УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын дарга Б.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Төмөр замын дуу бүжгийн чуулгын даргын ажлыг анх хүлээн авахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Сайн байцгаана уу. “Ган зам” сонины нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. 1957 онд шавыг нь тавьж, 1959 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухайн үеийн Төмөр замын Соёлын төв ордон нь асар баялаг түүхтэй, Монголын анхны таван чуулгын нэг. Энэ байгууллагыг удирдах үүргийг хүлээн авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Үүнтэй зэрэгцэн бага зэрэг айдас төрж байлаа. Мэргэжлийн урлагийн байгууллагыг удирдана гэдэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний уран бүтээлийг дэмжих, бодлого боловсруулах өндөр хариуцлагыг шаарддаг. Намайг 1995 онд УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллаж байх үед ТЗДБЧ 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 37-38 мэргэжлийн уран бүтээлчид байсан. Тэд үнэхээр чадварлаг, нэр хүндтэй уран бүтээлчидтэй байсан. Тухайлбал, Д.Болд, Т.Тэгшжаргал, Л.Уранмандах, С.Олонбаяр, Б.Чанцалдулам эгч зэрэг шилдэг уран бүтээлчид 1990-ээд оны сүүлээр мэргэжлийн уралдаан тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг байсныг нь мэдэх юм. 2025 оны аравдугаар сард ажил хүлээн авахад манай чуулгын уран бүтээлчдийн тоо цөөрсөн нь харамсалтай санагдсан. “Чуулга” гэсэн статустай ажиллахын тулд соёл урлагийн бодлогын хүрээнд дуу бүжгийн чуулга нь 50-80 уран бүтээлчтэй байх шаардлагатай. Мөн хамрах хүрээг авч үзвэл Төмөр замын 16000 гаруй ажилтан, албан хаагчдын урлаг соёлын боловсролд хувь нэмэр оруулах, соёл урлагийн хөтөлбөрийг таниулахад нийтдээ 102-110 хүний бүрэлдэхүүн хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай чуулга 20 гаруйхан хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс арваад нь уран бүтээлчээр ажиллаж байна. Өнөөдөр УБТЗ ХНН тэй хамтын ажиллагаатай ОХУ болон БНХАУ-ын төмөр замууд өөрийн гэсэн чуулгатай. Жишээлбэл, ОХУ-ын төмөр замын соёл урлагийн чуулга миний сонссоноор 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд шугам зам дагуу явж уран бүтээлээ хүргэхээс гадна олон нийтэд тоглолтоо толилуулдаг томоохон байгууллага юм. Үүнтэй харьцуулахад манай чуулгын бүтэц, хүртээмжийг сайжруулах шаардлага бий гэж боддог. Соёл урлаг нь ямар ч нөхцөлд хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, ажиллах урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Иймээс удирдлагууд маань манай чуулгын бүтэц, орон тоонд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна.
-Чуулгын арав гаруй уран бүтээлч хэдийгээр урын сангаа баяжуулаад уран бүтээлээ туурвиад явж байгаа ч гэсэн чуулгын хэмжээнд ажиллана гэдэг учир дутагдалтай юм байна даа.
