Замын аж ахуйн албаны хэмжээнд 2018 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бригадын дарга нарын мэдлэг, ур чадварын тэмцээн өнгөрөгч Баасан гарагт Замын IV анги дээр боллоо. Энэ жилийн тэмцээнд долоон аж ахуйн нэгжийн 35 бригадын дарга мэргэжлийн ур чадвар, цахим программ ашиглалт, IQ сэтгэн бодох чадвар болон замын гэмтэл олж илрүүлэх зэрэг төрлүүдээр өрсөлджээ. Уг тэмцээний онцлогийн талаар Замын IV ангийн дарга А.Оргодол "Энэхүү тэмцээнд шинэ залуу бригадын дарга нар мэргэжил ур чадвараараа өрсөлдөж, өсөн хөгжих гүүр болж байгаа юм. Мөн энэ удаагийн тэмцээн үзэгчтэй болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэмцээнд оролцож байгаа бригадын дарга нараасаа мэргэжил нэгтнүүд нь суралцаж байгаа хэрэг" хэмээв. Тэмцээний шүүгчээр Тээврийн хяналтын албаны Замын аж ахуй хариуцсан байцаагч Д.Даваажав, Төмөр замчдын сургалтын төвийн багш н.Ариунболд, Замын аж ахуйн албаны байцаагч Б.Баярсайхан нар ажиллажээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мэдлэг-ур чадвар 2023" тэмцээний тэргүүн байранд Замын II анги, дэд байранд Замын IV анги, гутгаар байранд Замын I ангиуд шалгарав. Ирэх жилийн тэмцээнийг Замын II анги зохион байгуулна.