Б.Төгсзаяа: Би камераа үүрээд хотын гудамжаар алхаж явахдаа эрх чөлөө, аз жаргалыг мэдэрдэг
“Хобби” буландаа Вагон ашиглалтын депогийн харьяа Улаанбаатар ТҮГ-ын ахлах вагон үзэгч Батжаргалын Төгсзаяаг урилаа.
-УБТЗ-д хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 19 настай төмөр замчин болж байлаа. УБТЗ-д 18 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн 20 дугаар сургуулийг төгссөн. Вагон үзэгчийн гурван сарын курсэд сураад дагалдан вагон үзэгчээр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш шурган үзэгч, ахлах үзэгч гээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Анх Лхагвасүрэн гэдэг шурган үзэгчийг дагалдаж байсан. Багш минь одоо тэтгэвэрт гарсан. Ажиллах явцдаа эчнээгээр сурч техникч болсон.
-Яагаад төмөр замын мэргэжил сонгов?
-Төмөр замын тосгонд өссөн болохоор төмөр замчин болох нь надад арай ойр санагдсан. Нөгөө талаар, эгч нар маань төмөр замчин болцгоочихсон байсан нь, дээр нь багаасаа техникт дуртай байсан минь нөлөөлсөн байх.
-Вагон үзэгчийн ажил хүнээс таван мэдрэхүй, зарим үед зургаа дахь мэдрэхүй ч шаарддаг гэж ярьдаг. Эзэмшсэн ажил мэргэжлийнхээ талаар өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцаач?
-Миний ажил их сайхан шүү дээ. Наад зах нь вагон үзэгчийн мэдэгдлээр галт тэрэг явна. Вагон үзэгчид бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа маш өндөр хариуцлагатай ажил. Олон мянган зорчигчийн амь нас аюулгүй байдлыг найдвартай хангаж, олон мянган тонн ачаа бараа очих газраа саадгүй хүрч байна гэдэг бидний ажлын үр дүн. Тиймээс би эзэмшсэн ажил мэргэжлээрээ бахархдаг.
-Өөрийг тань чөлөөт цагаа гэрэл зурагт зориулдаг гэж сонссон. Энэ удаад таны хоббины талаар түлхүү ярилцъя?
-Бололгүй яах вэ.
-Хэзээнээс гэрэл зураг сонирхох болов?
-Би 2017 оноос хойш гэрэл зураг авч эхэлсэн. Энэ хоббиндоо бараг найман жил цаг заваа зориулж байна. Мөн Монголын хамгийн олон гишүүнтэй “Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп”-ийг үүсгэн байгуулсан. Одоогоор энэ групп маань 313 мянга гаруй гишүүнтэй болсон. Сүүлийн үед дроноор гэрэл зураг авах, бичлэг хийхэд бас дурлаад байгаа. Өөрийнхөө авсан гэрэл зургуудийг фэйсбүүк, инстеграмм дээр оруулаад, хандалт аваад явж байна даа.
-Гэрэл зурагт дурлах болсон шалтгаан байсан л байх даа?
-Ер нь, гэрэл зураг авах дуртай байсан. 2017 онд өөрөө гэрэл зургийн камер аваад л хоббигоо хөгжүүлэх боломжтой болсон.
Гэрэл зураг өөрөө маш их мэдрэмж шаарддаг. Мөн их зүйлийг судалсан байх ёстой юм билээ. Том техник хэрэгслүүд шаарддаг. Анх энэ бүгдийг мэдэхгүй л маш том ертөнц рүү хөл тавьж байлаа.
-Гэрэл зургийн чиглэлээр ямар нэгэн сургалт, курсэд сурч байв уу?