-Яг зөв. Мэргэжлийн хэллэгээр “үндсэн хөг” гэх ойлголт бий. Энэ нь уран бүтээлийг үзэгч, сонсогчдод төгс, сонсголонтой хүргэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьд хөгжмийн эгшиг нь уран бүтээлийн үнэ цэн, чанарыг илэрхийлдэг. Өнөөдөр манай чуулгад олон жил ажиллаж буй Н.Дашдэмбэрэл, Б.Батболд, уртын дуучин Ц.Нямгэрэл, Ш.Энхбаяр, М.Нарантуяа, дуучин Б.Мөнхдалай, хөөмийч Д.Буянтөлх, морин хуурч Э.Адъяа, лимбэчин М.Жигмэдсэрчин, бүжигчин Ж.Хишигбаяр, З.Очмаа зэрэг чадварлаг уран бүтээлчид маань чуулгынхаа өнгө төрхийг тодорхойлж байна. Мэдээж үйлчилгээ аж ахуйн ажилчид бидний ар талд бат найдвартай байдаг. Би эдгээр уран бүтээлчид, ажилчдаа хүндэлж, хайрлаж явдаг. Тэдэнтэй нэг баг болон ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Уран бүтээлчид маань ардын хөгжмийн цөөхүүл болон үндэсний их найрал хөгжимтэй хамтран ажиллаж, гайхамшигтай бүтээлүүд туурвих бүрэн боломжтой. Харамсалтай нь бүтэц, орон тоо дутмаг байгаа учраас зарим тохиолдолд фонограмм ашиглах шаардлага гарч байна. Миний зүгээс удирдлагуудад тодорхой санал тавьсан. Юуны өмнө ардын хөгжмийн цөөхүүлтэй болох. Тухайлбал, морин хуур, шанз, хуучир тус бүр хоёр гэх зэрэг бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй. Мөн дор хаяж гурваас дөрвөн хос буюу 6-8 бүжигчинтэй болсноор бид уран бүтээлээ нүүр бардам хүргэх боломж бүрдэнэ. Манай уран бүтээлчид чадварлаг хөгжмийн зохиолч, дуучидтай хамтран ажиллахад бэлэн байгаа. Тэд ч мөн чуулгатай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлдэг. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэмнэлтийн бодлого хэрэгжиж байгаа тул 2026 онд орон тоо нэмэх боломж хязгаарлагдмал харагдаж байна. Гэсэн ч нөхцөл байдалдаа уялдуулан уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлэхийг зорьж байна. Манай уран бүтээлчид хөрвөх чадвар өндөртэй. Сүүлийн 13 жилийн хугацаанд үндсэн бүрэлдэхүүнээрээ шугам зам дагуу бүрэн хэмжээний аялан тоглолт хийгээгүй байсан. Харин бид энэ уламжлалыг сэргээж, Замын Үүдээс Алтанбулаг хүртэл амжилттай аялан тоглолт зохион байгууллаа. Замын Үүд, Сайншанд, Чойр, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Зүүнхараа зэрэг долоон зангилаа өртөө болон төвийн бүсэд нийт есөн удаагийн тоглолт хийсэн. Тоглолтыг төмөр замчид халуун дотноор хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Ээлжийн ажилтай хүмүүс хүртэл цаг заваа зохицуулан үзсэн нь бидэнд урам өгсөн. Үзэгчид “Дараагийн тоглолт хэзээ вэ”, “Шугам замаараа ойр ойрхон ирж тоглоорой” гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Энэ нь ажлын хамгийн том үнэлгээ юм.
-Та ажлаа хүлээн авснаас хойш уран бүтээлийн бодлогодоо ямар чиглэл баримталж байна вэ?
-Ажилдаа ормогц уран бүтээлдээ илүү төвлөрөхийг зорьсон. Нэгэнт бүтэц, орон тоог богино хугацаанд нэмэх боломж хомс байгаа учраас одоогийн нөөц бололцоондоо тулгуурлан чанартай уран бүтээл туурвих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хамт Б.Мөнхбат: Бүтцийг нэгтгэж болно, гэхдээ чуулгын статусыг алдаж болохгүй олонтойгоо “Бид юунд анхаарах ёстой вэ” гэдгийг ярилцаж, уран бүтээлийн бодлогоо тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар чуулгын үндсэн бүрэлдэхүүний 70-80 хувийг дуучид эзэлж байна. Иймд бид энэ онцлогтоо түшиглэн дуулалт жүжиг болон хүүхдийн жүжиг тавихаар ажиллаж байна. Манай чуулгын түүхэнд хүүхдийн жүжгүүд өмнө нь тавигдаж байсан уламжлалтай. Энэ сайхан жишгийг үргэлжлүүлэх зорилгоор Германы нэрт зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн “Үдийн хоолонд зочилсон хурга” нэртэй хүүхдийн жүжгийг бэлтгэж байна. Би өөрөө энэхүү жүжгийн ажилд оролцож байгаа. Энэ нь дуулалт биш, хүүхдийн сэтгэл зүйд чиглэсэн хүмүүжлийн ач холбогдолтой бүтээл юм. Бид жүжгээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд