Нүүр Энэ сэдвээр Б.Энхдалай: Монгол бичгийн хөрвүүлэх программ зохиох санааг аав минь анх хэлж ба...
Энэ сэдвээр

Б.Энхдалай: Монгол бичгийн хөрвүүлэх программ зохиох санааг аав минь анх хэлж байсан

G.Press 1 жилийн өмнө 277 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Дохиолол холбооны албаны инженер Б.Энхдалай Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Оюунлаг хүн” номинацид нэр  дэвшжээ. Тэрбээр, үндэсний бичгийн алдаа шалгагч, хөрвүүлэгч программыг зохиосон байна. Мэдлэг, ур чадвараа ашиглан олон жил хөдөлмөрлөж хийсэн түүний бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл баталж, энэ сард багтааж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. Инженер Б.Энхдалайтай уулзаж ярилцлаа.  

 

-Та өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Баатарын Энхдалай гэдэг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат. Арван жилийн дунд сургуулиа Дархан хотод дүүргээд, Ленинградын ТЗДС-д элсэн суралцсан. 1982-1987 онд суралцаж төгсөөд Дарханы Дохиолол холбооны I ангид анх ажилд орж байлаа. Зүүнбаянд цэргийн албаа хааж ирээд 1988 оны аравдугаар сард ажилдаа буцаж орсон. 1998 онд хотод ирж УБТЗ-ын шилэн кабелийн төсөлд төмөр замын холбооны супервайзер, 2002 УБТЗ-ын Дохиолол холбооны албанд инженер, 2005 оноос Рейлком төвд ерөнхий инженер, даргын үүрэг гүйцэтгэгч, 2014 онд Дохиолол холбооны албанд ирж радио холбоо, видео камер хариуцсан инженерээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 

“Оюунлаг хүн”-ийг хэрхэн шалгаруулдаг вэ?

 

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг “Оюунлаг хүн”, “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч”, “Энэрэнгүй үйлстэн”, “Соёлч өрх” зэрэг 11 номинациар тодруулдаг гэсэн.  Цагаан сарын баярын өмнөхөн шалгаруулдаг. Би “Оюунлаг хүн” номинацид нэр дэвшсэн. Ярилцлага авч, нэвтрүүлгийн үзэлт, твиттер, фэйсбүүк хуудсаар лайк дарсан тоогоор тодруулдаг  юм байна.

 

-Холбооны инженер хүн үндэсний бичгийн алдаа шалгагч, хөрвүүлэгч программ зохиожээ. Та программист мэргэжил давхар эзэмшсэн үү?

 

-Аав минь анх санааг надад хэлж байсан. Миний аав монгол хэл, уран зохиолын багш хүн. Анх компьютер хэрэглэж эхлэх үед монгол бичгийг компьютер руу оруулж үзээд л эхэлж  байсан. Хобби маягаар оролдож байсан юм. Кирилл, монгол бичгийн алдаа шалгадаг, текстээ хуулж тавиад үгийн алдааг шалгадаг, кирилл, монгол бичиг рүү хөрвүүлдэг систем, өгөгдлийн программ хангамжийг нийтийн хэрэглээнд зориулж хийсэн. Олон жилийн бүтээл л дээ. Ажлын завсраар хийчихээд заримдаа сар, жилээр ч орхичихно, дараа нь нэг барьж авах зэргээр энэ программыг бүтээсэн.

 

-Таны зохиосон монгол бичгийн хөврүүлэгч программын давуу тал юу вэ?