-Тийм зүйл байхгүй. Цэвэр өөрийнхөө хүсэл сонирхлоор youtube ухаад л, хүмүүсийн авсан гэрэл зургуудийг үзээд л, алхам алхмаар суралцаад л явж байна. Тухайн үед надад гэрэл зураг авах талаар заагаад өгөх хүн байсангүй. Дээр нь, манай зах зээл жижиг учраас гэрэл зурагчдад тийм сонирхол байхгүй байсан байж магадгүй. Одоо бол харьцангуй өөр болж байна. Би өөрөө гэрэл зураг авч сурах гэж мэдэхгүй, чадахгүй олон бэрхшээлийг туулсан болохоор гэрэл зурагт дурласан залуусыг нэг ч гэсэн зүйлийг сураад, мэдээд аваасай гэж энэ группийг үүсгэн байгуулсан юм. Дээрх зорилгоор арван хэдэн үнэгүй эвент хийсэн. Ийм эвентээр бид гэрэл зураг авч эхэлж байгаа залууст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
Яагаад залуусын гоё хоббиг дэмжиж, энэ гоё ертөнц рүү хөл тавихад нь тусалж болохгүй гэж бодсон.
-Гэрэл зураг сонирхогчид ямар нэгэн сэдвийг барьж аваад дагнаад явдаг. Өөрөө ямар чиглэлээр зураг түлхүү авдаг вэ?
-Анх би хотын шөнийн зураг авч эхэлж байсан. Одоо бол бүх л чиглэлээр авч байна. Машин, байгаль, хотын шөнийн зураг, хүний хөрөг гээд бүгд л гоё. Нэг л чиглэлийг барьж аваад, тэрийгээ мөнгө гэж хараад орвол хобби биш болчихно. Би залууст гэрэл зургийг мөнгө гэж харвал эцэстээ мөнгөний л ажил хийдэг болно. Зурагнаас авдаг гоё мэдрэмж, таашаалыг мэдрэх нь гоё. Завтай үедээ зүгээр л камераа аваад гар. Хаашаа ч хамаагүй алх. Анх хамт зураг аваад явдаг байсан зарим сайн гэрэл зурагчдад гэрэл зураг бол хобби биш мөнгө олдог ажил нь болчихсон байдаг.
-Гэрэл зургийг хобби гээд явахаар зардал нэлээд өндөр тусах байх аа?
-Үнэндээ тийм. Ер нь, миний хобби нэлээд өндөр өртөгтэй. Гэхдээ гэрэл зургаас тодорхой хэмжээний нэмэлт орлого олж түүнийгээ хоббигоо хөгжүүлэхэд зарцуулахгүй бол болохгүй. Сүүлд дрон авахад нэлээд мөнгө шаардагдсан. Ер нь, гэрэл зургийн техник хэрэгслийн үнэ өндөр.
-Гэрэл зургийн үнэ цэн цаг хугацаа өнгөрөх тусам өсдөг юм шиг санагддаг.
-Яг тийм. Гэрэл зурагт нэг агшинд болж буй үйл явдал, хүний сэтгэл хөдлөл, дүр төрх бууж үлддэг. Тэр агшин дахин давтагддаггүй. Миний анх авч байсан хотын шөнийн зурагнууд шиг зургийг одоо хэн ч авах боломжгүй. Яагаад гэхээр хотын барилга байшин, гудамж талбай бүгд өөр болчихсон. Миний авсан кадрууд бол түүх болж үлдэж байгаа гэсэн үг.
Үүнээс гадна хүмүүсийн хөрөг зураг маш гоё. Тухайн агшины тэр хүний дүр төрх, сэтгэл хөдлөл гэрэл зургийн хальсанд мөнхөрдөг. Зургийг нь авч байсан зарим хүн бурхан болчихсон байдаг. Үр хүүхдүүд нь ирээд аав ээжийнхээ зургийг аваад явдаг. Хүмүүсийн хамгийн нандин, эрхэм дурсамжийг мөнхөлж үлдээж байгаадаа гэрэл зургийн үнэ цэн оршиж байна. Бүх зүйл бороо мэт арилж, гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг шүү дээ.
-Хоббиндоо цаг зав хэр гаргаж байна?
-Ээлжийн ажилтай учир харьцангуй цаг зав харьцангуй гаргах боломжтой. Амарч байх хугацаандаа камераа үүрээд гарна. Хажуугаар нь фитнестээ явна.
-Төмөр замчдаас өөртэй чинь ижил хоббитой, хамт гэрэл зураг авдаг хүн бий юу?
