Өвлийн жавар, үзэгчийн зовхи
Хамт цантдагийн учир
Өмнүүрээ өнгөрөх галт тэргэн дунд
Үнэндээ нүд цавчихаас айдагийн учир
Жил, сар, өдөр, хоног, цаг, хормууд
Жирээгээ даган галт тэргэнд нас нэмэхэд
Жижиг, том, хүнд, хөнгөн ямар ч гэмтлийг
Жирийн үзэгч алдахгүй гэсэндээ тэр юм
Хаврын цас, үзэгчийн гутал
Хамт ханзардагийн учир
Хором бүхэнтэй уралдаж алхдаг
Хоёр хөлөөс илүү гутал нь түрүүлж ядардагийн учир
Ирээд буцдаг ч гэлээ
Эргэж ирдэг галт тэргэндээ
Эвдрэл гэмтэл байлгахгүй гэж
Итгэлтэй байх гэсэндээ тэр юм
Өглөө, оройд гэртээ ирсэн ч
Үүрэглэх нойрондоо унтаж амарсан ч
Өрцөн дээрээс нь нэг л зүйл
Өндийж татаад уядагийн учир
Очих мөрөндөө галт тэрэг нь
Осол авааргүй хүрчээ гэвэл
Үндсэн ажил нь сая л дуусч
Үзэгчийн сэтгэл амардаг болохоор тэр юм
Ус, цас, бороо, шуурга аль нь ч бай
Урт цуваа тэнхээ мэдэн аяладаг
Урсах замдаа зогсох эрхгүй галт тэрэг
Урдаас угтан тосох үзэгчийг хараад баярладгийн учир
Аялж ирсэн галт тэрэг бүр чинь
Амьсгалж үзэгчид чагнуулдаг болохоор
Баталгаатай аялаж үүргээ гүйцэтгэхээр
Баримт гардаж үдүүлдэг болохоор тэр юм
Хатуу чанга ган болд төмөр
Хаанаас нь ч харсан өө сэвгүй вагон ч
Тогших алхны жингэнсэн дуунд
Торох гэмтлээ хэлдэгийн учир
Мянга мянган эд ангийг
Мм-ээр хэмжиж засдаг болохоор
Хашир үзэгч тогшиж тэмтрэхдээ
Хэл нэвтэрч ярьдаг болохоор тэр юм
Зүгээр л нэг засаад өнгрөх гэмтлүүд биш
Цагийн зүүтэй уралдаж хийдэг ажлууд
Зөрөөд өнгрөх галт тэрэг бүр чинь
Цаанаа бол баталж даасан эзэнтэй вагонууд
Алханы чимээ төмрийн дуу аль аль нь
Амь нас, эд хөрөнгийн баталгаа, чанарын шалгалт
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Угтаа бол үзэгчийн ажил бидний мэргэжил
Бид
Гурван бээрийн холоос ч гэмтэл жирийнийг ялгах
Ган төмрийн хэлийг мадаггүй мэдэх сонсоочид
Бид
Бат хатуу төмрийг гарынхаа үзүүрт чагнах
Бариач илээчээс илүү ган тэмтрэх мэдрээчид
Бид
Арван дөрвөн мянган эд ангин дунд
Алаг нүд цавчилгүй цэц шалгах хараачид
Бид
Улайссан төмрийн хэмжээ салхинд туугдах хэлийг
Утаагүй таних шинжээч сэв мэдрэх үнэрлээчид
Бид
Ажил мэргэжил чадвар амьдралынхаа амтыг
Алдаа эндэлгүй гүйцэтгэх азанд итгэдэггүй амтлаачид
Бид
Галт тэргэн дундаа
Гандах завгүй ажиллах
Гартаа алхтай бүсэндээ газовтай
Ган төмрийн эмч вагон бүрийн үзэгчид ээ
Сайншанд ТҮГ-ын вагон үзэгч-засварчин Б.Батжаргал.
