Солонгосын ТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 30 гаруй хүнтэй баг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцжээ. Тэд энэ сарын 10-14-нд ажиллах бөгөөд Улаанбаатар татах хэсгийн ҮЭ-ийн хороо, Замын-Үүд зангилааны ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судаллаа.

Энэ талаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны хуулийн зөвлөх Б.Энхтөгс “БНСУ-ын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо манай холбоотой 2016 оноос хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа юм. Энэ хүрээнд харилцан төлөөлөгч солилцох гэрээ байгуулсан. Ингэснээр хоёр орны төмөр замчдын ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан бие биенээсээ суралцах үүд хаалга нээгдсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын ТЗ-чдын ҮЭ-ийн холбоо манайхтай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин үеийн хандлага соёл”-ын асуудлаар зөвлөгөөн зохион байгуулсан. Мөн төмөр замчид өөрсдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан, хамтын тэмцлийг хэрхэн нэгдэж хөдөлгөөн өрнүүлэх нь оновчтой үр дүнд хүрэх талаар туршлага солилцож, өндөр хөгжилтэй орны төмөр замчдын хувьд өөрсдийн арга туршлагаасаа харамгүй хуваалцаж ирсэн. Цаашлаад тус холбоо нь манай холбоотой бүс нутгийн энх тайвны төлөө хамтран ажиллахаар хэтийн зорилгоо тодорхойлсон. Бид БНСУ-ын төмөр замчдын ҮЭ-ийн холбоотой нягт уялдаатай байснаараа гишүүдийнхээ эрх ашгийн төлөө олон улсын түвшний дэмжлэгийг авах ч боломжтой болох юм. Тус улсын төмөр замынхны хувьд Европ-Азийг холбосон төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөхөд үндсэн зорилгоо чиглүүлдэг юм билээ. Энэ ч утгаар манай холбоодын хамтын ажиллагаа УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд ч өндөр ач холбогдолтой” гэв.

БНСУ-ын төмөр замчдын ҮЭ-ийн холбооныхон энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд цаашид илүү өргөн цар хүрээнд хамтран ажиллах чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан санамж бичгийг үзэглэхээр боллоо. Мөн ирэх есдүгээр сард тус холбооны удирдлагын баг Монголын талын урилгаар дахин ирж, хамтарсан зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ.