Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги хөрөнгө оруулалтаар Sany маркийн өөрөө явагч кран хоёрыг нэмж худалдан авсан байна. Ингэснээр тус байгууллагын ажлын бүтээмж хэр нэмэгдэх талаар тус ангийн ерөнхий инженер Б.Энхбатаас тодрууллаа.
-Шинээр авсан өөрөө явагч хоёр кранаа ажиллуулж эхэлсэн үү?
-Тиймээ, туршиж үзээд нэгдүгээр сарын 25-наас ажилд орууллаа. Өнгөрсөн жил нэгийг худалдаж авсан байсан. Одоо манайх өөрөө явагч зургаан крантай боллоо. Ложистикийн талбайд транзит, II талбайд импортын чингэлэг шилжүүлэн ачдаг. Тиймээс энэ ачаалал ихтэй хоёр талбайдаа нэг нэгээр нь ажиллуулж байгаа. Шинэ техник авсантай холбоотойгоор Замын удирдлага найман хүний орон тоо баталж өгсөн.
-Хоёр өөрөө явагч кран нэмж авснаар бүтээмж хэдэн хувиар нэмэгдэнэ гэж тооцов?
-Бүгд 24 цагаар тасралтгүй ажиллахад ажлын бүтээмж 66 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон. Өмнө нь II талбайд нэг, Ложистикт хоёр “Sany” үүрэг гүйцэтгэж байсан. Нэг нь засвар үйлчилгээнд ороход бусад нь нөхөх зарчмаар ажиллахад хоногт 200-350 чингэлэг ачдаг байсан. Харин хоёроор нэмэгдсэнээр ачилт маш их нэмэгдэхээр байна. Үүнээс гадна манайх өөрөө явагч крандаа 2000 мот/цагт тосолгоо үйлчилгээ хийдэг. Харин богино эргэлттэй болсноор дугуйн болон тосолгооны элэгдэл 40-50 хувиар буурахаар байна. Ингэснээр эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болно.
-Шинээр өөр техник нэмж авсан уу?
-Сэрээт авто ачигч хоёрыг нэмж авсан. Энэ хоёр ачигчаа II талбайдаа ажиллуулна. Нийт зургаан авто ачигчтай болсноор гурван талбайд авто ачигчийн дутагдалгүй болно. Энэ хэрээрээ ачаа боловсруулалт, бүтээмж маш их нэмэгдэнэ.
М.Наранболд