустай, донор болсон. Резус сөрөг цустай хүнд цусны бүлэг тохирохгүй байх нь элбэг тул хүүхэдтэй болох магадлал бага байдаг гэсэн. Миний хувьд их азтай, дөрвөн сайхан хүүхэдтэй. Манай эхнэрийг Ц.Дэлгэрсүрэн гэдэг. Цэргийн байгууллагад олон жил ажилласан бэлтгэл хошууч цолтой, I бүлгийн цустай. Ялангуяа, эмэгтэй хүн нэг л хүүхэд төрүүлдэг гэж үздэг. Тиймээс охин хүүхдийн цусны бүлэг резусийг эрт тодорхойлж анхаарах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг юм билээ.

 

-Донор болохыг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ. Хүндэт доноруудыг хэрхэн шагнаж урамшуулж, нийгмийн халамж үзүүлдэг вэ?

 

-Таны нэг удаа хандивласан цус гурван хүний амь насыг аварч, гурван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг. Мөнгөөр орлуулшгүй, алтаар хэмжишгүй буян юм шүү. Иймээс эрүүл чийрэг, эрч хүчтэй залуу насандаа цусаа хандивлаарай гэж уриалмаар байна. Миний хувьд МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнуулж байсан. Доноруудад нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрх, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх, рашаан сувилалд амрах зэрэг урамшуулал байдаг.

 

-Донорууд цусаа хандивлахыг уриалж бусдад нөлөөлөх үүрэгтэй. Танай байгууллагад цусны донор хэр олон байдаг вэ?

 

-Цусны шинэ болон байнгын донорын тоог нэмэгдүүлэх үүднээс жил бүр "Цусны донор"-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай байгууллага дээр ч өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Сүүлийн "Цусны донор"-ын өдрөөр 30 гаруй ажилчид цусаа өгсөн. Манай байгууллагад Монгол Улсын 12 дахь “Алтан донор” Техник Үзлэгийн цехийн засварчин Б.Наранзул, "Хүндэт донор" Ашиглалтын цехийн машинч Ч.Сэмжаандондов, Цахилгаан машин цехийн ажилтан Д.Батжаргал, Д.Отгонжаргал зэрэг донорууд бий. Улаанбаатар Татах хэсгийн Захиргаа, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Механик цехийнхэн болон нийт хамт олондоо удахгүй ирэх 2025 онд хамгийн сайн сайхан бүхэн, хөдөлмөрийн гайхалтай амжилтыг хүсэн ерөөж, шинэ жилийн мэнд хүргэе.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.