Нүүр Цаг үе БОС-ны өвлийн бэлтгэл ажил 78 хувьтай үргэлжилж байна
Цаг үе

БОС-ны өвлийн бэлтгэл ажил 78 хувьтай үргэлжилж байна

G.Press 8 сарын өмнө 57 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

БОС-ны албаны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн өрнөж байгааг тус албаны дулаан сантехникийн инженер Ч.Лхагвасүрэнгээс тодрууллаа

 

-Замын даргын А-521 тоот тушаалаар батлагдсан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд манай албанаас 11 ажил орсон. Эдгээр ажил өнөөдрийн байдлаар (есдүгээр сарын 2-ны) 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Албаны хэмжээнд есөн ажил төлөвлөснөөс таван ажил 100 хувь хийгдэж, 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Албаны харьяа гурван ангийн өвөлжилтийн бэлтгэл 78 орчим хувьтай үргэлжилж байна.

 

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй томоохон ажлууд байна уу?

 

-Дулааны шугам сүлжээ, цэвэр ус хангамжтай холбоотой төлөвлөсөн ажлуудыг 100 хувь хийж дууссан. Тухайлбал, Дарханы ТҮГ-ын шугам, Сайншандын I зуухны тогоо солих ажил, Зүүнхараагийн III зуухны дулааны шугам байна.

 

-Өвлийн бэлтгэлийн хүрээнд дуусаагүй үргэлжилж байгаа болон эхлээгүй ажлууд бий юу?

 

-Төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу хугацаандаа хийгдээд явж байгаа. Харин хугацаа нь болоогүй ажлууд бол бий. Есдүгээр сарын 15-наас галлагаа эхэлнэ. Уурын зуухны нүүрсний татан авалт эхлээгүй байна. Мөн анхны өвөлжигчдийн сургалтыг есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Улирлын чанартай ажилчдыг ажилд авахдаа тухай бүрд нь сургалт зохион байгуулдаг.

Мөн хугацаа болоогүй ажлуудын нэг нь ажилчдын өвлийн хувцасны олголт байгаа.

 

-Энэ жил их барилгын ажил бий билүү?

 

-200 айлын цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгөх тун дөхсөн. Уг цэцэрлэгийн зоорийн болон нэгдүгээр давхрыг нь тендерээр шалгарсан компани барьсан байсныг манай алба хүлээж аваад БЗҮА маань өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хоёрдугаар давхрын цутгалтыг нь хийж эхлээд одоо энэ сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ цэцэрлэг маань урд өмнөх цэцэрлэгүүдээс ихээхэн онцлогтой баригдаж байгаа. Тухайлбал, зоорийн давхартаа ажилчдын хувцас солих өрөө, гал тогоо, агуулахыг шийдэж өгсөн. Мөн энэ цэцэрлэг бага насны хүүхдийн онцлогт тохирсон усан бассейнтай төмөр замын анхны цэцэрлэг болно. Тиймээс нарийн чимхлүүр ажил их байна.

 

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал бий юу?

 

-Албаны хувьд асуудал байхгүй. Харин явцын дунд төлөвлөгдөөгүй ажлууд нэлээд нэмэгдэж орж ирдэг нь манай ажилд хүндрэл үүсгэдэг. Бид төлөвлөгөөт ажилдаа барилгын материал, машин техник, хүн хүчний хуваарилалтаа хийгээд ажиллаж байтал төлөвлөөгүй ажил гэнэт орж ирэхээр дахин зохион байгуулалт хийх шаардлага тулгардаг нь ажил жаахан хүндрүүлдэг талтай.

 

-Тийм нэмэлтээр орж ирсэн ямар ажлууд байна вэ?

 

-Төв эмнэлгийн харьяа “Булагтай” сувилал, Зорчигч тээврийн төвийн дээврийн засварын ажил орж ирсэн. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад орж ирсэн бүх ажлыг хийж байна. Нэн яаралтай гэсэн ажлыг түрүүлж хийгээд, зарим ажлыг арай хойшлуулах байдлаар зохицуулж байна. Гэхдээ ажлын ачаалал нэмэгдэж байгаа учраас зарим ажлын хугацаа хойшлох тохиолдлууд гардаг.

 

-Нүүрсээ аль уурхайгаас татах вэ?

 

-Нүүрсний тендер зарлаад оролцогч орж ирээгүй. Тиймээс одоогийн байдлаар нүүрсээ аль уурхайгаас авах нь тодорхойгүй байгаа. 

 

-Албаны хэмжээнд ирэх өвөл хичнээн халаалтын зуух ажиллах вэ?

 

-Ирэх өвөл 34 халаалтын зуух ажиллана. Өмнө нь, 37 халаалтын зуух байснаас гурван зуухыг Говьсүмбэр аймагт шилжүүлж өгсөн.

Есдүгээр сарын 15-наас хойд чиглэлийн 11, үүн дээр төвийн хэсгийн Мандал, Булагтай, Мааньт,  Оорцог, Наран-Элгэний зуух халаалтаа өгч эхэлнэ. Чойроос цааш Замын-Үүд хүртэлх халаалтын зуухнууд аравдугаар сарын 1-нээс халаалтаа өгнө.

 

 

 

 

  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.