Оны өмнө Эрхэт зөрлөгт төмөр замчдын сууц гал түймэрт өртсөн харамсалтай тохиолдол гарсан. Галын шалтгаан, цаашид анхаарах зүйлсийн талаар Тээврийн хяналтын албаны  гал, харуул хамгаалалт хариуцсан байцаагч Б.Гансүхээс тодрууллаа.

 

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Эрхэт зөрлөгт замчдын сууцанд гал гарсан. Одоогоор галын дүгнэлт нь гараагүй, цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар, цахилгаан ашиглалтын журам зөрчсөнөөс үүдэж гал гарсан гэж дүгнэж байгаа. Тодруулбал, шинэ жилийн гацуур модны гэрэлтүүлгээс шалтгаалсан шилжилтийн эсэргүүцэл үүсэж гал гарсан байх магадлал өндөр байна. Хэргийн газарт хийсэн үзлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээс урьдчилсан дүгнэлт хийхэд ийм байна. Уг дөрвөн айлын сууцанд Замын I ангийн замчин хоёр айл, “Ган зам” сүлжээ дэлгүүр байсан.

Энэ гал түймэр дээр анхны дуудлагаар Салхит дахь ЦХА-ийнхан очиж ажилласан. Гал нэлээд тархсан байсан учир Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал унтраах, аврах 22 дугаар ангийг нэмэлтээр дуудаж ажиллуулсан. Гал унтраах үйл ажиллагаа 5-6 цаг үргэлжилсэн. Уг дан байрны 70 орчим хувь нь шатсан.

 

-Дээр гарсан хэрэгтэй холбогдуулан шугам замын технологийн байшингуудад галын үзлэг шалгалт хийх, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

 

-Ер нь, шугам замын дан байшингууд насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан.  Ихэнх нь 1950-1960-аад онд баригдсан. Модон барилгын ашиглалтын хугацаа  50 жил байдаг. Гэтэл ихэнх дан байшин 70 гаруй жилийн насжилттай.

Барилгын үндсэн хийц нь хэт их хуурайшилтай модон материал, дээр нь цахилгааны монтаж нь нэлээд муудсан.  Барилга орон сууцны алба, ангиас бололцоотой бүх засвар үйлчилгээг хийдэг ч цахилгааны монтаж хуучирч муудсан тул галын эрсдэл өндөр хэвээр байна.

Өвлийн улиралд айл өрхийн гал нэлээд гарч байна. Энэ өвөл Эрхэт зөрлөгт гарсан галаас гадна хойд чиглэлд төмөр замчдын хувийн орон сууц болон бусад өмч шатсан тохиолдол гурван ч удаа гарлаа. Төмөр замчдад сэрэмжлүүлж хэлэхэд хүйтний улиралд нэмэлтээр цахилгаан халаагуурыг ихээр ашиглаж байгаа нь гал гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.  

УБТЗ-ын Гал түймэртэй тэмцэх комиссоос чиглэл өгч гал түймрийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өнгөрсөн оны сүүлчээр болон он гарсны дараа ч гаргасан. Мөн төмөр замчдын галын хэргийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ЦХОБА-ны харьяа анги, салаадын дарга, алба хаагч нараар дамжуулан сургалт, сурталчилгааны ажлыг хийж байна.

 

-Байгууллагуудад гал унтраагуур болон гал унтраах багаж хэрэгслийг зайлшгүй байх ёстой гэж үздэг. Тэгвэл төмөр замын технологийн орон сууцнуудад ийм зүйл шаардлагатай юу?

 

-2022 оноос Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын шийдвэрээр галын аюулгүй байдлын стандарт нормыг хангах зорилгоор төмөр замын хувьчлагдаагүй дан байрнуудад угаарын хий мэдрэгч, гал унтраагуур байрлуулсан. Гэвч төмөр замчид маань гал түймэр гарсан үед айж сандрах, гал унтраагуур ашиглах заавар, технологийг нь мэдээгүйгээс үр дүнтэй ашиглаж чадаагүй тохиолдлууд гарч байна. Гал унтраагуур нь 1.5-3 метрийн зайнаас цацах зориулалттай. Гэтэл хэт холоос цацснаар галын нунтаг хор галын голомтод хүрээгүйгээс галыг унтрааж чадаагүй, үр дүнгүй цацсан тохиолдлууд нэлээд ажиглагдаж байна.

Дулаан үйлчлэлийн бүс гэж байдаг. Галд ойртохоор өөдөөс өндөр халуунаар төөнөдөг. Түүнээс нь айж, сандарч гал унтраагуурыг үр дүнтэй ашиглаж чадаагүйгээс гал дэлгэрч, байдал хүндэрдэг.

Энэ ташрамд дурдахад, Эрхэт зөрлөгийн төмөр замчид маань гал түймэр гарах үед маш шуурхай ажиллаж, “Ган зам” сүлжээ дэлгүүрийн 578 нэр төрлийн 17 сая гаруй төгрөгийн бараа материалыг шуурхай гаргаж, гал түймэрт өртөхөөс авран хамгаалж чадсан байсан.

 

 

Б.Гүнжинлхам