-Одоохондоо алга. Ер нь, хамт ажилладаг залуустаа ийм хоббитой болох хэрэгтэй гэж хэлдэг. Хэрэв гэрэл зураг авна гэвэл би заагаад өгье гэж хэлдэг л юм. Өөрийн мэддэг чаддагаа бусадтай хуваалцана гэдэг маш гоё. Хэрэв хэн нэгэн надад гэрэл зураг авахыг заагаад өгөөч гэвэл би дуртайяа тусална. Одоохондоо надад тэгж хандсан хүн алга. Ер нь, дуртай зүйлээ хийж байгаа хүн түүнээсээ аз жаргал мэдэрдэг. Тэгэхгүй ажил-гэр гээд л яваад байвал стресстэнэ.
Би камераа үүрээд хотын гудамжаар алхаж явахдаа эрх чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Бухимдалтай нийгэмд тэгж өөрийнхөө сэтгэл зүйг тэнцвэржүүлэх, амар тайван байх хоббиг олох нь чухал.
Ажлаас буулаа гэж ирж унтаад, ажилдаа гарах гэж байгаа гэж унтаад иймэрхүү байдалтай олон жил явсан. Өөрийн хоббигоо олчихоор амьдралд шинэ өнгө нэмэгдээд, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болдог.
Өмнө нь, амарч байгаа үед унтахаас өөр хийх зүйл олдохгүй. Амьдралын идэвхгүй байсан. Тийм учраас залууст гэрэл зураг ав, фитнесээр хичээллэ. Бүх зүйл хөгжөөд байна. Юу л бол юу хийх боломж дүүрэн байна гэж хэлдэг.
-Вагончдынхоо түүхийг гэрэл зурагт мөнхлөн үлдээх үйлсэд хүчин зүтгэж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Алба, ангийн хэмжээнд зохион байгуулж буй бүх үйл ажиллагаа, вагончдынхоо ажил үйлс, амжилт бүтээл, түүхийг гэрэл зурагт авч үлдэхийг хичээж л явна. Надад овоо зузаан архив бий шүү. Вагончдынхоо залуу насны дүр төрх, хийж бүтээснийг нь архивлаад л байна. 10, 20 жилийн дараа үзүүлэхэд их л сонин байх болов уу.
-Хүүхдүүд чинь таныг дуурайгаад гэрэл зураг сонирхож байна уу?
-Том хүү минь багаасаа бүжиглэсэн Монголын хамгийн балчир брейк данесер шүү дээ. Одоо том болсон, 13 настай. Бага маань зургаан настай.
-Таны хань төмөр замчин уу?
-Үгүй ээ, гэргий маань Үндэсний урлагийн их театрын бүжигчин. Гэрийнхэн маань миний хоббиг их дэмжинээ.
-Сэтгэлд хүрсэн сайхан кадрууд өөрт чинь хэр байдаг вэ?
-Байгаа шүү. Тав зургаан жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр явж байгаад нэг гоё агшинг олж харсан. Нэг сандлын нэг талд өндөр настай хос, эсрэг талд нь хараад залуу хосууд суучихсан нь надад их гоё, утга учиртай агшин санагдсан. Тэр зургийг “Цаг хугацаа ба хайр” гэж бичээд манай группээс хайвал гараад ирнэ. Тэр зураг маань маш их хандалт авсан. Цаашид гэрэл зургаар явах урам зориг өгсөн. Хоёр гуравхан кадр холоос авахад тэр хүмүүс босоод явчихсан. Гэрэл зурагт алтан агшинг алдахгүй байх гэдэг тэр л дээ. Гэтэл заримдаа гоё зураг авчих агшин тохиолдоход камергүй явж таарвал маш харамсалтай санагддаг. Гоё агшинг алдахгүй гоё зураг авчихсан үедээ аз жаргал мэдэрдэг. Том олз олсон хүн шиг л...
Тиймээс байнга л камер, дроноо аваад явна. Бороо орох, цас орох гээд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гоё зураг авах боломжууд бүрдэнэ.

-Үнэтэй камер худалдаж аваад гоё зураг авна гэдэг худлаа юм билээ. Зураг авна гэдэг хүнээс дотоод мэдрэмж, нүдний ур зэрэг юм юм шаарддаг бололтой юм билээ?
