Нүүр Энэ сэдвээр Б.Юлхарсүрэн: Бээжингийн галт тэргийг ирэх сарын 04-нөөс аялуулна
Энэ сэдвээр

Б.Юлхарсүрэн: Бээжингийн галт тэргийг ирэх сарын 04-нөөс аялуулна

G.Press 3 долоо хоногийн өмнө 29 үзэлт 0 сэтгэгдэл

Зорчигчийн галт тэрэгний өнөөгийн нөхцөл байдал, парк шинэчлэлт, тулгамдсан асуудал, цаашдын бодлого зорилтын талаар Зорчигч тээврийн албаны дарга Б.Юлхарсүрэнтэй ярилцлаа.

 

-Та Зорчигч тээврийн албаны даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Албаны дарга болсноор зорчигч тээврээ хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж, зорчигчдын ая тухтай байдлыг хангахын тулд юу хийж байна вэ?

-Зорчигч тээврийн үйлчилгээ бол нэг талаар УБТЗ-ын нүүр царай болж байдаг учраас бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын төлөө үргэлж анхаарч ажилладаг. Ихэнх зорчигчийн вагонуудын ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тул бидэнд хүндрэлтэй асуудлууд байгаа. Гэсэн хэдий ч бололцооныхоо хэрээр шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.   

Манай албаны хамт олон үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зорчигчдын аюулгүй, тав тухтай, хүртээмжтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн ажилладаг. Юуны өмнө зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ашиглалтын хугацаа дууссан вагонуудыг үе шаттайгаар ашиглалтаас хасаж, зорчигчийн вагоны парк шинэчлэлийг эхлүүлэх бодлогыг баримталж байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний чанар, зорчигчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Зорчигч, үйлчлүүлэгчдээс ирж буй санал, гомдлыг нэгтгэж үзвэл, зорчих тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор вагоныг шинэчлэн сайжруулах, галт тэрэгний зогсоолууд дээр вагоны ариун цэврийн өрөөг тогтмол ажиллуулах, вагонд зорчих үед нүүрс, түлшний үнэр үнэртэх, агааржуулалт, сэрүүцүүлэх тоног төхөөрөмж байхгүйгээс вагоны дотор бүгчим, халуун болох зэрэг санал гомдол тогтмол ирж байна. Эдгээр санал гомдол нь манай зорчигчийн вагонууд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, хуучирч муудсантай холбоотой. Эдгээрээс харвал зорчигч тээврийн парк шинэчлэлтийг яаралтай зайлшгүй хийх шаардлагатайг харуулж буй хэрэг юм. Цаашид бид үе шаттайгаар дараах чиглэлд анхаарч ажиллахаар зорьж байна.

Урд чиглэл буюу холын зайд зорчих зориулалттай, багтаамж өндөртэй 64 хүний суудал бүхий хоёр давхар вагон аялуулах, харин хойд чиглэл буюу хот хооронд дизель галт тэрэг, моторт вагон аялуулах нь тохиромжтой гэж үзсэн. Ингэснээр зорчигч тээврийн үйлчилгээг илүү орчин үеийн, хүртээмжтэй, зорчигч төвтэй хэлбэрт шилжүүлэх зорилтод нийцнэ.

- Дэлхий нийтээр түлшний үнэ өссөнтэй холбогдуулан УБТЗ хэмнэлтийн горимд шилжиж, танаж болох бүхий л зардлаа хэмнэж эхлээд байна. Энэ хүрээнд зорчигчийн зарим чиглэлийн галт тэргийг нэгтгэхээр болсон. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тавдугаар сарын 04-нөөс зургадугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар–Сайншанд–Улаанбаатар чиглэлийн 286/285 дугаар зорчигчийн галт тэргийг зөвхөн Баасан, Бямба, Ням гарагуудад туршилтаар аялуулах шийдвэр гарсан. Туршилтын хугацаанд зорчигч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, галт тэрэгний дүүргэлтийн үзүүлэлт зэргийг үндэслэн цаашдын зохион байгуулалтын талаар зохих шийдвэрийг гаргана.

-Алдагдалтай зарим тээврийн тарифыг индексжүүлэх бодлогын хүрээнд зорчих тасалбарын үнийг тодорхой хувиар нэмсэн шүү дээ. Алдагдлаа бүрэн бууруулахын тулд дахиад ч нэмэх шаардлагатай гэж үздэг. Гэтэл зорчигчийн тасалбарын үнэ нэмсэн учир вагон болон доторх эд хэрэгсэл гээд бүх зүйл нь шинэчлэгдэх ёстой гэж хүмүүс санал гомдлоо ирүүлдэг талаар та дээр хэллээ. Энэ хэр боломжтой вэ?

            -Тарифын индексжүүлэлт хийсэн нь зорчигч тээврийн алдагдлыг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагаас үүдэлтэй шийдвэр. Иргэд олон нийт тасалбарын үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн гэхээр УБТЗ-ын зорчигч тээвэр учиргүй их ашигтай ажиллаж буй мэтээр ойлгоод байх шиг байгаа юм. Яг үнэндээ тасалбарын үнийг ашигтай биш, алдагдалгүй болгох түвшинд л нэмсэн. Гэсэн хэдий ч бид зорчигч тээврийн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах шаардлагатай арга хэмжээг боломжоороо хийж хэрэгжүүлж байна.