төмөр замчдын хүүхдүүдэд зориулан тоглохоор төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 9-ний өдөр Ялалтын баярт зориулсан тоглолтоо толилуулна. Бид ирээдүйгээ харж, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, энэ жил ОХУ-д зохион байгуулагдах гурван талт уулзалт, хэлэлцээрт мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд оролцож, соёл урлагийн хөтөлбөрийг хүргэнэ. Үүнтэй холбогдуулан манай уран бүтээлчид оросын сонгодог болон хит дуунуудаас бэлтгэн, тоглолтын хөтөлбөрөө боловсруулж байна. Намрын аялан тоглолтыг шинэ уран бүтээлээр баяжуулан хүргэхээр төлөвлөсөн. Миний зорилго бол Төмөр замын соёлын ордныг жинхэнэ утгаараа урлаг, соёлын төв болгон хөгжүүлэх юм. Өнөөгийн “Ган зам палас”-ыг соёл урлагийнхны цуглардаг, уран бүтээл төрдөг, үзэгч олноор дүүрэн өргөө болгохыг хүсэж байна. ТЗДБЧ-ын байр нь урлагийнхны хүсэн зорьдог ордон болж, Монголын соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Дуучин Б.Батболд, Н.Дашдэмбэрэл нарын санаачилгаар “Дуулах өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ долоо хоног бүрийн Бямба гарагт Төмөр замын чуулгын бүжгийн зааланд болно. Үзэгчид уран бүтээлчидтэй хамтран дуулж, үйл ажиллагааг цахим хуудсаар шууд дамжуулах юм. Ингэснээр ажиллаж буй болон тэтгэвэрт гарсан төмөр замчид соёл урлагт идэвхтэй оролцох боломжтой болно.
-Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлийн онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Төмөр замын дуу бүжгийн чуулга гэхээр хүмүүс ихэвчлэн ардын дуу, язгуур урлаг гэж төсөөлдөг. Гэтэл бид илүү өргөн хүрээтэй уран бүтээлтэй байгууллага. Одоо нийтийн дуу, зохиолын дуу, орчин үеийн эстрад, хүүхдийн жүжиг, бүжгэн болон драмын элементтэй уран бүтээл гэсэн олон төрлийн жанрыг хамтад нь хөгжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, “хуучин ойлголт”-ыг эвдэж, шинэ үеийн үзэгчдэд илүү ойр уран бүтээл хийхийг зорьж байна.-Уран бүтээлчдийн нөхцөл, ажиллах орчны талаар та юу хэлэх вэ?-Уран бүтээлчдийн хөдөлмөрийг зөв ойлгох хэрэгтэй. Тэд өглөө 08:00 цагт заавал ирээд суух ёстой хүмүүс биш. Учир нь мэргэжлийн урлагийн онцлог нь орой тоглолт хийдэг. Өглөө хоолой, бие организм “сэрэх” шаардлагатай. Бэлтгэлийг 10:00-14:00 цагийн орчимд хийвэл илүү үр дүнтэй байдаг. Тиймээс бид ажлын цагийг уян хатан болгож, уран бүтээлчдээ хамгаалах бодлого баримталж байна.
-Ахмад уран бүтээлчидтэйгээ хамтарч ажилладаг уу?
-Манай байгууллага сар шинийн баярт зориулсан тоглолтоо ахмад болон одоо ажиллаж буй уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулсан. Тус тоглолтыг МҮОНРТ, TV5, TV8, TV9 зэрэг телевизээр үзэгчдэд хүргэж, өндөр үнэлгээ авсан. Ахмад уран бүтээлчид маань цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэдний туршлага, ур чадвар нь залуу үед үнэтэй өв болон үлдэнэ.
-Танай хамт олон соёл урлагийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
-Сүүлийн 3-4 жилийн хугацаанд тасраад байсан нийтийн бүжгийг саяхан дахин сэргээж эхэллээ. Энэ сарын 14-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэр үеэр үнэхээр сэтгэл хөдөлгөм мөчүүд тохиолдсон. Манай ахмад төмөр замчид эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон нь харагдлаа. Тодруулбал, нийтийн бүжгийн нээлтэд 92 настай ахмад хүрэлцэн ирж, “Би сэтгэлээ сэргээх гэж ирлээ” хэмээн хэлсэн нь бидэнд урам өгсөн. Мөн 86 настай нэгэн ах идэвхтэй бүжиглэж, оролцогчдод үлгэр дуурайлал болсон. Тухайн өдөр нийтийн бүжгийн хамгийн залуу оролцогч 18 настай байсан бол хамгийн ахмад нь 86 настай байлаа. Энэ нь нийтийн бүжиг үе үеийн хүмүүсийг нэгтгэдэг соёлын чухал үйл ажиллагаа гэдгийг баталсан. Цаашид бид нийтийн бүжгийн соёлыг түгээн дэлгэрүүлж, чанар, зохион байгуулалтыг нь улам сайжруулан хөгжүүлэхээр зорьж байна.
