УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын нарийн бичиг бөгөөд Тээврийн хяналтын албаны харуул хамгаалалт, галын аюулгүй байдал хариуцсан байцаагч Б.Гансүхээс Баянтүмэнд гарсан ой хээрийн түймрийн талаар тодрууллаа.
-Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт гарсан хээрийн түймрийн улмаас Баянтүмэний төмөр замд багагүй хохирол учирсан мэдээлэл байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Уг хээрийн түймрийн эх үүсвэрийг урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Шиншинь” гэх Хятадын хөрөнгө оруулалттай компанийн цахилгаан дамжуулах шугамын гэмтлээс гарсан гэж үзэж байгаа. Эхний түймэр төмөр замаас урагш зургаан км зайтай газарт гарсан. Түймрийг унтраахад Баянтүмэн тасгийн төмөр замчид дайчлагдан нэмэлт хүчээр очиж, төмөр замаа галаас хамгаалж ажилласан. Аймгийн Онцгой байдлын газраас хоёр бүлэг, орон нутгийнхан оролцож, түймрийг 28-нд нь унтраагаад цурманд оруулж, Чойбалсан сумандаа хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл тавдугаар сарын 1-нд 28-нд унтраасан түймрийн хүлэр цурамнаас алдагдаад дахин түймэр гарсан. Үүнийг тавдугаар сарын 4-нд унтраасан. Уг түймрээс нэлээд хор хохирол учирсан.Хээрийн түймрийг унтраахад манайхаас галт тэрэг, автомашин, 160 гаруй төмөр замчин гурван өдөр ажиллаж байж түймрийг унтраасан.
-Хоёр дахь түймэрт төмөр замын модон дэр, холбооны шугамын шонгууд өртсөн гэсэн?
-Одоогийн байдлаар, 17 мянган модон дэр, холбооны шугамын 373 ширхэг шон түймэрт өртсөн гэсэн тоо гарсан. Үүнтэй холбогдуулаад Замын Ерөнхий инженерийн цахилгаан гарч, Баянтүмэн тасгийн нөөцөд байсан болон бүх гол замын Замын ангиуд, Дохиолол холбооны ангиудаас нөөц материалыг татаж сэргээн босгох ажлыг хийж байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна. Зөвхөн төмөр зам гэлтгүй орон нутаг, ард иргэдэд багагүй хохирол учруулсан, ОХУ болон БНХАУ руу уг түймэр алдагдсан. 17-18 айлын өвөлжөө, хашаа байшин, гэр түймэрт өртсөн. Орон нутгийн Онцгой байдлын комисс хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.