-Одоогийн байдлаар Зорчигчийн вагон депо хэдэн вагонтойн хэчнээн нь ашиглалтын хугацаа дууссан бэ?

-Энэ оны гуравдугаар сарын 06-ны өдрийн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны эчнээ хурлаар ашиглалтын хугацаа нь дууссан зорчигчийн 45 вагоныг актлах шийдвэр гарсан. Ингэснээр 249 вагоноос 45 нь хасагдаж, одоогийн байдлаар 204 вагон зорчигч тээвэрт ашиглагдахаар үлдээд байна. Үлдсэн эдгээр вагоны 64 нь ч мөн ашиглалтын хугацаа дууссан вагонууд шүү дээ.

-Таны хэлсэнчлэн 64 хүний суудалтай, хоёр давхар гэх мэт шинэ вагонууд авчихвал сайхан юм. Ер нь, нийт хэчнээн вагон шинээр авсан тохиолдолд өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж чадах вэ. Ойрын хугацаанд паркад шинэчлэлт хийх үү?

-Одоогийн байдлаар зорчигчийн 45 вагоныг акталж, тээврээс хассантай холбоотойгоор хоногийн зорчигч тээвэрт ашиглагддаг нийтийн болон унтлагын вагоны хүрэлцээ хомсдоод байна. Хэрэв нэмэлтээр 64 вагон актлах нөхцөл бүрдвэл зорчигч тээврийн үйлчилгээ тасалдах, доголдох бодит эрсдэл үүснэ. Иймээс өнөөгийн хэрэгцээг бүрэн хангахын тулд актлах вагонуудын тоотой уялдуулан парк шинэчлэлтийг зэрэгцүүлэн хийх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, вагон актлах үйл явцыг шинэ вагон худалдан авах, парк шинэчлэх ажлуудтай уялдуулж хэрэгжүүлэх нь илүү оновчтой шийдэл юм.

-Вагоны үйлчлэгчдийн ажлын нөхцөл их хүнд харагддаг. Тэдний ажлын ачааллыг хөнгөлөхөд технологийн болон бусад ямар шийдлүүд байж болох вэ?

-Вагоны үйлчлэгчийн ажил зорчигчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна өвлийн улиралд вагоны доторх температурыг тогтмол барих зорилгоор галлагаа хийх шаардлагатайгаас шалтгаалан нэлээд хүнд нөхцөлтэй байдаг. Ялангуяа, гар аргаар галлах нь шөнийн цагт давтамжтай хяналт хийх, түлштэй харьцах, хүйтэн орчинд ажиллах зэрэг биеийн болон сэтгэл зүйн ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ ачааллыг бууруулах шийдлүүдийг шинээр хэрэгжүүлж байна. Үүнд, төвлөрсөн цахилгаан хангамжтай зорчигчийн галт тэрэг төслийг эхлүүлсэн. Энэ нь, вагоны халаалтыг төвлөрсөн цахилгаан эх үүсвэрээс хангах нөхцөлийг бүрдүүлж, галлагааг бууруулах зорилготой.

Мөн вагоныг нэмэлт цахилгаан халаагуураар тоноглох технологийг нэвтрүүлэх ажил эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 10 вагоныг уг системээр тоноглож дуусаад байна. Энэ нь вагоныг зориулалтын зогсоол болон замд байрлах хугацаанд цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлэх юм. Дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр вагоны үйлчлэгчдийн хамгийн хүнд ачаалал болох гар аргаар галлагаа хийх ажлыг бууруулж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах боломжтой.

-Улаанбаатар-Москва чиглэлийн "Нарлаг Монгол" галт тэрэг аялж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Харин энэ галт тэрэг сүүлийн үед явахгүй байгаа. Ойрын хугацаанд дахин аялуулж эхлэх зорилт бий юу. Эсвэл Оросын талаас галт тэрэг аялуулах боломжтой юу?

-Уг асуудал “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замуудын зорчигч тээврийн комиссын хурал”-аар шийдэгдэнэ. Мөн ОХУ болон Украины хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус чиглэлд зорчих зорчигч, жуулчдын тоо буурсан. Түүнчлэн, зорчигчийн вагоны ашиглалтын хугацаа дууссантай уялдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрт аялуулах техникийн шаардлага хангасан вагоны хүрэлцээ хомс зэрэг шалтгаанаар Москва чиглэлд зорчигчийн галт тэрэг аялуулах хугацаа одоогоор тодорхойгүй байна.   

-Мөн Бээжингийн галт тэрэг аялсны 40 жилийн ой болж байна. Тиймээс та бүхэн "Нарлаг Монгол" галт тэрэгний 50, Бээжингийн галт тэрэгний 40 жилийн ойн хүрээнд ямар ажил төлөвлөж байна вэ?

- Бээжингийн чиглэлийн УБТЗ-ын 24/23 дугаар галт тэрэг нь цар тахлын дараах анхны аяллаа ирэх сарын 04-ний өдрөөс сэргээхээр болсон. Энэ нь тус чиглэлийн галт тэрэг аялсны 40 жилийн ойтой давхцаж байгаатай холбогдуулан бидний зүгээс ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган зохих ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.