 

-Хос үйлдэлтэй программ гэж ойлгож болно. Үсгийн тоо харгалзахгүй кириллээс үндэсний бичигт шууд хөрвүүлнэ. Алдаа засна гэдгээрээ онцлог. Хөрвүүлэх үгэн дээрээ дарахад кирилл, монгол бичгээр харагддаг. Огт мэдэхгүй хүн энэ программыг ашиглахад давхар суралцаад явах боломжтой энгийн байдлаар зохиосон. Дүрс ялгаж бичсэн үгүүд гэж байна. Жишээлбэл, ав гэсэн үг байлаа гэхэд ан авын ав , авах гээхийн ав гэдэг үгийг өөр өөрөөр галиглаж бичнэ. Тэр үгнүүдийг сонгох боломжийг программчилсан. Ан авыг бичих тохиолдолд цэнхэр өнгөөр ялгарч харагдана. Тэр үг тайлбартайгаар харагдана. Хөрвүүлэх, үгийн алдаа засах, салаа утгатай үгээ сонгох зэрэг олон үйлдлийг нэг дор хийх боломжийг бүрдүүлсэн.

 

Үндэсний бичгийн алдаа шалгагч, хөрвүүлэгч программыг шууд ашиглаж болох уу?

 

 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлөөс дүгнэлт гарна. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах, ашиглах зэргээс хамгаалах, аюулгүй байдлыг баталгаажуулж шалгуулахаар тайлбарын хамт холбогдох газар нь өгсөн байгаа. Ингэснээр хэрэглэгчийн өгөгдөл нь давхар хамгаалагдана. Тодорхой хэмжээний төлбөр төлөөд программыг ашиглах боломж бүрдэнэ. Оюуны өмчид бүртгүүлж патентаа авсан. 

 

-Монгол бичгийг хэзээ сурсан бэ?

 

-Арван жилд байхдаа монгол бичиг сурсан. Аав маань тэтгэвэртээ сууж монгол бичгээр ном хэвлүүлэхээр болж, тэр үед ном хэвлэдэг программууд үндэсний бичгийн  фонд дэмждэггүй байсан учраас программ зохиож аавынхаа түрэг хэлээр бичсэн гар бичмэлийг монгол бичигт хөрвүүлж ном хийж байсан. Тэр цагт хийсэн үсгийн фондууд өнөөдрийн том программ бичих суурь болсон юм.

 

-Өөр программ зохиох бодол байгаа юу?

 

-Байна аа. Интернэтэд хөшөө дурсгалын бичээсийг монгол бичгээр оруулчих санаатай, цуглуулж байгаа. Судалгааны түвшинд байна.

 

-Та хэдэн хэлтэй вэ?

 

-Орос, англи хэлтэй. Түрэг бүлгийн хэлүүдийг тодорхой хэмжээнд ойлгоно. Испани хэл багадаа үзэж байсан.

 

-Таны зохиосон ямар программыг төмөр замд хэрэглэж байгаа вэ?

 

-Анх 1990 онд Дохиолол холбооны I ангид байхдаа санхүүгийн программ зохиосон нь тэргүүн туршлагаар шалгарч байсан. УБТЗ нэгдсэн программтай болох хүртэл ашиглаж байлаа. Дохиолол холбооны II ангид анхны электро АТС тавигдахад ярианы төлбөр тооцооны программ зохиосныг ашиглаж байна.  Энэ программ шинэчлэгдсэн ч Дохиолол холбооны I, III ангид одоо хүртэл хэрэглэж байна. УБТЗ-ын хэмжээнд цахилгаан мэдээ дамжуулдаг, тэр систем миний зохиосон программ хангамж. 20 орчим жил ашиглаж байгаа. Энэ программыг Эрээн-Замын-Үүд хооронд ашигладаг. Албаны хэмжээнд аттестатчилалын шалгалт авдаг программ хийсэн. Өөр программууд ч  бий.

 

-Нийтийн хэрэглээнд ашигладаг таны зохиосон программууд бий юу?

 

-Үндэсний бичгийн тайлбар толь,  гар утасны аппликейшн, хүүхдэд зориулсан зөв бичгийн дүрэмд сургах тоглоом бүтээж нийтийн хүртээл болгосон.

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 

П.Түмээ 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.