-Нийтийн бүжиг болон мэргэжлийн урлагийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах вэ?
-Бид соёл урлагийн боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой. Тиймээс мэргэжлийн уран бүтээлүүд болон нийтийн соёлын арга хэмжээг уялдуулан зохион байгуулна. Цаашид үйл ажиллагааг дараах зарчмаар явуулахаар төлөвлөж байна. Үүнд, өдрийн цагаар байгууллагын үйл ажиллагаа, үдээс хойш нийтийн бүжиг, оройн цагаар мэргэжлийн урлагийн тоглолтыг зохион байгуулна. Мөн хувцас солих өрөө, тасалбарын зохицуулалт, ариун цэврийн байгууламж зэрэг асуудалд анхаарч, үйлчилгээний стандартыг сайжруулна. Бидний зорилго Төмөр замын соёлын ордныг соёл урлагийн төв болгон хөгжүүлэх. Төмөр замчдад төдийгүй нийт ард иргэдэд чанартай уран бүтээл хүргэж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
-Кино гаргаж эхэлж байгаа гэж сонссон юм байна.
-Төмөр замын орчимд кино театр байдаггүй учраас төмөр замчид хол зайд зорчиж кино үздэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор бид өөрсдийн байранд уран сайхны кино гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Одоогоор лед дэлгэц ашиглан кино үзүүлэх боломж бүрдсэн. Тавдугаар сарын 1-нээс эхлэн Монголын шинэ дэлгэцийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Туршилтын хүрээнд зохиолч, продюсер Б.Санчир, Б.Анх Эрдэнэ нарын бүтээл “Амьдралд хайртай” уран сайхны киног дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн гаргана. Ингэснээр “Ган зам” сонины уншигчид болон төмөр замчид маань “Ганзам палас”-т хүрэлцэн ирж, орчин үеийн кино бүтээлүүдийг үзэх боломжтой болно.-Танай чуулга бусад соёл урлагийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?-Бид уран бүтээлийн цар хүрээгээ тэлэх зорилгоор нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллах саналыг тавьж, бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал, УДБЭТ, Хүүхэд, залуучуудын театр, Улсын филармонитой хамтран ажиллах саналыг хүргүүлэхэд удирдлагууд нь маш нааштайгаар хүлээн авсан. Мөн Эрдэнэт хотын Соёлын төвтэй хамтран ажиллахаар тохиролцсон. Ингэснээр ТЗДБЧ-ын уран бүтээлчид Эрдэнэт хотод очиж тоглох, харин тус хотын “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн, УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран “Жизель”, “Цөмөөхэй” зэрэг дэлхийн сонгодог бүжгэн жүжгүүдийг манай тайзнаа тоглуулахаар хэлэлцээр хийсэн. Энэ нь үзэгчдэд өндөр түвшний сонгодог урлагийг ойроос хүртэх боломжийг олгоно. Төмөр замтай салшгүй холбоотой алдарт “Хурд” хамтлагийн гоцлол хөгжимчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяр манай хамт олонтой уулзаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. “Хурд” хамтлаг төмөр замаас үүсэлтэй гэдгээрээ онцлог. Бид хамтран мюзикл хэлбэрийн дуулалт тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдийгээр товлогдсон хугацаа хойшилсон ч энэ хавартаа “Хурд” хамтлаг төмөр замчдад зориулсан тоглолтоо “Ганзам палас”-т зохион байгуулахаар амласан. Энэ нь үзэгчдэд зориулсан онцгой бэлэг байх болно.