-Тийм шүү. Одоо хүн бүхний гарт камер байна. Гар утсаараа ч зураг авах боломж дүүрэн. Гэхдээ өөрийн мэдрэмж, өнцгийг нь олох, мэдээж үүн дээр онолын мэдлэг шаардлагатай л даа. Яг энэ агшины юуг нь онцолж харуулах вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Түүний тулд бодно. Зураг авахад олон зүйлийг мэдэх, сурах, мэдрэх ёстой юм билээ. Анх юу ч мэдэхгүй л орж байлаа. Одоо ч суралцаад л явж байна. Эцэст нь залуустаа өөрсдийнхөө хоббиг олоорой л гэж хэлье дээ.
-Танд амжилт хүсье. Баярлалаа.
Б.Гүнжинлхам
Хобби ба түүний ач холбогдол
Хобби гэдэг нь хүний дуртай зүйл болон өөрийнх нь чадвар хоёрын огтлолцол дээр үүсдэг байна. Хүн ямар нэгэн хоббитой байна гэдэг, түүнийгээ хөгжүүлэхэд цаг заваа зориулах нь хүний сэтгэл зүйд олон талын эерэг нөлөөллийг үзүүлдэг аж. Хобби буюу дуртай зүйл нь мэдээж хүн бүрийн хувьд өөр. Хобби нь дур сонирхлыг бататгаж өгдөг. Хүн эхээс төрөөд л хоббитой болчихно гэж байхгүй. Хүүхдүүдийн хувьд мэргэжил сонгоход тод илэрдэг. Дуулах өгөгдөлгүй байж би дуучин болно гэдэг зорилго тавьбал буруу сонголт болно. Тиймээс сонирхол болон өөрийн чадвараа харгалзан үзэж сонголтоо хийвэл тухайн зүйлдээ илүү дурлана.
Би үүнийг үнэхээр хүсэж байна уу, дуртай зүйл минь мөн үү зэрэг асуултын хариултыг олох хэрэгтэй. Үүний дагуу сонирхож судалж болох юм. Үүнийг яаж хийдэг юм бол, яагаад би татагдаж байна вэ гэж эрэл хайгуул хийж эхэлнэ. Тэр зүйлд үнэхээр дуртай, аз жаргал баяр баясал авдаг бол хүн түүнийгээ орхиж чаддаггүй. Хоббигоо зөв сонговол тааламжтай, эерэг хандлага, сэтгэл ханамжийг мэдэрнэ.
Хоббитой байснаар:
-Өөртөө итгэлтэй болно.
-Цагаа нарийн төлөвлөж сурна. Нэг зүйлийг хийх гэж нөгөөг нь баллаж болохгүй. Бүхнийг нарийн төлөвлөх чадвартай болж эхэлнэ.
-Сэтгэл ханамж нэмэгдэнэ. Дуртай юмаа хийж байхад бие болон сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
-Дуртай зүйлдээ тууштай байх нь хамгийн их аз жаргал өгдөг. Амьдралын чанар, сэтгэл хангалуун байхад ч нөлөөтэй.
Хүн өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө голоход л асуудал оршдог. Хүн бүр хоббитой байх боломжтой. Бусдад туслах дуртай хүн байж болно. Сонирхолгүй байгаа мэт санагдвал өөрийгөө нээж, надад юу тохирох вэ гэдгээ олох боломж бий л гэсэн үг. Сониуч байх нь сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай.
Аливааг сонирхож эхэлж байгаа үед бүгдийг төгс хийчих юм шиг л санагддаг. Энэ мэдрэмжээ л хадгалах хэрэгтэй. Хобби ба судалгаа гэж бий. Үргэлж ахиж хөгжих ёстой. Бусдын дэмжлэг хэрэгтэй болно. Яагаад үүнийг хийх болсон бэ, үүнийг хийх нь чамд яагаад чухал юм бэ гэдгийг гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Тэд таны цаг зав, хөрөнгө мөнгө болон эрүүл мэнд, хооллолт, амралт зэргийг төлөвлөхөд тусална. Ганцаараа зүтгэснээс бусдын дэмжлэгийг авах нь илүү өгөөжтэй байх болно.
