Чойр-Сайншанд чиглэлд хоёрдугаар сарын 19-нд 1232 дугаар галт тэргээр аялж байхдаа 806 дугаар км-ийн зургадугаар зуутад зам төмрийн уулзварын зай ихсэж, зам төмөр ховхорсон байсныг илрүүлэн албаны бүрэн тоормос хийж, гарч болзошгүй зөрчил, гологдлоос урьдчилан сэргийлж, ГТХАБ-ыг бүрэн хангаж ажилласан машинч, туслах машинч нарыг Замын даргын тушаалаар шагналаа.

Тодруулбал, “Тэргүүний төмөр замчин” тэмдэг, нэг сая төгрөг болон сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар Сайншанд Татах хэсгийн машинч Хүрэлбаатарын Энхсайханыг, мөн “Онц хөдөлгөөнчин” тэмдэг, сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар машинч Алтангэрэлийн Чулуунбаатар, туслах машинч Нацагдоржийн Идэрбат, Энхбаатарын Сүх-Очир нарыг шагнаж, шагналыг Замын дарга Х.Хэрлэн өнөөдөр гардууллаа.

Замын уг гэмтлийг анх олж харан яаралтай арга хэмжээ авч болзошгүй аюулыг зайлуулсан машинч Х.Энхсайхан “Сайншанд Татах хэсэгт засварчин, туслах машинч, машинчаар нийт 16 жил ажиллаж байна. Үүнээс машинчаар зургаан жил ажиллаж байгаа. Тухайн өдөр Чойр-Сайншанд чиглэлд аялж байхдаа 10.30 цагийн үед замын уулзварын зай ихэссэн байх магадлал байгааг олж хараад яаралтай тоормос хийж, хязгаарлагч өртөөний жижүүрт болон холбогдох ажилтнуудад яаралтай мэдэгдсэн” хэмээв.

Тухайн зүтгүүрийн бригад замын гэмтлийг анзаараагүй өнгөрсөн бол галт тэрэг замаас гарах ч эрсдэл үүсэж болзошгүй байжээ.