-Төмөр замчдын дундаас шинэ авьяастнуудыг дэмжих талаар ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-Бид төмөр замчдын дундаас урлагийн авьяастнуудыг нээн илрүүлэхийг зорьж байна. Урьд нь зохион байгуулагддаг байсан “Манлай дуучин” уралдааныг сэргээх, урлаг соёлын наадмыг дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Сонирхолтой мэдээг дуулгахад, авьяастнууд өөрсдийн бичлэгийг “Төмөр замын чуулга” фэйсбүүк хуудсанд илгээх боломжтой. Шилдэг оролцогчдыг “Хурд” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран шалгаруулж, тайзнаа гаргах юм. Ингэснээр шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний авьяасыг олон нийтэд таниулах боломж бүрдэнэ. “Гурван үеийн уулзалт-2026” ын үеэр Сайншанд зангилааны Дохиолол холбооны III ангийн ажилтан Г.Содцэцэг сайхан дуулж, мэндчилгээ дэвшүүлсэн. Миний хувьд түүнийг дэмжиж дууг нь мэргэжлийн студид бичүүлэхээр болсноо арга хэмжээний үеэр дуулгасан. Түүний ээж нь Замын-Үүдэд ажилладаг төмөр замчин байсан нь надад илүү дотно санагдсан. Энэхүү уран бүтээлийг манай чуулгатай хамтран ажилладаг “Яруу арт” продакшны хөгжмийн зохиолч, продюсер Б.Санчираар бичүүлэхээр болсон. Тэрбээр “Шар гэгээ” киноны хөгжим, “Задлаагүй захиа”, “Амьдралд хайртай” зэрэг бүтээлүүд дээр ажилласан чадварлаг уран бүтээлч. Авьяаслаг охин МУГЖ Т.Ариунаагийн “Улаан сарнай” дууг дуулдаг. Тэр дууны фонограммыг шинээр хийлгэж, студийн бичлэгт оруулах амлалтыг өгсөн. Гэр бүлийнхэн нь ч ийм боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Мөн манай чуулга залуу уран бүтээлчидтэй идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Бага тойрог” контент бүтээгчид, жааз дуучин Г.Тэнүүн, морин хуурч Этник Зоригоо буюу Б.Чинзориг нартай хамтран ажиллаж байна. Мөн удахгүй тоглолтоо хийх гэж буй уран бүтээлчидтэй ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Саяхан манай чуулгын Ерөнхий найруулагчаар дуучин, хөгжимчин, найруулагч Э.Аззаяа томилогдсон. Ингэснээр бид соёл урлагийг орчин үеийн хэлбэрээр төмөр замчид болон үзэгч олонд хүргэх бодлого баримталж байна.
-Та төмөр замчдад зориулсан соёлын сан бүрдүүлэх саналыг дэвшүүлсэн. Энэ санаачилга санхүүгийн хувьд хэр боломжтой вэ?
-Тийм, нэг санаа дэвшүүлсэн. Төмөр замын 16000 ажилтан тус бүр жилд нэг удаа 20000 төгрөгийн дэмжлэг үзүүлбэл нийтдээ ойролцоогоор 320 сая төгрөг болно. Энэ хөрөнгөөр хоёр томоохон аялан тоглолт, уран бүтээлчдийн нөхцөлийг сайжруулах техник, унаа, логистикийн шинэчлэл зэргийг шийдэх боломжтой. Хамгийн чухал нь энэ мөнгө “дарамт” биш, харин санхүүгийн тайлангаа ил тод гаргаж, аудитад шалгуулан, шилэн дансны зарчмаар ажиллана. Би хувьдаа энэ мөнгөнөөс ашиг олох зорилгогүй нь тодорхой. Харин уран бүтээлийг тогтвортой хөгжүүлэх менежментийн загвар гэж харж байгаа. