Нүүр Дугаарын сурвалжилга Б.Гансүх: ЦХОБА-ны гал сөнөөгч нар олон улсад ажиллах хэмжээний мэдлэгийг эзэмши...
Дугаарын сурвалжилга

Б.Гансүх: ЦХОБА-ны гал сөнөөгч нар олон улсад ажиллах хэмжээний мэдлэгийг эзэмшиж байна

G.Press 3 жилийн өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тээврийн хяналтын албаны гал, харуул хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч бөгөөд ГХШ-ийн нарийн бичгийн дарга Б.Гансүхээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Хаврын хуурайшилттай холбоотойгоор Замын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуульд “Гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны хугацаанд гал түймрийн аюултай үе” гэж заасан байдаг. УБТЗ-ын хэмжээнд хавар, намрын хуурайшилтын үед гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах ажлыг уламжлал болгон хийж ирсэн. Энэ жилийн тухайд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд хуурайшилтын селекторыг зохион байгуулж, бүх аж ахуйн нэгжийнхээ санал санаачилгыг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүний мөрөөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 129Б тоот цахилгаан гарч, одоо хэрэгжилтийн шатандаа явж байна. Зарим аж ахуйн нэгж, хэлтсүүдийн албадын дарга нар нь сонсох чиглэлийг өгсөн. Тайлангууд нь нэгтгэгдээд ирчихсэн байна. Ерөнхийдөө галын аюулгүй байдлыг УБТЗ-ын хэмжээнд хангасан гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч болзошгүй ойн хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр. Дөрөвдүгээр сар гарсаар хор хохирол дагуулаагүй. Төмөр замын аюултай бүсэд буюу хориг хашааны дотор гал гарсан зөрчил гурван удаа бүртгэгдээд байна. дагуулаагүй. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтуудыг хийж байна. Тухайлбал, урд хэсэглэлийн аж ахуйн нэгжийн удирдлагыг “Баянбуурал”-д цуглуулан гамшгаас сэргийлэх сургалт хийлээ. Түүнчлэн тактик, тархалтын сургалтуудыг олон газар зохион байгуулж байна. Хуурайшилын үетэй холбогдуулаад гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас зааварчилгаа, хичээл авах давтамж эрс нэмэгдээд байна. Мөн “Ган зам” сониноор дамжуулан удаа дараа сэрэмжлүүлэг бэлтгэн гаргаж байгаа.

-Төмөр замаар тэсрэх дэлбэрэх аюултай ачаа явдаг. Зарим аж  ахуйн нэгжүүдэд шатах тослох төрлийн бүтээгдэхүүн ч их хэмжээгээр агуулагддаг гэдгээрээ хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Энэ ч утгаараа төмөр замчдын галт түймрээс урьдчилан сэргийлэх, гал гарсан үед ажиллах мэдлэг чадвар хангалттай хэмжээнд байж чадах уу?

-Харилцан адилгүй байна. Галын аюулгүй байдалд онцгой анхаардаг хүмүүс мэдлэг мэдээллээр сайн газрууд бий. Нөгөө талдаа галын аюулгүй байдлыг хоёрдугаарт тавьдаг салбар нэгжүүд ч байна. Энэ бүрт бид тодорхой шаардлага тавьдаг. Саяхан л гэхэд Замын даргын баталсан тушаалын дагуу хуурайшилтын үед аж ахуйн нэгжүүдийнхээ санал санаачилгыг сонсдог уламжлалт хурлыг зохион байгуулсан тухай би дээр цухас дурдлаа шүү дээ. Энэ хуралд Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа аж ахуйн нэгжүүд болох Замын-Үүд, Эрдэнэт, Багануур зэрэг өртөө зөрлөгүүд, АБТЭМА-аас оролцсон. Тухайн аж ахуйн нэгжүүдийн тавьж байгаа асуудал дундаас анхаарал татсан зүйл ч цөөнгүй байна. Үүнтэй холбогдуулж тухайн байгууллагын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Хэрэгжилтийг Замын даргын үзлэгийн хүрээнд шалгаад явна. Шатах тослох материалын хувьд улсын онц аюултай объектууд, ялангуяа Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа нэгжүүдэд үзлэг шалгалт хийх тухай Монгол Улсын шадар сайдын удирдамж батлагдсан. Үүний дагуу ажиллаж заавар зөвлөмжүүдийг өгч, илэрсэн зөрчлийг арилгаад явж байна.

-Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдлэг мэдээлэл нь хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд гол анхаарах зүйл юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хорио цээрийн дэглэм мөрдөгдсөн учраас олон хүн нэг анги танхимд цугларч, сургалт, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээнд оролцох боломжоор хомс байлаа. Энэ байдал ч нөлөөлсөн байж болох юм. Төмөр замчдын галын хэргийн мэдлэг урьд урьдны жилүүдээс харьцангуй муудсан. Хөдөлмөрийн тухай хууль болоод ХАБЭА-н тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн аль алинд нь бий. Аливаа аж ахуйн нэгжийн ажилтан галын аюулгүй байдлын тухай анхан шатны мэдлэгийг эзэмшсэн байх ёстой. Хуулийн заалтаа нарийн мөрдвөл тухайн мэдлэг мэдээллийг эзэмшиж чадаагүй хүнийг ажлын байранд нь тэнцүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг ч тавьдаг. Энэ шаардлагыг манай төмөр замчид бүрэн хангаж чадаж байна уу гэвэл учир дутагдалтай. Жишээ нь, гал унтраагуур бидний хамгийн түрүүнд ашиглах шаардлагатай зэвсэглэмж шүү дээ. Гэтэл энэ зэвсэглэмжийг хэдэн метрийн зайнаас, хэрхэн ашиглах вэ гэдгээ огт мэдэхгүй.  Тэр ч бүү хэл гар гарсан үед дуудлага өгөх утасны дугаараа мэдэхгүй. Удирдлагадаа мэдэгдэх, галын бүлгэмийг цуглуулах, ажиллуулах зохион байгуулалтыг хийх зэргээр анхан шатны мэдлэгээ эзэмшээгүй ажилтнууд маш олон байна. Тийм ч учраас ЦХОБА-ны анги, салаадын дарга нараар дамжуулан дээрх төрлийн мэдлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна. Хүмүүсийг танхимд суулган хууль дүрэм яриад байхаас илүү гадна газар дээр нь дуурайлган үзүүлэх чиглэлийн дадлага сургуульд анхаарч байна.  Энэ ч утгаараа 2023 онд УБТЗ-ын ГХШ-аас нийт 12 төрлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Дорнодын Онцгой байдлын газартай хамтран зохиомлоор хээрийн түймэр тавьж унтраах, Сайншандад сэргээн босголт болон галын галт тэргийг газар дээр нь аваачиж, зангилааны хэмжээнд зохион байгуулах зэргээр томоохон ажлыг төлөвлөөд байна.

-УБТЗ-ын хэмжээнд гарсан галын дуудлага ЦХОБА-ны харьяа ангиудад хамгийн түрүүнд очдог байх. Тус ангиудын хувьд материаллаг бааз хэр хангалттай байна вэ?

-ЦХОБА-ны хувьд нийт таван ангитай. Үүнд гурван галын галт тэрэг бий. Техник хэрэгслийн хувьд хуучирч, муудсан тал бий. Гэхдээ бүр мөсөн зогсчихоогүй. Тодорхой засвар үйлчилгээг нь хийгээд явж байна. Цаашид ялангуяа галын автомашинуудыг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гал сөнөөгч нарын хэрэглэдэг зэвсэглэмжүүдийг үе шаттайгаар шинэчилж байна. Жишээ нь, манай гал сөнөөгч нар Онцгой байдлын газруудад ашигладаг амьсгалын бие даасан төхөөрөмж, дулаан эсэргүүцэх хувцас зэргээр хангагдаж байна. Энэ мэтчлэн 2025 он хүртэл бодлогын хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Гал сөнөөгч нарын мэдлэгийн хувьд ДХИС-ийн чадавхжуулах сургалтад хамрагдсан. Энэ сургалтад хамрагдсан хүн зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус олон улсын нутаг дэвсгэрт гал унтраах, аврах үйл ажиллагааг явуулах эрх бүхий субъект болж буйгаараа онцлогтой.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.