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. Нэг төмөр замчнаас жилд ганцхан удаа 20000 төгрөгийн дэмжлэг хүсвэл тэр мөнгөөр хоёр удаагийн тоглолт үзэх боломжийг бид бүрдүүлнэ. Хавар нь Төмөр замын дуу бүжгийн чуулгын бүрэн бүрэлдэхүүн нийтийн болон зохиолын дууны тоглолтоо хүргэнэ. Харин намар нь тэдний сонсох дуртай уран бүтээлчийг урьж тоглуулах боломжтой. Жишээлбэл, сонсох дуртай дуучин нь Бичүү, “Digital” хамтлагийн Эрка, эсвэл хүмүүсийн дуртай өөр алдартай хэн ч байж болно. Ийм хэмжээний тоглолтыг 20000 төгрөгөөр үзэх боломж бараг үгүй. Харин хамтын оролцоогоор бид үүнийг бодит ажил болгож чадна. Өнөөдөр 20000 төгрөгөөр нэг өдрийн хоол ч авч хүрэлцэхгүй. Харин хамтын хүчээр төмөр замчид өөрсдийн соёлын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Нэг хүний багахан хувь нэмэр олон хүний соёлын том хөрөнгө оруулалт болж чадна. Урьд нь чуулга тусгай вагоноор явдаг байсан ч энэ нь цаг хугацаа, зардал их шаарддаг байв. Харин байгууллага өөрийн унаатай болсноор бид богино хугацаанд олон өртөөнд хүрч ажиллах боломжтой болно. Жишээлбэл, Улаанбаатараас Чойр, Сайншанд, Замын-Үүд хүртэл дараалсан тоглолтыг саадгүй зохион байгуулж чадна. Энэ нь уран бүтээлчдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Харин одоо уран бүтээлийн баг өөрийн тээвэр, уян хатан зохион байгуулалттай болсноор нэг маршрутаар тасралтгүй аялах, олон өртөө, суурин газарт тоглох, үзэгчидтэй илүү ойр ажиллах боломж нэмэгдэнэ.
-Төмөр замын чуулгын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Төмөр замын аялал жуулчлалын товчоо, “Замчин” спорт хороо, Төмөр замын чуулга гурвыг нэгтгэх шийдвэр аль хэдийнэ гарсан. Энэ бол бодлогын түвшний шийдвэр. Бүтцийг нэгтгэж болно. Гэхдээ чуулгын статусыг алдаж болохгүй. Хүн урлаггүйгээр амьдарч чаддаггүй. Гуниглахдаа дуу сонсдог, баярлахдаа бүжиглэдэг. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй. Тэгэхээр 24 цагийн ээлжээр ажилладаг төмөр замчдад хамгийн хэрэгтэй зүйл бол урлаг. Урлаг бол зугаа биш хүмүүжил, сэтгэлзүй, урам зориг. Өнөөдөр манай уран бүтээлчид гадуур тоглолт хийхдээ 2-3 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Харин дотооддоо бол “танай ажилтан биз дээ” гээд бараг үнэгүй шахуу ажиллуулдаг. Хоёрдугаарт, цалин. Төмөр зам дотроо хамгийн бага цалинтай хүмүүс нь чуулгын уран бүтээлчид. Гэтэл яг энэ хүмүүс байгууллагын нэр хүндийг авч явдаг. Манайд 280-300 хүний суудалтай танхим байна. Долоо хоногт дор хаяж хоёр удаа арга хэмжээ болдог. Хэрвээ энэ заал байхгүй бол бүх арга хэмжээг гадуур түрээсэлнэ. Тэгвэл зардал асар өндөр гарна. Өөрөөр хэлбэл, “Ган зам палас”, Төмөр замын чуулга бол зардал биш харин хэмнэлт, үнэ цэн гэж би хардаг. Төмөр замын чуулгыг бүү сулруул. Харин ч бэхжүүлэх хэрэгтэй.
-Уучлаарай, телевизийн хөтлөгч залуу яагаад чуулга удирдахаар болчихов гэсэн яриа бий. Та удам угсаа, урлагийн замналынхаа талаар ярина уу?
-Хүмүүс асууж, зарим нь тэгж ойлгодгийг би буруутгахгүй. Намайг телевизийн хөтлөгч, сэтгүүлч гэж ойлгох нь олонтаа. Гэхдээ миний боловсрол, ажил мэргэжил урлагийн салбартай салшгүй холбоотой. Би хөгжмийн мэргэжилтэй хүн. 1995 онд УАДБЧ-д оюутан байхдаа морин хуур тоглодог байлаа. Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон цагаасаа соёл урлагаас холдоогүй. Хөгжимчнөөр хоёр жил ажиллаад Швейцарь улсад таван жил ажиллаж ирээд хэвлэл мэдээллийн салбарт орсон. МҮОНРТ-д анх хөтлөгчөөр орж ажиллаж байсан. Тухайн үед радио, телевиз ч цөөхөн байлаа. Анх хөтлөгчөөр ажиллахад хамгийн их тусалж дэмжсэн хүмүүс бол “Үдшийн хэмнэл” студийн захирал байсан Ч.Батцэнгэл, Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Куланда, Ц.Энхбат, М.Наранбаатар захирал нар. Сэтгүүлч мэргэжлээр огт суралцаж байгаагүй ч сэтгүүлч, редактороор мэргэшээд явсан. Ажиллах хугацаандаа Дотоод хэргийн их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Ер нь аль болохоор өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, гэхдээ хэзээ ч урлагаасаа холдоогүй. 2020 2024 онд улстөрийн албан хаагч болж ажиллаад, 2024 оны долдугаар сараас эргээд МҮОНРТ-д ажиллаж байгаад 2025 оны аравдугаар сарын 21-ний өдөр УБТЗ-ын Х.Хэрлэн даргатай уулзаж, УБТЗ-ын чуулгад ирж ажиллахыг санал болгосон. Тэр утгаараа би урлагийн “тайзны ар” болон “тайзны өмнөх” аль алинд нь байсан хүн. Миний удам ч урлагтай салшгүй холбоотой. Манай гэр бүл, ойр дотнын хүмүүс бүгд өөр өөрийнхөөрөө Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Миний аав Сүхийн Бадарч Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Улсын ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байсан уран бүтээлч. Тухайн үед “Буурал аав” хэмээх сайхан дууг анхлан амилуулж, олонд хүргэсэн хүмүүсийн нэг. Дараа нь нийтийн үйлчилгээ, соёлын байгууллагад ажиллаж байсан ч урлагтайгаа насан туршдаа холбоотой явсан хүн. Ээжийн тал ч мөн адил Монголын урлаг, соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн хүмүүс. Манай нагац талд Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Ванган гэж Монголын тайз, кино урлагийн том төлөөлөгч, түүний дүү Л.Нацаг Монголын циркийн урлагийг үндэслэхэд хувь нэмэр оруулсан. нагац ах зөвхөн жүжигчин биш, хөгжимчин, зохион бүтээгч гээд олон талын авьяастан. Ээжийн дүү нарын дунд МУГЖ цолтой, олонд “гажиг Гармаа” нэрээрээ танигдсан Ч.Алтан-Өлзий бас миний нагац ах юм. Ийм л хүмүүсийн үр удам учраас би багаасаа л урлагийг зүгээр нэг сонирхол биш, амьдралын орчин, амьсгал шигээ мэдэрч ирсэн гэж хэлж болно. Миний хань Б.Сарантуяа бол урлаг судлалын ухааны доктор, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой. СУИС, Уран зургийн галерей, ДБЭТ, Үндэсний музей зэрэг олон байгууллагад багш, судлаач, захирал, удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай. Эцэст нь миний багш нар ч урлагийн замыг минь тодорхойлсон хүмүүс. Би морин хуурч, МУГЖ Ё.Батбаяр багшийн шавь. Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуур, виолончель хөгжмөөр, Г.Ганчимэг, Ш.Дуламсүрэн зэрэг мэргэжлийн багш нараараа хичээл заалгаж явсан. Энэ бүхэн намайг өнөөгийн ажил, байр суурь руу чиглүүлсэн. Тиймээс “Хөтлөгч яагаад чуулга удирдаж байна вэ” гэдэг асуултын хариулт их энгийн. Би өнөөдөр Төмөр замын чуулгыг удирдаж байна гэдэг нь гаднаас орж ирсэн, огт өөр хүн энэ салбарыг удирдаж байгаа хэрэг биш юм. Харин ч энэ бол өөрөө урлагийн систем дотор өссөн, ойлгосон, мэдэрсэн учраас зөв сонголт гэж би харж байна. Зөвхөн хөгжимчнөөр биш, удирдлага зохион байгуулалт, телевизийн бүтээл, соёлын менежментийн чиглэлд ажиллаж туршлага хуримтлуулсан. Төмөр замын чуулгыг удирдах болсон нь миний хувьд хувь тохиол, мөн итгэл гэж хардаг. Энэ итгэлийг алдахгүй ажиллах нь хамгийн чухал зорилго юм.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд тань амжилт хүсье.
П.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
